Тусгаар Тогтнолын Өдрийн Баярын Арга Хэмжээнд Элчин сайд Галтын хэлсэн үг

Ambassador Galt delivers remarks at Independence Day Celebration 2017

Эрхэмсэг ноён Гадаад Харилцааны сайд Мөнх-Оргилоо, эрхэм зочид оо, элэг нэгт америкчууд аа,  АНУ, Монголын анд нөхдөө, АНУ-ын тусгаар тогтнолын 241 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ оройн арга хэмжээнд тавтай морилно уу.

Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсныг ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байгаа нь бид Америкийг үндэслэгч эцэг өвгөдийн өөрсдийгөө удирдах дархан эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах мөн өөрсдийн сонгосон шашнаа дарамт хавчлагаас айлгүй шүтэх эрх чөлөөг хүсэмжлэн зорьсныг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.

Туурга тусгаар байх эрмэлзлэл дэлхийн өнцөг булан бүрт цуурайтсан бөгөөд бидний болон Монгол улсын хувьд эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйл билээ.

Туурга тусгаар байхын мөн чанар манай хоёр орныг нэгтгэж байдаг олон зүйлийн нэг юм.

Тиймдээ ч энэ орой бид энэхүү мөн чанарыг тэмдэглэхээр цуглаад байна.

Бид мөн АНУ эрх чөлөөт, туурга тусгаар Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байна.

Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд тусгаар тогтнолоо идэвхитэй хэрэгжүүлж, 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон цагаас хойш эдийн засаг, улс төрийн бие даасан байдлаа баталгаажуулахын төлөө ажилласаар ирсэн.  

Монгол улсын Ерөнхийлөгчийн дахин сонгууль 2 өдрийн дараа явагдахаар товлогдсон байгаа нь Монголын залуу ардчилал цогтойгоор үргэлжилж байгаагийн баталгаа болж байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ялалт байгуулахаас үл хамаарч, бас нэгэн эрх мэдлийг энхийн замаар шилжүүлсэн сонгууль болж дэлхий дахинаа Монгол бол улстөрийн хувьд тогтвортой ардчилсан орон гэдгийг харуулна гэдэгт би итгэлтэй байна.

АНУ МУ-ын тууштай анд нөхөр байсаар ирсэндээ бахархалтай байдаг.

Өнөөдөр манай хоёр улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ардчилал хүний эрхийг хөгжүүлэх, цэргийн салбарын түншлэлээ өргөжүүлэх түүнчлэн боловсрол соёлын холбоогоо бэхжүүлэхийн төлөө маш олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бид хамтдаа, ирээдүйн замналаа өөрсдөө сонгох эрх чөлөөт, тусгаар тогтносон улсуудын хувьд бие даасан, ардчилсан засагтай байнаа гэдэг нь онцгой хувь төдийгүй бас үүрэг хариуцлага гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Энэ оройг зохион байгуулахад өгөөмөр хандивлагч нар болон элчин сайдын яамны маань баг хамт олон гар бие оролцсон юм.

Мөн энэхүү оройн аялгууг тоглож байгаа МУ-ын ЗХЖШ-ын Үлээвэр Найрал Хөгжим болон Жесси Дэйвис Квартет хамтлагын авьяаслаг хөгжимчид, түүнчлэн уянгалаг хоолойгоороо биднийг баясгасан Женнифер Женсен, Төрбатын Сувдаа нартаа тусгайлан талархлаа илэрхийлье.

Хүрэлцэн ирсэнд баярлалаа. АНУ-ын төрсөн өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна.