АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: “Америкт суралцах боломжоор хангаж Монгол, Америкийн Залуучуудын жилийг тэмдэглэх шиг сайхан зүйл гэж байхгүй”

АНУ-ын Элчин сайдын хувьд Монгол улсад ирснээс хойш хоёр орны ард түмний элэгсэг дотно харилцааг цаг ямагт мэдрэхийн сацуу энэхүү халуун дотно харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх боломжтой гэж би үздэг. Ийм ч учраас Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео нар 2019 оныг Америкийн Нэгдсэн Улс, Монгол улсын Залуучуудын жил болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр өнгөрсөн жил шийдсэн билээ.  Миний бие Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараах албан ёсны анхны арга хэмжээ нь Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатарын хамтаар Залуучуудын жилийн нээлтийг хийх завшаан тохиолдсонд гүнээ талархаж байна.

Энэхүү богино хугацаанд миний нэг анзаарсан зүйл гэвэл олон Монголчууд АНУ-д суралцаж, тэр чинээгээрээ хоёр орны ард түмний харилцаа гүнзгийрэн бэхжиж байгаа явдал юм. АНУ-д төгсөгчдийн идэвхи санаачлагаар үүсгэн байгуулагдсан АНУ-д Төгсөгчдийн холбооны (MASA) гишүүд зэрэг АНУ-ын их дээд сургуульд суралцан төгсөгчид эх орондоо буцаж ирээд өөр өөрсдийн салбартаа манлайлагчид, шинийг санаачлагчид болжээ.  АНУ-ын бие даасан их дээд сургууль, коллежийг төгсөгчдийн бусад бүлгүүд ч сэтгэл бахдам амжилтанд хүрснийг бид харж байна.

Энэ нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд миний үзэж харсан олон үйл ажиллагааны нэгээхэн л хэсэг юм. Энэ хугацаанд би боловсролын болон тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай ярихаар МАСА-гийнхантай хамт Ховд аймагт очлоо. Мөн Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд болсон АНУ-ын Их дээд сургуулийн үзэсгэлэн яармагийн үеэр оюутан залуустай ярилцлаа. ЭСЯ дээр зохион байгуулсан Англи хэл заах аргын ахисан шатны сургалтын хаалтын ажиллагаанд оролцож, Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж буй Англи хэлний багш нартай ч санал солилцлоо. Түүнчлэн Монгол улсад Англи хэл зааж буй Америкийн Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд болон Фулбрайтын Англи хэлний туслах багш нар гээд олон залуустай уулзлаа. Эдгээр залуу хүмүүсийн авъяас чадвар, хүсэл эрмэлзлийг хараад бахархахын хажуугаар Америк, Монголын залуучууд хамтын хүчээр ирээдүйд бидний өмнө тулгарах саад бэрхшээлийг даван туулах чадавхтай гэдэгт би бат итгэлтэй боллоо.

АНУ-ын дээд боловсролын олон тооны институциуд жил бүр цөөнгүй оюутан элсүүлдэг билээ.  АНУ-д суралцахаар тэнцэж, баярт мэдээ сонссон оюутнуудад энэ завшааныг тохиолдуулан баяр хүргэе! АНУ-ын их дээд сургууль, хотхонуудын эрч хүчтэй, нээлттэй бөгөөд чанартай боловсрол амьдралыг нь эерэгээр өөрчлөх тэрхүү шилдэг оюутан залуусын эгнээнд нэгдэж, АНУ-д суралцах урилга авсан та бүхэн өөрсдөөрөө бахархаарай.

Сургуульд тэнцсэн эдгээр оюутнууд АНУ дахь 4,700 гаруй магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд сая гаруй олон улсын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болно. Эдгээр олон улсын оюутнууд АНУ болон дэлхийн бусад улс орнуудын хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай ард түмэн болон олон нийтийн түвшний харилцааг хөгжүүлэх болно.

Бид хэнийг ч орхигдуулалгүй эрх тэгш оролцох эрхийг хангахад анхаардаг учраас АНУ-ын их дээд сургууль, хотхонууд нь ялгаатай байдлыг эрхэмлэн төрөл бүрийн оюутан залуусыг идэвхтэйгээр дэмждэг. АНУ-ын дээд боловсролын хосгүй чанарыг эрх тэгш хуваалцах үүднээс бид энэ бүхнийг эрхэм зорилгоо болгодог. Түүнчлэн олон улсын оюутнууд анги танхимдаа болон нийгэмд өөрийн гэсэн өвөрмөц, өөр хоорондоо ялгаатай үзэл бодлоо хуваалцдаг учраас бид уг зарчмаар ажилладаг. Америкийн их дээд сургууль болон нийгэм, олон нийт олон улсын оюутнуудын мэдлэг, авъяасын нэгээхэн хэсгээс хүртсэнээр харилцан нягт холбоотой дэлхий ертөнцөд хамтын бөгөөд амжилтаар дүүрэн ирээдүйг цогцлооход бид бүхнийг бэлтгэх болно.

