ХХБ-ны Худалдааны санхүүжилтийн форум дээр Элчин сайд Ричард Л. Буанганы хэлсэн үг

ХХБ-ны Худалдааны санхүүжилтийн форум дээр

Элчин сайд Ричард Л. Буанганы хэлсэн үг

2024 оны 1-р сарын 30

Шангри-ла зочид буудал, Улаанбаатар хот

 

Өдрийн мэнд. Та бүхэнд хандан үг хэлэхээр урьсанд баярлалаа.

Олон улсын худалдаа, санхүүгийн сүлжээнд Монгол Улс бүрэн дүүрэн, идэвхтэй оролцогч байх боломжид нөлөөлдөг худалдааны санхүүжилт болон түүнтэй холбоотой бусад асуудлаар ярилцахаар бид бүхнийг энд цуглуулсан ХХБ-нд талархаж байна.

Монголын Гуравдагч хөршийн бодлогын ач холбогдлын талаар ярихдаа бид гадаад ертөнц, түүний дотор санхүүгийн ертөнцтэй  Монгол Улс хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх, хадгалахын чухлыг бас ярьж байгаа юм. Гуравдагч хөршийн бодлого бол Монголын хөршүүд хэн байхаас үл хамааран, далайд гарцгүй оронд тулгардаг газар зүйн хүндрэл бэрхшээлүүд, түүнээс үүдэн худалдаа, бизнест үүсдэг саад тотгоруудыг шийдвэрлэх тухай юм.

Ардчилсан бүхий л улс орны нэгэн адил Монгол Улс ч хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт авчирдаг бүс нутгийн төдийгүй дэлхий дахины худалдааны сүлжээнд нэгдэх боломжтой байх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ. Эдгээр сүлжээнд хамрагдахын тулд Монгол Улс хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээ, хууль журам, гэрээ хэлэлцээрээ мөрдөх ёстой гэдгийг бид Монголын засгийн газрын түншүүддээ онцолсоор ирсэн. Өнгөрсөн 70 жилийн турш Энэтхэг, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирсаар буй, олон улсын дэг журамд суурилсан тогтолцоог дагаж мөрдөх хариуцлагыг бид бүгдээрээ хүлээдэг.

Энэ яагаад чухал вэ гэдэг дээр би нэг жишээ хэлье. ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарсан явдал Монголын хувьд маш том амжилт байлаа. Монголбанк, арилжааны банкууд болон өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа олон байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хууль тогтоомжоо шинэчлэхээр АНУ болон бусад үзэл бодол нэгт улсуудтай хамтран ажилласан билээ.

Цөөн хэдэн хүн гэмт хэргийн замаар баяжихийг оролдож, түүнийх нь горыг нийтээрээ амсах эрсдэл үүссэн ч санхүүгийн тогтолцооны хариуцлагатай оролцогч нар олон улс дахь Монгол Улсын нэр хүндэд учирч болох аюул заналыг хүлээн зөвшөөрч, дэлхий дахины хууль ёсны хэлцлүүдээс Монгол Улс хасагдаж болохыг урьдчилан харж, бидэнтэй хамтран ажилласнаар тогтолцоогоо цэвэрлэж чадсан. Монголыг ганцаардаж хоцрох эрсдлээс сэргийлэх зорилготой энэхүү түншлэл түүнийг Саарал жагсаалтаас гаргаж чадсан.

Энэ бол гайхалтай амжилт байсан, гэхдээ тогтолцооны бүрэн бүтэн байдалд далдаас заналхийлэх зүйлс байсаар байгааг бид ойлгох ёстой.

Украйнд хийж буй Оросын хууль бус дайнд АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хариу үйлдэл үзүүлэн Орост хатуу хориг тавьсан. Оростой хууль ёсны харилцаатай байдаг олон улс орон Оросын байгууллагуудтай хийх санхүүгийн хэлцлүүдээ олон улсын хууль журамтай бүрэн нийцүүлэхийн тулд өөрөөр зохицуулах шаардлага үүссэн. Үүний улмаас Монголын шийдвэр гаргагч нарт тулгарч буй  асар их бэрхшээл, хариуцлагыг бид ойлгож байна. Түүний зэрэгцээ Монголын банкууд, экспортлогчид, засгийн газар хойд хөрштэйгөө ашигтай байж болох худалдаа, эрчим хүчний үр ашигтай хэлцлээс татгалзахын үр дагаврыг бүрэн дүүрэн ухамсарлан уг хоригийг хүндэтгэж байгааг бид бас ойлгож байна.

Гэхдээ энэ чиглэлээ тууштай хадгалах нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл, дэлхийн санхүүгийн харилцаанд нээлттэй байж, оролцоогоо өргөжүүлэх талаар гаргасан бүхий л хүчин чармайлтаа цаашид хадгалж чадах эсэх нь олон улсын хууль журмаар хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлсээр байгаа тохиолдолд л боломжтой. Тэгэхээр өнөөдөр худалдааны санхүүжилт ямар ач холбогдолтой болох талаар хэлэлцэж буй энэ цаг үед бизнесүүд, засгийн газар, дипломатч, та бүхэнд хандан, нэн тэргүүнд олон улс дахь Монголын нэр хүндийг хамгаалах, дэлхий дахины болон бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэх боломжийг нь улам өргөжүүлэхийн төлөө тууштай байхыг миний бие уриалж байна.

ХХБ саяхан Bank of New York Mellon-той корреспондент банкны харилцааг шинээр тогтоосон нь Монголыг дэлхийн санхүүгийн сүлжээнд холбох шинэ сайхан боломжуудын нэг жишээ бөгөөд цаашид ийм харилцаа улам олон тогтоосой гэж бид хүсэж байна.

Хэрэв Монгол Улс банк, санхүүгийн салбартаа тогтвортой, ил тод байдал, хууль дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг дэмжсээр байвал АНУ зэрэг хүсэл зориг нэгт түншүүд бэлэн байна.

Ази, Номхон далайн бүстэй, цаашлаад дэлхий дахинтай худалдаа, бизнес, санхүүгийн хэлхээ холбоо тогтоох гэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг АНУ зуучлан дэмжихэд бэлэн байна.

Их баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе.