Өнөөдөр энд хуран цугласан та бүхэнд баярлалаа. Эрхэм хүндэт зочдын хамт нэгэн түүхэн хувь тохиолоор энд байгаадаа маш их баяртай байна. Учир нь, миний хайрыг татсан энэ хотын усны асуудлыг шийдвэрлэхэд туслах томоохон хөтөлбөрийн нээлтийг бид тэмдэглэж байна. Мөн энэхүү үйл явдал нь манай хоёр оронд хоёуланд нь ашиг тусаа өгөх бидний стратегийн түншлэл цэцэглэн хөгжсөөр буйг давхар тэмдэглэж байна.
Би өмнө нь МСК-ын бусад компакт гэрээнүүдэд тодорхой хэмжээгээр оролцож байсан боловч хэрэгжилтийн өмнөх үе шатанд оролцсон нь миний хувьд анхных юм. Мянганы Сорилтын Сангийн мэргэжилтнүүд голлох яамдтай хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэн, урагшлах замыг засаж байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа.
МСК-ын бүх компакт гэрээний хувьд, улс орнууд зээл биш буцалтгүй тусламж хэлбэрээр ирж байгаа санхүүжилтийн үр шимийг хүртдэг. Хөгжиж буй ардчилсан орнууд хэт их өрийн дарамтанд оруулчихааргүй байдлаар шийдэгдсэн тусламжийн хөтөлбөрөөс л үр шим хүртэнэ гэж АНУ-ын Засгийн газар итгэдэг юм. Миний бодлоор энэ нь маш чухал, суурь санаа юм.
Монголд хэрэгжих Усны компакт гэрээний үр шимийг голлон хүртэгсэд нь нийслэл хотын оршин суугчид байх юм. Улаанбаатар бол маш хурдацтай өсөн тэлж буй хот бөгөөд энэхүү өсөлтийг бид эргэн тойрноосоо харж байна.
Харин бидэнд харагдахгүй байгаа нэг зүйл бол булангийн цаана отож буй бэрхшээлүүд, тухайлбал усны хомсдол үүсэх асуудал нь нэг томоохон бэрхшээл юм. Тиймээс хотын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх ухаалаг шийдвэрийг гаргасан Засгийн газар хүндэтгэл, талархал хүртэх нь зүйн хэрэг. Энэхүү хүчин чармайлтанд АНУ-ын Засгийн газар тодорхой үүрэг гүйцэтгэж байгаагаар би маш их бахархаж байна.
Энэхүү компакт гэрээ нь мөн ажлын байрууд бий болгоно. Эдгээр ажлын байран дээр ажиллах менежерүүд, зураг төсөлчид, барилгын ажилчид, ус сувгийн ажилчид ахисан шатны сургалтанд хамрагдсанаар ажиллах хүчний чанар сайжрах юм.
МСК эндэх хамтрагчтайгаа энэ бүх ажлыг зангидан АНУ болон Монгол Улсын засгийн газрын санхүүжилт зөв зохистой зарцуулагдаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажиллана. Энэ бол МСК-ын нэн чухал, гол зорилго юм. Монголын МСС Авилгал, луйврын эсрэг төлөвлөгөөгөө аль хэдийн баталж, вэбсайт дээрээ тавьсан бөгөөд тогтмол шинэчилж байх юм.
Тиймээс бид бат бэх байр сууриас эхэлж байна. АНУ-ын Төрийн департамент болон манай Элчин сайдын яам Монгол Улсын Засгийн газар дахь түншүүд, МСК-ын нөхөдтэйгээ энэ баярт мөчийг хамтран тэмдэглэхдээ таатай байна. Бид энэ компакт гэрээгээ цаашид ч хамтын ололт амжилт болгон хэрэгжүүлэхэд чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно.