Ази дахь Ардчиллын залуу манлайлагчдын чуулганыг АНУ зохион байгуулж байна

2017 оны 5 дугаар сарын 3, Улаанбаатар — Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) энэ оны 5 дугаар сарын 2-оос 5-ны хооронд болж буй Монгол, Бирм, Бутан, Кыргызстан улсын залуу манлайлагчдыг хамруулсан чуулганыг нээлээ. Оролцогчид Улаанбаатарт байх хугацаандаа ардчилалд шилжих шилжилтийн талаар ярилцан өөр хоорондоо санал солилцож, үзэл санаагаа хамгаалах чадавхиа сайжуулах юм. Чуулга уулзалт нь ардчиллыг Монголд хөгжүүлэх дараа үеийнхэнийг гаргаж ирэх залуу манлайлагчдад зориулсан АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) LEAD хөтөлбөрийн нэг хэсэг юм.

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт тавьсан илтгэлдээ Монгол улсын залуу манлайлагчдыг АНУ үргэлжлүүлэн дэмжих талаар, мөн АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ойн арга хэмжээний талаар ярьлаа. Энэхүү чуулган нь бүс нутаг дахь үзэл санааг дэмжигчид болон ардчилсан шийдвэр гаргагчдын хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготойг дурдсан юм.

Элчин сайд Галтын хамт Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг байлцаж үг хэлсэн бөгөөд АНУ-ын ОУХА-ийн Филиппин, Номхон далайн орнууд болон Монголыг хариуцсан захирал Др. Сюзан Брэмс мөн байлцлаа.

АНУ-ын ОУХА-ийн хэрэгжүүлж буй төсөл нь 2016 оны 9-р сараас эхэлсэн бөгөөд 2,5 сая ам. долларын LEAD хөтөлбөр нь монголын залуу манлайлагчдыг ардчилал, сайн засаглалын талаарх шилдэг туршлагуудтай танилцуулж, тэднийг засгийн газартайгаа, засгийн газар дотроо үр дүнтэй харьцах чадавхийг нэмэгдүүлэх юм. Энэ долоо хоногт болж буй чуулга зэрэг тогтвортой ардчиллын суурийг тавих олон улсын солилцооны боломжуудын талаар уг хөтөлбөр Монголын залууст мөн сурталчилдаг.

Хөтөлбөрийг World Learning ОУ-ын байгууллага, БНОУХ болон Иргэний Боловсролын Төв ТББ хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдагсад солилцооны айлчлал, иргэний боловсрол, сургалт-зөвлөгөөний дагуу Хотжилт ба ядуурлыг бууруулах, Авилгын эсрэг, Хүрээлэн буй орчны доройтол гэсэн гурван төрлийн өргөн хүрээний бодлогын сэдвээр өөрсдийн мэдлэгээ гүнзгийрүүлдэг байна. Энэ оны эхээр 25-40 насны 30 оролцогч Вашингтон хотноо 3 долоо хоног байж өөрсдийн манлайллын чадвараа сайжруулж, зөрчлийн менежмент, хэвлэл мэдээллийн ил тод байдал, засгийн газар, иргэний эрх чөлөө болон ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй болсон байна. Оролцогчид бүсийн хэмжээний жижиг төслийн санхүүжилтэд өрсөлдөн эдгээр олж авсан мэдлэг чадавхиа ашиглаж байна.

LEAD хөтөлбөрийн оролцогч Б. Болорсайхан “Хувийн хэвшил, иргэний нийгэм аль ч салбарт ажиллаж байсан ялгаагүй та бид илүү ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй иргэний нийгэм буй болгоход хувь нэмрээ оруулж байна” хэмээгээд, “хүн бүр улс орныхоо ард иргэдийн сайн сайхны төлөө гар бие оролцох ёстой гэдгийг энэхүү солилцооны хөтөлбөрөөс ойлголоо” гэсэн байна.

БНОУХ-гийн Суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн: “АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ үед эдгээр урам зоригтой залуу манлайлагчидтай хамтран ажиллахдаа таатай байна” гээд, “Энэ хөтөлбөр нь бүс нутагтаа ардчилалд тайван замаар шилжсэн Монгол орны талаарх түүхийг дамжуулж, мөн дараагийн үеийн манлайлагчдыг хувийн болон мэргэжлийн талаасаа хөгжиж дэвших замыг нь засч өгч байна” гэжээ.

###