Энх тайвны корпусын
М32 бүлгийн сайн дурын ажилтнуудын
тангараг өргөх ёслол дээр
Элчин сайд Буанганы хэлэх үг (Бэлтгэсэн байдлаар)
Скай резорт, Улаанбаатар
2023 оны 8-р сарын 17
Намайг танилцуулсан Монгол дахь Энх тайвны корпусын Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Мередит Далтон танд баярлалаа. Монгол улсын Гадаад харилцааны яамны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын Захирал, эрхэм ноён А. Ананд, ЭТК-ын бүрэлдэхүүн, эрхэм зочид, ЭТК-ын сайн дурын ажилтнууд болон сургалтад оролцогсод та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая. Энэхүү онцгой тохиолдлоор өнөө өглөө энд та бүхэнтэй хамт байж, ЭТК-ын сайн дурын ажилтнуудын шинэ бүлгийг тангараг өргүүлэх гэж байгаадаа би туйлын баяртай байна.Эдгээр авьяаслаг бөгөөд урам зориг дүүрэн залуус тун удахгүй одоо ажиллаж буй ЭТК-ын сайн дурын 23 ажилтан болон мөн өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монголд ажилласан 1,500 гаруй сайн дурын ажилтнуудын эгнээнд нэгдэх гэж байна.
Өнгөрсөн долоо хоногт М32 бүлгийн залуустай хамт цагийг өнгөрүүлэх завшаан надад тохиолдсон юм. Та бүхний мэдэж байгаачлан, ЭТК-ын сайн дурын ажилтнууд эрч хүчээр дүүрэн, зорилгодоо үнэнч, тууштай, эр зориг, тэсвэр хатуужилтай залуус байдаг. Эдгээр залуус ч энэ бүх гайхалтай шинжийг агуулжээ. Тэд Калифорниагаас, Хойд Каролинагаас гээд АНУ-ын өнцөг булан бүрээс цугласан байна. Тэдэн дунд хэл судлаач, сурган хүмүүжүүлэгч, дата аналист, байгаль орчны судлаач, хөгжимчин, бизнес зөвлөхүүд бий. Мөн уншигч, ууланд авирагч, аялагч, бас ан амьтан хамгаалагчид ч бий. Тэд бүгд өөр өөр мэргэжил, хүсэл сонирхолтой. Тэд дэлхийн энх тайван, эв найрамдлын үйл хэрэгт Америк ард түмний түгээхийг эрмэлздэг олон авьяас чадвар, туршлага, мэдлэгийг өөрсдөдөө агуулсан АНУ-ын баялаг, олон талт байдлыг илэрхийлж буй залуус юм. Эдгээр залуус яг энд, Монгол улсад бидэнтэй мөр зэрэгцэн ажил үүргээ гүйцэтгэж байгаад нь бид маш их бахархаж байна.
Иргэд хоорондын харилцаа бол хоёр орны харилцааны бат бөх суурь болдог. Хоёр орны сурган хүмүүжүүлэгчид, мөрөөдөгчид, сэтгэгчид, зохион бүтээгчид, шинийг санаачлагчид маань бие биеэсээ урам зориг авч, бие биеэсээ суралцаж байвал манай хоёр үндэстний нөхөрлөл, харилцаа хамгийн бат бэх, хүчтэй байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хоёр том ардчилсан улс болох Монгол, АНУ-ын харилцаа нь улс орнууд засгийн газрын яриа хэлцэл, харилцан ойлголцлыг дэмжсэнээр ямар үр дүнд хүрч чадахыг харуулах гайхалтай үлгэр жишээ билээ.
Монгол орныг тойрон аялж явахад ЭТК-ын тухай дурдагдаагүй уулзалт нэг ч байгаагүй. Монгол улсад ардчилал хөгжих үйлсэд ЭТК-ын үүрэг ямар чухал болохыг монголчууд надад байнга хэлж сануулдаг. Энэ урт аян замын ихэнх хугацаанд ЭТК-ын залуус Монгол улсад монголын ард түмэнтэй байсаар ирснээр нь би ихэд бахархаж байна. Ковидын цар тахал ЭТК-ын үйл ажиллагааны цар хүрээг бууруулж, сайн дурын ажилтнуудыг эргэн татахаас өөр аргагүйд хүргэсэн ч тэд чадах чинээгээрээ хурдан буцаж ирлээ. Тэд буцаж ирсэн төдийгүй, буцаж ирэхдээ улам олуулаа болж ирлээ. Тэд ойрын хэдэн жилдээ багтаж цар тахлын өмнөх үе шиг Монгол Улсын бүх аймаг, сумдад хүрч ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Тэд цаашид ч сургууль, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэн, сайн дурын ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно.
Монгол талын төр засгийн анд нөхдөдөө, ЭТК-ын сайд дурын ажилтнуудыг дахин угтан авахын төлөө хийсэн бүх зүйлд тань баярлалаа. Сайн дурын ажилтнуудыг Улаанбаатар болон тун удалгүй Монгол улс даяар өнцөг булан бүрд хүрч ажиллах боломжоор хангаж, нэгтгэн тусалсанд баярлалаа.
Мөн сайн дурын ажилтнууддаа, Монголын ард түмэнд хүрч үйлчилдэг энэхүү бахархам уламжлалыг үргэлжлүүлж байгаад та бүхэнд баярлалаа. М32 бүлгийн сайн дурын ажилтнуудыг ЭТК-ын нэг хэсэг хэмээн угтан авч буй хүмүүсийн нэг болсондоо би ихэд баяртай байна. АНУ-Монгол улсын найрамдалт харилцааг улам бэхжүүлж буй та бүхний үүрэг оролцоонд бид талархаж байна. Ингээд та бүхэн энэ улсын ардчилал, эдийн засгийн чадавхыг бэхжүүлсээр ирсэн мянга мянган сайн дурынхны эгнээнд нэгдлээ.
Монгол Улсын бүх аймаг сумдад эх орноо бахархалтайгаар төлөөлөн ажиллах болно гэдэгт АНУ-ын Засгийн газар бат итгэлтэй байна. Та бүхэн АНУ-ын бахархал болсон ЭТК-ын сайн дурын ажилтны хувиар ирээдүйд мөрөөр тань явах залуучуудын итгэл зоригийг үүрч яваа гэдгээ санаж яваарай. Мөн АНУ-ын ард түмнийг төлөөлж буй гэдгээ цаг ямагт санаарай. ЭТК-ын сайн дурын ажилтны хүндэт үүргээс гадна боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд та нар оюутан сурагчдадаа сайн үлгэр жишээ харуулж, зөвлөгч нь байх нэмэлт үүрэг хүлээнэ.
Та бүхний энэ баярт үйл явдлыг хуваалцаж байгаадаа үнэхээр их баяртай байгаагаа дахин илэрхийлье. Амьдралынхаа томоохон хуудсыг шинээр нээж буй сайн дурын ажилтнууддаа дахин баяр хүргэж, ирээдүйн амьдрал, ажил үйлсэд нь амжилт хүсье!