АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганы АНУ-ын ОУХА-ийн зудын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд оролцохдоо хэлсэн үг
Блю Скай зочид буудал
2023 оны 5-р сарын 3
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн
НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А. Хишигбаяр
ОБЕГ-ын Дэд дарга, Бригадын генерал Б. Ууганбаяр
Ноёд, хатагтай нар аа,
Бид 10 гаруй жилийн дараа Монголд өвөлжилт хүндэрч, зудын гамшиг тохиохыг нүдээр үзлээ. Америк болон Монгол Улсууд анд нөхөд учраас бид хүнд хэцүү цагт бие биедээ тусалдаг. Тусламж хэрэгтэй үед нь бид Монголын ард түмэнтэй хамт байгаадаа бахархалтай байна.
АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-аараа дамжуулан 900,000 ам. долларын (3 тэрбум гаруй төгрөг) нэмэлт санхүүжилтийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй “Зудын хариу үйлдэл” төсөлд олгох юм.
Энэ мөнгийг эмзэг бүлгийн малчин өрхүүдэд малын тэжээл, мөнгөн тусламж хэлбэрээр олгох бөгөөд энэ удаагийн зудын хор уршгийг арилгахад АНУ-ын Засгийн газраас үзүүлсэн нийт тусламж нэг сая ам.доллар болж байна.
Дэлхийн Зөн Монгол байгууллага нь бидний итгэлт хамтрагч бөгөөд тусламж хамгийн их хэрэгтэй байгаа малчдад малын тэжээл, бэлэн мөнгийг үр дүнтэй, үр ашигтайгаар хуваарилах туршлага, чадвар тэдэнд бий гэдэгт итгэж байна.
Зудын хор уршгийг арилгах ажил нь ОУХА-ийн одоо хэрэгжиж буй гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрт тулгуурлан, зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байх малчдын чадавхийг бэхжүүлэхэд чиглэнэ. Энэ нь хэдийгээр малчин бүрийн гачигдал бэрхшээлийг бүрмөсөн шийдвэрлэхгүй ч 3,300 гаруй өрхөд нэн чухал тусламжийг үзүүлнх болно.
Би өөрөө малчин өрхүүдтэй биечлэн уулзаж, өвлийг хэрхэн давж байгаа тухайг нь сонссон билээ. Мал маллаж амьдрах амаргүйг би мэднэ. Ихэнх малчид харьцангуй бие даасан байдаг ч зарим тохиолдолд хүмүүст тусламж хэрэгтэй болдог.
Мэдээж хэрэг, тусламж хэрэгтэй үед хэрэгтэй хүмүүс зөвхөн Америкийн юмуу Монголын дэмжлэгээр хязгаарлагдахгүй. Бид НҮБ-ын хүчин чармайлтын ачаар үйл ажиллагаа нь нэгдмэл байдаг олон улсын хамтын нийгэмлэгийн нэгээхэн хэсэг билээ. Тусламжийг шударгаар хуваарилж, хүрэх ёстой хүнд нь хүргэхийн төлөө НҮБ хандивлагчдын үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ дашрамд НҮБ-ын суурин төлөөлөгч, ноён Тапан Мишрад талархал илэрхийлье. Тапан, та хаа байна? Тапан олон улсаас тусламж хүсэх, хуваарилах ажлыг санаачилж, гайхалтай сайн ажиллалаа. Их баярлалаа, Тапан.
АНУ-Монголын стратегийн түншлэлийн хүрээнд АНУ-ын ОУХА Монголд хэрхэн өргөжиж байгаагийн бас нэгэн жишээ нь энэхүү төсөл болж байгааг тэмдэглэхдээ би бахархалтай байна. ОУХА 1991 оноос хойш Монголд ажиллахдаа сүүлийн хоёр жилд л гэхэд хэд хэдэн салбарт буюу жижиг бизнесийг дэмжих, ардчилсан институцүүдийг бэхжүүлэх, эрчим хүчний засаглалыг сайжруулах, Ковид-19-тэй тэмцэхэд туслах зэргээр шинэ хөтөлбөрүүд эхлүүлсээр ирлээ.
АНУ болон Монгол Улс нийтлэг ашиг сонирхол, ардчилсан хамтын үнэт зүйлс дээр тулгуурласан урт хугацааны, бат бэх хамтын ажиллагааг тогтоосон бөгөөд бидний стратегийн түншлэл зөвхөн цаасан дээрх үг төдийн биш харин бодит үр дүнг авчрах зорилготой билээ. Энэхүү хөтөлбөр Монголын ард түмэнд бодит үр дүнг үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.
Бүх хамтрагч түншүүддээ баярлалаа, бүгдэд нь маш том амжилт хүсье!