Жорж Маршаллын төвийн төгсөгчид болон өнөө орой энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.
Энэхүү хүлээн авалтыг Маршалл төвийн Төгсөгчдийн асуудал эрхэлсэн албаны Марк Жонсонтой хамтран зохион байгуулж байгаадаа миний бие баяртай байна.
Өнөө орой үг хэлэх хүмүүсийн эхнийх нь би учраас маш товчхон ярья.
Аливаа асуудлыг шууд бөгөөд хүндэтгэлтэй хөнддөг Маршалл төвийн уламжлалыг баримтлан би хоёр сэдвийг энд хөндөх гэсэн юм. Нэг нь Маршалл төвийн Монголд үзүүлж буй чухал нөлөө, нөгөө нь даян дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй ноцтой асуудал буюу БНАСАУ-ын учруулсаар буй аюул занал.
Жорж Маршаллын төв бол Европ, Еврази даяар тогтворжуулагч хүч болж байдаг.
Үндэстэн дамнасан болон бүс нутгийн аюулгүй байдлын бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхдээ идэвхтэй, энхийн, төр засгийн нэгдсэн хандлагыг дэмжиж, дэлхий даяар урт хугацааны түншлэлүүдийг бий болгодог.
Монголчуудыг суралцуулах болсноор тус төв нь Ази, Номхон далайн бүс нутаг руу хүрээгээ тэлж, энэ нь Монгол Улсад ч, Маршалл төвд ч тустай зүйл болсон юм.
Монголд Маршалл төвийн төгсөгч 177 хүн байгаа, энэ тоо жил ирэх тусам өсч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Маршалл төвд суралцан ур чадвараа нэмэгдүүлснээр Монголын яам агентлагуудын мэргэжилтнүүдийн хэлхээ холбоо илүү батжин бэхжиж, Маршалл төвийнхөө сүлжээгээр дамжуулан төгсөгчид та нар бусад оронд ч эерэг нөлөө үзүүлж байдаг юм.
Маршалл төв дээр суралцдаг нэг чадвар бол нээлттэй бөгөөд илэн далангүй хэлэлцүүлэг хийх чадвар юм.
Өнгөрсөн жил энэ цугларалтын үеэр та бүхний зарим нь Монгол Улсын аюулгүй байдлын санаа зовоосон асуудлуудын талаар нээлттэй ярьж байсан. АНУ-ын Засгийн газрын үзэж байгаагаар, эдгээр бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс дорвитой алхам хийхгүй байсаар байгааг хараад би харамсаж байна.
БНАСАУ-ын учруулж буй шиг аюул заналхийлэл сүүлийн 18 сарын дотор улам бүр дордсоор байгаа бөгөөд БНАСАУ-ын өдөөн хатгалга ихсэх тусам Ази, Номхон далайн бүс нутаг даяарх бүхий л улс орон, түүний дотор АНУ ба Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлж байгааг бид харж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр хэлсэнчлэн, “цөмийн зэвсэггүй бүс болох нь түүний хувьд байж болох цорын ганц ирээдүй гэдгийг Хойд Солонгос ойлгох цаг нэгэнт болсон”.
Олон улсын энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэнд оролцоо бүхий улс орон бүр олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсэгжсэн Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Ким Чен Унд харуулахуйц арга хэмжээ авах ёстой.
Пхеньяны үйлдэл бол урьд хожид үзэгдээгүй зүйл тул мөн тийм л хариу үйлдлийг хүртэх ёстой.
БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа нь АНУ-д төдийгүй олон улсын энхтайван, аюулгүй байдалд байж боломгүй аюул заналыг учруулж байна.
Ким Чен Ун сонгосон замаа эргэн харж, өөр ирээдүйн тухай учир утгатай харилцан ярианд оролцох талаар бодох хэрэгтэй гэдгийг түүнд ойлгуулахын тулд түүний дэглэмд эдийн засгийн болон дипломат аргаар шахалт үзүүлэх арга хэмжээ авахыг бид бүх улс орнуудаас хүсч байна.
Монгол Улс болон БНАСАУ-ын хооронд байгаа аливаа эдийн засгийн харилцааг бүрмөсөн тасалж, эсвэл түдгэлзүүлж, Хойд Солонгосоос ажиллах хүч авах хөтөлбөрөө даруй зогсоохыг бид Монгол Улсаас хүсч байна.
Мөн Хойд Солонгостой тогтоосон дипломат харилцаагаа таслах, эсвэл нилээд багасгах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа байнга зөрчсөөр байгаа Хойд Солонгост тохирох хэмжээнд нь хүртэл дипломат төлөөллөө багасгахыгбид бүх улс орнуудаас, түүний дотор Моногл Улсаас хүсч байна.
Монгол Улсын Засгийн газарт хандан хэлж буй эдгээр хатуухан мэдэгдэл, хүсэлт нь гэнэтийн зүйл болохгүй байх. Учир нь би АНУ-ын Элчин сайдын хувиар өнгөрсөн хугацаанд эдгээр зорилтыг байнга дэвшүүлсээр ирсэн билээ.
Монгол Улс бусад гуравдагч хөршүүдээсээ иймэрхүү хүсэлтийг хүлээн авсан байгаа бөгөөд тэднээс хэдхэнийг нэрлэхэд Австрали, Япон, БНСУ, Канад, ИБУИНВУ, Франц, Европын холбоо зэрэг байна.
Шинэ зүйл нь гэвэл Хойд Солонгосын аюул заналын авир төрх, түүнийг АНУ-ын зүгээс няцаах хэрэгцээ.
Энэ оны 9-р сарын 2-нд Хойд Солонгосын хийсэн цөмийн туршилтын хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2375-р тогтоолоо 9-р сарын 11-ний өдөр санал нэгтэй баталсан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2375-р тогтоол нь Пхеньянд шахалт үзүүлэх тухай хатуу заалтуудыг агуулж, олон улсын хамтын нийгэмлэг Хойд Солонгосын хууль бус цөмийн болон баллистик пуужингийнг хөтөлбөрийг буруушааж, түүнийгээ зогсоохыг шаардах тал дээр нэгдмэл байр суурьтай байна гэсэн маш тодорхой мессежийг Хойд Солонгост илгээж байгаа юм.
АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалах бүрэн чадвартай гэдэг нь маргаангүй.
Бид болон бусад орнууд ч цохон тэмдэглэснээр цөмийн зэвсэгжсэн Хойд Солонгосыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн хэлснээр бүх боломжууд ширээн дээр байсаар байна.
Гэхдээ бидний хувьд нөхцөл байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг чухалчилж үзнэ. Товчхондоо, дэлхий нийтийн зүгээс шахалт үзүүлэх нь тайван замаар шийдэх хувилбар юм.
Анхаарал тавьсанд баярлалаа. Бусад илтгэгчдээ сонсохыг тэсэн ядан хүлээж байна.