Монгол дахь Америкийн худалдааны танхимын 2023 оны Бүс нутгийн цахим эдийн засгийн хэлэлцүүлэг дээр Элчин сайд Буанганы хэлсэн үг

Монгол дахь Америкийн худалдааны танхимын 2023 оны Бүс нутгийн цахим эдийн засгийн хэлэлцүүлэг дээр Элчин сайд Буанганы хэлсэн үг

2023 оны 6-р сарын 20

 

Эрхэм Тэргүүн Гари Биондо, АмЧамын гишүүд болон цахим салбарын та бүхнийг өнөөдрийн Бүс нутгийн цахим эдийн засгийн хэлэлцүүлэгт ирсэнд талархлаа. Миний бие өнөөдөр та бүхний урилгаар үг хэлэх болсондоо таатай байна. Мөн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулсан АмЧамын Мэдээллийн технологи, цахим эдийн засгийн хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд талархал илэрхийлье.

Цахим ертөнц бидний гэр бүл, сургууль, ажил, бизнес, үзэл саналаа илэрхийлэх чадвар гэх зэргээр товчхондоо амьдралын бүхий л талыг хамардаг болсон байна. Бидний амьдрал болон нийгэм тэр чигээрээ технологи, цахим ертөнцтэй нягт уялдаатай болсныг үл тоомсорлож болохгүй. Хариуцлагатай оролцогч талуудын хувьд бид цахим хамтын ажиллагаа, харилцан яриа, гүйлгээ, хүрээлэл өсгөхийн ач холбогдлыг ухамсарлаж, үзэл санаа, мэдлэг түгээх зорилгоор нийгмийн сайн сайхны төлөө ашиглах ёстой. 

Би саяхан Вашингтон хотноо АмЧамын бизнес төлөөлөгчдийн айлчлалд нэгдэж Монгол Улс технологи, цахим салбарын хөгжил боломжоо ашиглаж эдийн засгаа төрөлжүүлж, гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх талаар ярьсан юм. Айлчлалын олон яриа хэлэлцээний үеэр хөндөгдсөн нэг зүйл бол цахим эдийн засаг хэрхэн нийгмийг илүү уян хатан, нээлттэй, ил тод болгон өөрчилдөг талаарх үнэлгээ байв. Технологи нь цахим ардчиллыг бий болгодог ч, харамсалтай нь мөн цахим авторитаризмыг бий болгодог талаар бид ярилцсан. Бодлогын зорилгоо биелүүлэхийн тулд хоёулаа технологи, цахим хэрэгслийг ашигладаг. Аль аль нь технологиор нийгмээ өөрчлөх алсын хараатай. Цахим ардчиллууд эрх чөлөөг хадгалах том зорилгын дор нийгмээ илүү уян хатан, нээлттэй, ил тод болгохын тулд технологийг ашигладаг гэдэгт би итгэдэг. Цахим авторитаризм нь дэлхийн олон оронд бидний харж байгаачлан дэг журам сахиулах нэрийн дор хянах, хуурах, сүйтгэх зорилгоор технологийг ашигладаг. Тэгэхээр би та бүхнээс энэ асуултыг асуумаар байна: Монгол аль нь болохыг хүсэж байна вэ? Мэдээж хариулт маш тодорхой бөгөөд энэ нь бидний өнөөдрийн ярианы үндэслэл болж байна.

Эрүүл мэнд, аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, оюуны өмчийн эрх, улс төрийн хууль ёсны байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах засгийн газрын ашиг сонирхол хууль ёсных. Гэсэн хэдий ч ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газар, хууль дээдлэх, зах зээлийн нээлттэй эдийн засгийн зарчмуудыг баримталдаг улс орон бүрийн үүрэг бол хувь хүний ​​эрх чөлөө буюу үг хэлэх, сэтгэх эрх чөлөө, өөрийн хүссэнээр шүтэх, эс шүтэх эрх чөлөө, эрх чөлөөг хамгаалах явдал юм. Ардчилсан олон оронд бидний харж байгаачлан, аюулгүй цахим орон зайг үүсгэх засгийн газруудын хүсэл эрмэлзэл нь тухайн орон зайд хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах хэрэгцээтэй нь хоорондоо зөрчилдөж байна. Энэхүү хурцадмал байдлыг шийдвэрлэхийн тулд засгийн газрууд нээлттэй байж, бизнесийн хүрээнийхэн, академи, ТББ-уудаас түншлэгчдийг хайж олох, цахим орон зайг хор уршигтай этгээдээс хамгаалах, цахим эдийн засгийг улс орны эдийн засгийн ерөнхий хөгжлийн салшгүй хэсэг болгох хоёр талт зөв тэнцвэрийг олох ёстой байна.

Цахим ертөнцийн бүх боломжуудыг ашиглахын тулд бизнес эрхлэгчид болон засгийн газрууд хувь хүний ​​болон эдийн засгийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хамгаалахын зэрэгцээ цахим орчныг төлөвшүүлэхийн тулд бие биетэйгээ зөвшилцөн бодлого боловсруулах хэрэгтэй.

Монгол Улс АНУ болон бусад олон орны нэгэн адил энэхүү нарийн цахим олсоор алхах эхний алхмаа хийж байна.

Ямар ч орчинд Засгийн газар болон олон нийт гэмт хэргийн үйлдлүүдээс хамгаалагдах эрхтэй, Монгол Улсын хууль тогтоомжид үүнийг боломжийн сайн зохицуулсан байдаг. Харин улс төрийн яриа, худалдааны яриа хоёр хоорондоо маш нягт холбоотой тул нэгийг нь золиосолж, нөгөөг нь буулгах болохгүй.

Монголд хөгжиж буй цахим худалдааны салбарын талаар цахим яриаг хязгаарлаж болзошгүй тухай санаа зовоосон асуудал сүүлийн үед яригдаж байна. Монгол Улс, НҮБ-аас ЕСБХБ болон БНСУ-тай хамтран сүүлийн үед олон нийтийн хэлэлцүүлгээр эдгээр асуудлуудын зарим асуудлыг шийдвэрлэж эхлээд байна. Удахгүй гарах гэж буй тэдний Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланд Монгол Улс, АНУ-ын хамтран хэрэгжүүлсэн олон жилийн хүчин чармайлттай уялдсан бодлогын зорилтууд багтсан байна.

Цахим бодлогын хувьд АНУ Монгол дахь төрийн болон хувийн хэвшлийн түншүүдтэйгээ кибер аюулгүй байдлын мэдлэг, туршлагаа хуваалцаж ирсэн бөгөөд цаашид ч тууштай байх болно. Бид Цахим хөгжил, харилцаа холбооны яам, прокурор, шүүгчид, захиргааны ажилтнууд, хувийн хэвшлийн банк, уул уурхай, технологийн компаниудтай хамтран кибер аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм журам, үйл ажиллагааны талаар мөн эдгээр талуудад тулгарч буй сорилтод хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг сурах талаар биечлэн болон цахим сургалт зохион байгуулсан.

Бид АНУ-ын Хууль зүйн яам, Карнеги-Меллоны программ хангамжийн инженерийн хүрээлэн, АНУ-ын батлан хамгаалах департментийн дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон Америкийн төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийг авчирч, хүний ​​нөөцийг хөгжүүлэх, мөн хууль тогтоох, хэрэгжүүлэх, сүлжээгээ хор уршигтай этгээдээс хамгаалахад төр, хувийн хэвшлийн хамтрал, эдийн засгийн инновац, чадвар тогтох эрх чөлөөг алдагдуулахгүйгээр өөрсдийн практикийг уялдуулах талаар ярилцсан.

Цахим худалдаа нь найдвартай, харилцан ажиллах боломжтой, бие даасан, заль мэх, сааталд тэсвэртэй цахим дэд бүтцээс хамаарна. Энэ нь бидний түншүүдтэйгээ хуваалцдаг сорилт юм.

Монгол, АНУ хоёр кабель, утсаар холбогдоогүй дэд бүтцийн хувилбаруудыг Монголын хот, хөдөөд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Эдгээр шинэ цахим дэд бүтэц, тухайлбал, өргөн уудам хиймэл дагуулын сүлжээнүүд нь ардчилсан шинж чанартай бөгөөд бүрэн утгаараа бүгдэд нээлттэй нэвтрэх боломжийг санал болгодог. Хэрэв бид ашиглахыг хүсвэл хууль эрх зүйн болон захиргааны хүрээнд уян хатан байдал шаардлагатай.

Хүний нөөцийн чадавх нь улс төрийн болон худалдааны цахим хөгжилд чухал ач холбогдолтой. Үүнд англи хэлний чадавхыг нэмэгдүүлэх, технологийн салбар дахь нийгмийн бүх давхаргад хүртээмжтэй оролцоог дэмжих зэрэг багтаж байгаа тул бид хэнийг ч ардаа орхих ёсгүй. 

Бид арга зүйн сургалт, Англи хэлний сургалтын нээлттэй эх сурвалж, хэрэглүүр, тухайлбал Олонд Нээлттэй Онлайн Курс (MOOCs) зэрэг олон төрлийн англи хэл заах, сурах хөтөлбөр явуулдаг.

Бид STEM-д эмэгтэйчүүдийг дэмжиж оруулахын тулд НАСА болон Цахиурын хөндийн эмэгтэйчүүдийг энд авчирсан. Ирэх есдүгээр сард бид Улаанбаатарт “Цэвэр эрчим хүч дэх эмэгтэйчүүд” зөвлөгөөнийг зохион байгуулна.

Бид цахим аюулгүй байдал, цахим хууль тогтоомж, бизнес эрхлэлт, англи хэлний сургалт зэрэг цахим орчинд орон нутгийн хувийн болон төрийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүчийг ашиглаж чадвал, төр, хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө өрсөлдөгч биш харин хамтрагч гэж үзвэл Монголын цахим ирээдүй гэрэлтэй байна. Монгол бусад цахим ардчиллын дунд өндөр байр суурь эзэлж, бүс нутагтаа үлгэр дуурайлал болохуйц болж, энэ танхимд байгаа хүн бүрийн хуваалцдаг алсын харааг урагшлуулж, хүчирхэг, олон талт эдийн засагтай, хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр ирдэг, бизнес эрхлэхийг эрмэлзэж буй залуу бизнес эрхлэгчид шинэ санаачилга, шаргуу хөдөлмөрөө шагнуулдаг улс болох боломжтой.

Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах боломж олгосонд маш их баярлалаа. Энэ форумаар хэлэлцүүлэг сонсож, хамтран ажиллах шинэ, шинэлэг арга замуудыг олж мэдэхийг тэсэн ядан хүлээж байна.