ЭЛЧИН САЙД ГАЛТ: Эрхэм Бригадын генерал Ганзориг, Хурандаа Хаш-Эрдэнэ, Дэд хурандаа Ким, дэд хурандаа Хонда, Монгол Улсын Зэвсэгт хүчний 084-р тусгай томилолтын ангийн цэрэг, офицер, ахлагч нар, Тусгай хүчний сургалтын төв, АНУ-ын Тусгай хүчний 1-р бүлгийн цэргүүд болон эрхэм зочид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдөр та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. МУЗХ-ний элит ангиар зочилж, та бүхэнтэй уулзах надад үргэлж таатай байдаг.
Дэлхийн хэмжээний энхийг дэмжих ажиллагаа явуулах Монгол Улсын хүчин чармайлт болоод цэргийг мэргэжлийн болгох гэсэн та бүхний зорилт, мөн манай хоёр орны Тусгай хүчнүүдийн хамтарсан энэхүү сургалтыг миний бие тууштай дэмждэг билээ.
Өнгөрч буй сарын хугацаанд та бүхний явуулсан сургалт, дадлагын арга хэмжээний талаар би олон сайн зүйлийг сонссон.
Баланс Мэйжик 2017 сургуулийн хаалтын энэ ажиллагаа бол АНУ-Монголын дипломат харилцааны 30 жилийн ойн бас нэгэн оргил мөч болж байна.
Улам гүнзгийрэн бэхжиж буй манай түншлэлийн хамгийн гэгээлэг талуудын нэг нь манай бат бэх, олон талт цэргийн хамтын ажиллагаа билээ.
АНУ, Монгол Улсын цэргийн хамтын ажиллагааны түүх нь дипломат харилцааны түүхтэй бараг адилхан хугацааг туулсан бол манай тусгай хүчнүүдийн хамтын ажиллагаа нь хоёр талын бат бэх түншлэлд саяхан нэмэгдсэн салаа мөчир юм.
АНУ-ын Номхон далайн Тусгай ажиллагааны командлал болон Монголын зэвсэгт хүчин АНУ-Монголын цэргийн харилцааны хүрээнд хамгийн гүн гүнзгий бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож чадсан юм.
Хүн хүч бол зэвсэг техникээс илүү чухал, тооноос чанар нь илүү, тусгай ажиллагааны хүчнийг олноор нь бэлдэх боломжгүй гэж үздэг Тусгай хүчний номлолыг үүгээр баталж байгаа юм.
30 жилийн ойг тэмдэглэж буй энэ жил АНУ-ын Номхон далайн Тусгай ажиллагааны командлал өнөөг хүртэл илгээж байсан хамгийн том бүрэлдхүүнээ Монголын хамгийн элит батальон болох 084-р ангитай сургууль хийхээр ирүүлсэн нь цаг үетэйгээ зохицсон зүйл болжээ.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэхүү жил тутмын сургалт, дадлагаар дамжуулан Тусгай хүчний 1-р бүлэг болон 084-р ангийн бие биедээ итгэх итгэл дээд хэмжээнд хүрсэн байна.
Энэхүү сургалт, дадлага нь АНУ-Монголын түншлэлийг хамтын ажиллагааны шинэ түвшинд аваачлаа.
Өмнөх сургуулиуд хувь хүний ур чадвар дээр төвлөрч байсан бол энэ удаагийнх хамтын сургалт болон ажиллагааны төлөвлөлт дээр голчлон төвлөрсөн байна.
Баланс Мэйжик 2017 нь хэдэн өдөр, шөнийг хамран үргэлжилсэн хоёр удаагийн нэгдсэн ажиллагаагаар өндөрлөсөн байна.
084-р ангийнхан ЗХ-ний нисдэг тэрэг, агт морьдыг оролцуулан, сургалтаар сурсан бүх арга техникээ хэрэглэсэн ажиллагааг зохион байгуулсан байна.
Энэ сарын турш болсон маш эрчимтэй бөгөөд бодитой сургалт, дадлагын дараа манай хоёр орны цэргүүд Афганистан, Өмнөд Судан гэх мэт дайн самуунд нэрвэгдсэн дэлхий өнцөг буланд энх тайван, аюулгүй байдлыг тогтоохоор дуудагдвал илүү сайн бэлтгэлтэй очихоор болж байна.
Энэ оны сүүлээр 084-р санги НҮБ-ын Тусгай ажилллагааны хүчний Шуурхай бүлгийн бүрэлдхүүнд багтах роотыг Өмнөд Судан руу илгээхэд энэ Баланс Мэйжик сургалт үр өгөөжөө өгнө гэдэгт би итгэлтэй байна.
Энэ завшааныг ашиглан Афганистанд Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа болон дэлхий даяар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд бүрэлдхүүнээ илгээж оролцуулсаар байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэхийг хүсч байна.
Монгол Улс бол манай онцгой бөгөөд чухал түнш, тийм болохоор АНУ болон манай эвслийн түншүүд та бүхний цэх шулуун дэмжлэгт үргэлж талархаж байдаг.
Афганистан, Ирак, Өмнөд Суданд болон энхийг дэмжих бусад ажиллагаанд оролцсон, өнөөдөр энд байгаа хүмүүст өөрийн биеэр талархал илэрхийлье.
Америкийн Нэгдсэн Улс болон олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ та бүхний ажил, үүрэгтээ үнэнч байдал, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход оруулсан хувь нэмэрт тань ихээхэн талархаж байдаг юм.
Та бүхний үлгэр жишээ байдал, сахилга бат, хүний эрхийг дээдлэн хүндлэх үзлийг тань дэлхий даяар мэдэх бөгөөд та бүхэн ажил мэргэжлийнхээ шилдэг стандартаар эх орноо төлөөлдөг билээ.
Энэ гайхалтай сургуулийн хаалтын ажилллагааг хийж байгаадаа таатай байна.
Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.
Баланс Мэйжик 2017-гийн хүрээнд тогтоосон хувийн сайхан харилцаагаа хадгалж яваарай. Сайн явж хариарай.
Баярлалаа.