АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН НЭГДСЭН БААЗ, ХАВАЙ МУЖ 96861
(808) 477-1341
ШУУРХАЙ
2019 оны 6-р сарын 14
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлагч, адмирал Фил Дэвидсон Монгол Улсад айлчилж байна

Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын (АНУЭНДЦК) Командлагч, адмирал Филип С. Дэвидсон 6-р сарын 13-ны өдөр Монгол Улсад ирлээ.
Монголд айлчлах хугацаандаа адмирал Дэвидсон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхаж, төрийн дээд албан тушаалтан, Засгийн газрын гишүүд, цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаас гадна, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын хамтран зохион байгуулж буй олон улсын энхийг сахиулах “Хааны Эрэлд” цэргийн сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, улмаар Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческитэй уулзана.
Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын стратеги нь бүс нутагт чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын хэв журмыг сахиулж, түгээн дэлгэрүүлэхэд чухал бааз суурь болох явдал юм. Ингэхийн тулд Монгол Улс – Америкийн Нэгдсэн Улс хоорондын бат бөх түншлэл болон чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагаан дээр суурилж хамтран ажиллах учиртай.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын үйл ажиллагааны цар хүрээ нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун хязгаарын хил болон Антарктидаас Хойд туйл хүртэл дэлхийн гадаргуун тэн хагас болох далай тэнгисийг хүртэлх бүсийг хамардаг. АНУЭНДЦК нь АНУ-ын Зэвсэгт хүчний газарзүйн байршлаар хуваагдсан Нэгдсэн цэргийн зургаан командлалын нэг нь юм.
Адмирал Дэвидсон нь Энэтхэг-Ази-Номхон далайн бүсийн АНУ-ын цэргийн ахлах албан тушаалтан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах төрийн нарийн бичгээр дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг. АНУЭНДЦК нь АНУ-ын Номхон далайн тэнгисийн флот, АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин, АНУ-ын Номхон далайн арми болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн хүчин гэсэн дөрвөн командлалаас бүрддэг. Эдгээр цэргийн командлал нь Хавай мужид төвлөрдөг бөгөөд тухайн хүчний баазууд нь бүс нутагт суурин болон түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг.
-АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн цэргийн командлал-