АНУ-ын их дээд сургууль, коллежиуд оюутнуудаа аюулгүй орчноор хангаж, элэгсэг дотно хүлээж авдаг бөгөөд та бүхнийг АНУ халуун дотно угтаж авах болно гэдгийг би энд цохон тэмдэглэмээр байна. АНУ-ын олон их дээд сургуулиуд #YouAreWelcomeHere кампанит ажлаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс ирэх оюутнууддаа мэссэж илгээсэн (https://www.youarewelcomehereusa.org).  Өөрсдийн амьдрал, мэргэжлийн зорилгодоо хүрэхэд тань хөтөч болох боловсролын үнэ цэнэтэй боломж олгох чанартай их дээд сургууль, коллежиудаараа АНУ бахархдаг билээ. Ингээд би ч гэсэн тэдгээр их сургуулиудтай нэгдэж та бүхнийг АНУ-д тавтай морилно уу хэмээн урьж байна.

АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцахаар тэнцсэн оюутан залуучуудад баяр хүргэхийн сацуу, цаашид АНУ-д суралцах чин хүсэлтэй хүүхэд залуучуудыг манай их дээд сургууль, коллежид өргөдөл мэдүүлж, хэтийн ирээдүйд гадаадад суралцах хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг уриалж байна. Манай ЭСЯ та бүхэнд туслахад бэлэн. АНУ-ын 50 муж болон нийслэл Вашингтон хот дахь магадлан итгэмжлэгдсэн маш олон институци дунд хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн коллеж, эсвэл их дээд сургууль байх нь ойлгомжтой. Эдгээр боломжуудаас шилж сонгоход тань бид туслах болно: Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр үйл ажиллагаагаа явуулдаг EducationUSA-ийн зөвлөгчид АНУ-д суралцахтай холбоотой та бүхний асуултанд хариулахад бэлэн байна. Үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг http://www.educationusa.mn/ цахим хуудаснаас авч болно. Бакалаврын зэрэгтэй болохын тулд коммюнити буюу нийтийн коллеж болон дөрвөн жилийн сургалтыг хослуулан суралцаж болох “2 + 2” загвар, нийтийн коллежид суралцах зэрэг төрөл бүрийн сонголтууд байж болно. АНУ-д суралцахад бэлтгэнэ гэдэг нь одооноос эх орондоо Англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ гэсэн үг. Тийм учраас бид Америкийн соёл мэдээллийн төв дээр, эсвэл https://AmericanEnglish.state.gov цахим хаягаар дамжуулан та бүхэнд туслахад бэлэн. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны консулын ажилтнууд оюутны визтэй холбоотой хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэдэг бөгөөд визний өргөдөл мэдүүлэхтэй холбоотой мэдээллийг https://mn.usembassy.gov болон https://travel.state.gov/content/visas/en.html цахим хуудаснуудаас авах боломжтой. Бидний #ХариуцлагатайАялцгаая кампанит ажлын хүрээнд оюутны визтэй хүмүүс ямар төрлийн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой талаар, түүнчлэн АНУ-д суралцаж буй оюутнууд Монгол улстай салшгүй холбоотой байх шаардлагыг ямар төрлийн үйлдлүүдээр харуулж болох талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх юм.

Америкийн Нэгдсэн Улсад суралцах нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын түвшинд суралцах чин хүсэлтэй оюутан залуучуудад ховор боломж олгосноор тэд төгсөөд эх орондоо ирсний дараа Монгол улсын ардчилал, эдийн засаг болон нийгэмд ахиц дэвшил гаргах болно. АНУ-ын их дээд сургууль, коллеж болон АНУ-ын ард түмэн, олон нийт та бүхнийг тавтай морилно уу хэмээн урьж байна. Элсэн суралцахаар тэнцсэн хүн бүрт миний зүгээс дахин баяр хүргэе! Харин АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцахаар өргөдөл мэдүүлэх гэж буй оюутан залууст дахин давтаж хэлэхэд бид та нарт туслахдаа үргэлж бэлэн шүү.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески