Байгаль хамгаалалд уриалсан ая дуу бүхий АНУ-ын Техас мужийн “Вөүкл Траш” хамтлаг 2017 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Cоёлын Элч хөтөлбөрөөр Монгол улсад аялан тоглолт хийлээ. Тус хамтлагийн айлчлал нь АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан цуврал арга хэмжээнүүдийн нэгэн чухал хэсэг байв.

Хамтлагийн айлчлалын онцлох үйл явдал нь “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн 2015 оны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай 4 дүгээр сарын 27-ны өдөр хамтран тоглосон концерт байлаа. АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл П. Микаллер болон Монгол улсын ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х. Мандахцэцэг нар арга хэмжээг нээн үг хэлэв. Концертын үеэр “Эгшиглэнт чимээ” хамтлагаас гадна Аксесс англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн сурагчид Вөүкл Траш хамтлагтай мөн тайзнаа хамтран тоглосон юм. Монгол Телевиз тус арга хэмжээг найруулан дүрс бичлэгийг хийсэн бөгөөд ирэх 6 дугаар сарын 1-ний Олон улсын Эх үрсийн эрхийг хамгаалах баярын өдөр концертын нэвтрүүлгийг орон даяар цацах болно. Хамтран тоглосон тус хоёр хамтлагийн нэгдмэл онцлог шинж чанар нь тэдний дахин боловсруулсан эд материал ашиглан уран бүтээлээ туурвидаг байдал, мөн хог хаягдлаа зөв зохистойгоор хаяж, ‘хаяхаасаа өмнө бодох’ зэрэг энгийн зүйлсээс байгаль орчноо хамгаалах үйлс эхэлдэг гэдэг ойлголтыг аль аль хамтлаг нь хөгжим, хөг аялгуугаараа дамжуулан өгүүлсэн явдал байлаа. Концерт нь Улаанбаатарт анх удаа тэмдэглэн өнгөрүүлсэн Хөрс хамгаалах өдөртэй нэгэн өдөр тохиосон нь давхар завшаан болов.
Концертын хажуугаар Вөүкл Траш хамтлаг нийт 15 хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, 2,500 гаруй хүнд шууд хүрсэн бол уламжлалт болон нийгмийн сүлжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин ойролцоогоор 500,000 хүнд уран бүтээлээ толилуулжээ. 4 дүгээр сарын 28-нд УБ хотын номын сан дахь Америкийн соёл, мэдээллийн төвд, 4 дүгээр сарын 29-нд Олон улсын Найрамдал зуслангийн Хараацай театрт, 5 дугаар сарын 1-нд Хүүхдийн урлан бүтээх төвд болон 5 дугаар сарын 2-нд Хард Рок Кафед Америкт төгсөгчдийн холбооны арга хэмжээнд зориулсан тус соёлын элчийн тоглолт, үйл ажиллагаанууд нь бүгд олон нийтэд нээлттэй байсан юм.
Түүнчлэн Вөүкл Траш хамтлаг нь дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын байгаль орчны талаар олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагааг дэмжин, арга хэмжээнд нь оролцон уран бүтээлээ толилуулсан байна. Тухайлбал, Монголын Урлагийн Зөвлөл үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдийн дахин боловсруулсан урлагийн үзэсгэлэнгийн нээлтэнд тоглолт хийжээ. Мөн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадавхиа дээшлүүлж, үйл ажиллагааныхаа тухай хэлэлцэхээр 21 аймгаас ирсэн төлөөлөгчдийн оролцсон Зориг сангийн “Орон нутгийн байгаль орчны манлайлал” тэтгэлэгт хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд зочноор оролцон тоглолтоо сонирхуулсан байна.
Цаашилбал, Вөүкл Траш хамтлаг нь Сүхбаатар дүүргийн гэр хорооллын 58 дугаар сургуулийн 400 гаруй сурагчдад зориулж, улмаар Улаанбаатар хотын 5 тусгай сургуулийн дунд болсон жил бүрийн “Хамтдаа Инээмсэглэе” урлагийн үзлэгийн үеэр болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гэр бүлийн хүчирхийллээс хохирогчдын хамгаалах байран дээр очиж тоглолт хийжээ. Мөн Улаанбаатар дахь өнчин хүүхдийг асрах газруудын дунд жил бүр зохиогддог “Бага Олимп 2017”- ын сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тоглосон байна. Вөүкл Траш хамтлагийн брейк бүжигчид болох Антони Силва (мэргэжлийн сагсан бөмбөгийн Хьюстон Рокетс багийн бүжигчин) болон Пабло Барракудаг үзэгч хүүхдүүд брейк бүжгийн халз тулаанд уриалан хамт бүжиглэсэн нь үзэгчдийн таашаалд нийцэн хит болжээ.

Тоглолт хийхээс гадна хамтлаг нь АНУ-ын ЭСЯ-ны “Ногоон баг”, Ахиллис Интернэшнл Монгол, Аксесс хөтөлбөрийн сурагчид болон ГХЯ-ны Залуу дипломатчдын клубтай хамтран Богд ууланд авирах явган аяллын зам, жимийг цэвэрлэх ажилд гар бие оролцжээ. Байгаль орчноо хамгаалж, олон нийтэд тустай үйлс өрнүүлэх энэ ажилд нийт 70-80 хүн нэгдэн шаргуу ажилласан байна.
Хамтлагийн аялан тоглолт нь бусад онцгой арга хэмжээнүүдтэй давхацсан юм. Хамтлаг нь АНУ-ын ЭСЯ болон ГХЯ-ны төлөөлөгчдийн хамтаар 4 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотын Америкийн соёл, мэдээллийн төв дээр ЭСЯ-наас зохион байгуулсан АНУ, Монгол хүүхдүүдийн “Байгаль орчин” гар зургийн уралдаант үзэсгэлэнгийн ялагчдад шагнал гардуулах ёслолд оролцон уран бүтээлээ толилуулсан байна.
Эцэст нь, жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд болдог Олон улсын жазз хөгжмийн өдрөөр Вөүкл Траш хамтлаг авъяаслаг Монгол уран бүтээлчдийн хамт тоглолтод оролцох онцгой завшаан тохиосон юм. Энэ жилийн жазз хөгжмийн өдрийн арга хэмжээг өсөх ирээдүйтэй “Жазз Трейн” хамтлаг Хүүхдийн парк дээр зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд Вөүкл Траш хамтлаг алдарт Луи Амстронгийн “Гэгээнтнүүд марш алхан орж ирэхэд” болон өөрсдийн Бродвей хэв маягт оруулж туурвисан Бенни Гүүдмэний “Дуул, дуул, дуул” зэрэг домогт жазз хөгжмийн бүтээлүүдийг тайзнаа амилуулав.
Вөүкл Траш хамтлагийг Монгол улсад хүлээн авсан нь АНУ-ын ЭСЯ-ны хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ялангуяа ЭСЯ-ны жил бүрийн “Хүүхдээ ажилдаа дагуулаад яваарай” арга хэмжээний үеэр хүүхэд багачуудад зориулж тоглолтоо сонирхуулсанд гүнээ талархаж байна. Түүнчлэн Монгол улсын ГХЯ, Улаанбаатар хотын номын сан болон Америкийн соёл, мэдээллийн төв, Монгол Телевиз, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Америкт төгсөгчдийн холбоо, “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон аялан тоглолтыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх хувь хүн, албан байгууллагуудад ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлж байна. Та бүхэнтэй цаашид мөн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байх болно.
Монгол дахь Вөүкл Траш хамтлагийн гэрэл зургууд: Вөүкл Траш зургийн цомог
Вөүкл Траш хамтлагийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл: Вөүкл Траш хамтлагийн Фейсбүүк хуудас болон Вөүкл Траш хамтлагийн албан ёсны цахим хуудас
Вөүкл Траш хамтлагийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэл, мэдээнүүд:
(1) Вөүкл Траш хамтлаг Сүхбаатар дүүргийн гэр хорооллын 58-р дунд сургуулиар зочлов
(2) Вөүкл Траш хамтлагийн “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хийсэн концертын тухай ГХЯ-ны цахим хуудаснаа
(3) Вөүкл Траш хамтлагийн “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хийсэн концертын тухай МҮОНРТ-ийн цахим хуудаснаа
(5) Вөүкл Траш хамтлагийн тухай МОНЦАМЭ дээр
(6) Монголын Урлагийн Зөвлөл үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээнд зориулж тоглосон Вөүкл Траш хамтлагийн тухай Eagle.mn цахим хуудаснаа