ЭЛЧИН САЙД ГАЛТ: Эрхэм гишүүн Цогтбаатар, ажил мэргэжил нэгт элчин сайд нар, бизнесийн төлөөлөл, хатагтай ноёд та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Энэ жилийн Инвест Монголиа бага хурлын Элчин сайд нарын энэхүү хүндтэй салбар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна.
Монголын эдийн засгийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх талуудыг энд цуглуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье.
Засгийн газар, бизнесийнхэн болон олон улсын мэрэгжилтнүүдийн дунд нээлттэй яриа хэлэлцээ явуулах нь Монгол Улсыг зөв замаар урагшлахад нэн чухал билээ.
Миний зүгээс ажил мэргэжил нэгт элчин сайд нарынхаа санаа бодлыг сонсохдоо үргэлж талархаж байдаг бөгөөд оролцогчдын зүгээс ч сонирхолтой асуултууд тавьна гэдэгт итгэж байна.
Юуны өмнө АНУ-Монголын хоёр талт харилцаа хүний эрхээс эхлээд даян дэлхийд энхийг дэмжих хүртэл олон чиглэлээр улам бэхжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд тохиож байгаа болохоор бид энэхүү түншлэлийн харилцаагаа энэ жилийн турш тэмдэглэн өнгөрүүлж байна.
Элчин сайдын хувиар миний тавьж буй тэргүүлэх зорилт бол хоёр орны хооронд эдийн засгийн харилцаа, ялангуяа хоёр талын бизнесийн хэлхээ холбоог гүнзгийрүүлэх явдал юм.
АНУ-Монголын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс эхлээд өрсөлдөх чадвар бүхий Монголын хөдөө аж ахуйн экспортын салбарын хөгжлийг дэмжих, мөнгө угаалт, хууль бус санхүүгийн хэлцлүүдийг хянах, зогсоох талаар Монголбанкны чадавхийг нэмэгдүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ чиглэлээрх бидний хамтын хүчин чармайлт маш олон талтай.
Монголд хэрэгжиж буй ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжих нь бидний эдийн засгийн стратегийн гол бүрэлдхүүн хэсэг төдийгүй худалдаа бизнесийн харилцаагаа нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл гэж бид итгэж байна.
ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсад их сайхан боломж олгож байгаа юм.
Монгол Улс энэхүү боломжийг ашиглан бодлогын зөв шийдвэрүүдийг гаргаж чадсан тохиолдолд л Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг бусад хандивлагчдын үзүүлж байгаа тусламжтай зэрэгцээд ОУВС-гийн авчирч байгаа мэргэжлийн туслалцаа нь Монголын эдийн засгийн хөгжилд эерэг, урт хугацааны, томоохон өөрчлөлтийг авчирч чадна.
Хариуцлагатай төсвийг бий болгохоос эхлээд санхүүгийн тогтолцооныхоо хяналтыг сайжруулах, тогтвортой хөгжлийн банкийг дэмжих зэрэг урт хугацаанд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нь ОУВС Монголд туслахад бэлэн байгаа юм.
Эдгээр үр дүнд хүрч чадвал Монгол Улс болоод монголчуудад асар их ашиг тусыг авчрах бөгөөд ийм л учир шалтгааны улмаас ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид Монгол Улсад уриалсаар байх болно.
ОУВС-гийн зарим шаардлагууд олон нийтэд таалагдахгүй, биелүүлэхэд амаргүй байж болохыг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ л эцсийн дүндээ үүнийг хийх нь зөв, яг энэ тохиолдолд үр дүн нь эцэстээ арга хэрэгслээ зөвтгөнө гэдэгт бид бат итгэж байна.
ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь бусад эерэг үр дүнгийн хамтаар Монгол Улсыг хөрөнгө оруулалтын тааламжтай орчин болгон харагдуулж, улмаар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
Компаниуд хаана хөрөнгө оруулалт хийхээ шийдэхдээ хууль ёсыг дээдлэн сахих явдал нь тогтвортой, ил тод байдлыг хангаж байдаг, эрсдэл багатай бизнесийн орчныг эрэлхийлж байдаг нь нууц биш юм.
ОУВС-гийн хөтөлбөрийн шаардлагуудыг чанд мөрдөх нь тийм орчныг Монголд бий болгоход туслах юм.
Дэлхий даяарх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахыг хүсч сонирхохуйц тийм орчныг Монголд бүрдүүлэхэд АНУ туслахаар хүчин зүтгэж байна. Харин хөрөнгө орууллтыг амжилттай татаж чадах эсэх нь зөвхөн Монголоос шалтгаална.
АНУ-Монголын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг би Монгол Улсын Засгийн газарт байнга уриалж ирсэн.
Энэ хэлэлцээр хэрэгжсэн тохиолдолд хууль тогтоох үйл явцад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэн, ил тод, ардчилсан хэлэлцүүлгийг дээд зэргээр хэрэгжүүлэх тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх юм.
Ийм тогтолцоо тогтвол Америк, Монголын төдийгүй бусад бүх компаниудад хуулийн дагуу шударга бөгөөд тэгш байдлаар өрсөлдөх боломжийг олгоно.
Ил тод байдлын хэлэлцээрээр олгогдож буй ил тод байдлын энэхүү арга хэрэгслүүдийг ашиглахыг би компаниудад хандан уриалж байна.
Мөн Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөлийг байгуулах талаар засгийн газраас гаргаж буй хүчин чармайлтыг бид дэмжиж байгаа бөгөөд энэ нь бизнесийн багахан зарга хэт дэврэн, олон нийтэд нээлттэй маргаан болон хувирах, эсвэл бүр эрүүгийн хэрэг гэж авч үзэхээс өмнө шийдвэрлэх арга зам байж болох юм.
Энэхүү Зөвлөл нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад ээлтэй газар болгоход тусалж болох юм.
Өнгөрсөн долоо хоногт миний бие ЗГХЭГ-ын дарга, ноён Мөнхбатын хамтаар Амчамын хуралд оролцсон бөгөөд тэрээр Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөлийн тухай Амчамын гишүүдэд танилцуулж, мөн хөрөнгө оруулагчдын санаа зовнидог асуудлуудыг сонссон билээ.
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь цаг хугацаа шаарддаг цогц асуудал гэдгийг бид ойлгож байна.
Асуудлын зарим нэг шинж тэмдэг буюу жишээлбэл гарах хоригийг шийдвэрлэх нь хангалтгүй юм. Түүний оронд засгийн газар хууль ёсыг дээдлэх, тогтвортой, ил тод байдлыг хангах талаар тууштай үүрэг хүлээж буйгаа нотлон харуулах ёстой.
Мөн Монгол Улсын хууль тогтоомж, стандартуудыг АНУ-ын болон бусад гадаадын компаниудын мөрдөж баримталдаг, түүнгүйгээр хөрөнгө оруулахдаа болгоомжтой ханддаг олон улсын стандартад нийцүүлэн урт хугацаандаа шинэчлэх асуудалд засгийн газар тууштай хандах ёстой.
Мэдээж хэрэг АНУ-ын илүү олон компанийг Монголд авчрах арга замуудыг бид үргэлж хайж байдаг.
Жил бүр манай ЭСЯ-наас эрхлэн гаргадаг Хөрөнгө оруулалтын орчны тайлан болон Монгол Улсын бизнесийн хөтчөөрөө дамжуулан бид Монголыг сонирхох хөрөнгө оруулагчийн санаа бодлыг товчоор илэрхийлж, АНУ-ын бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж болохуйц салбаруудыг тодорхойлдог.
Монгол Улс хөрөнгө оруулалтанд таатай нөлөөлөхүйц, хууль ёсыг дээдлэх зарчим, тогтвортой, ил тод байдалд суурилсан эрсдэл багатай бизнесийн орчныг бүрдүүлж хараахан чадаагүй байгаа хэмээн хөрөнгө оруулагчид үзсээр байгааг ч бид тайландаа тусгадаг бөгөөд АНУ-ын компаниуд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эдгээр элементийг авч үзэн, ихэнх тохиолдолд байдал сайжрахыг хүлээх шийдвэрт хүрч байгааг бид харж байна.
Өмнө нь би Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт байгаа өргөн боломжуудын тухай, мөн эдгээр боломжийг бодит ашиг болгон хувиргахад туслах ноу-хау, технологи нь АНУ-ын компаниудад байгаа тухай ярьж байсан.
Монгол Улсад асар их боломж байгааг АНУ-ын компаниуд хүлээн зөвшөөрдөг боловч Монгол дахь эрхзүйн болон бизнесийн орчин ямарч бизнесийг эрсдэлд оруулж болохыг бас тэмдэглэдэг.
Миний бодлоор энэ нь Монголын хувьд гадаад ертөнц рүү гарахад нь гол бэрхшээл болж байна.
Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байна. Гэвч хөрөнгө оруулалтыг татаж авчрахад дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх учраас хөрөнгө оруулалтыг татах таатай орчин байхын тулд тоглоомын дүрмээ ойлгомжтой болгох хэрэгтэй.
Монголд байгаа бизнесийн боломжуудын талаар дэлхийд таниулах нь тийм бэрхшээлтэй асуудал биш, энэ талаар дэлхий даяар аль хэдийнээ мэддэг болсон.
Харин Монголыг олон улсын хөрөнгө оруулалтын тал дээр өрсөлдөхүйц болгох, зөвхөн боломж байгаа гэхээсээ илүүтэй ашигтай бизнесийн боломжуудаар дүүрэн байлгах тал руу хөдөлгөх нь чухал юм.
Төр засгаас бодитой, тогтвортой өөрчлөлтөнд хүргэх шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлснээр Монгол орон хөрөнгө оруулагчдын сонгох дуртай улс болох зөв зам дээрээ баттай зогсоно гэдэгт би найдаж байна.
Их баярлалаа. Ажил мэргэжил нэгт нөхдийнхөө санаа бодлыг сонсож, асуултанд хариулахад бэлэн байна.