Гүүгл компани болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны нээлтэд зориулан Элчин сайд Ричард Буанганы хэлсэн үг
2023 оны наймдугаар сарын 4-ний Баасан гараг
Вашингтон хот
Монгол Улс Гүүгл компанитай хамтран боловсролын дэлхийн жишигт нийцсэн боломжийг Монгол залууст олгохоор болсонд би их баяртай байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон энд хүрэлцэн ирсэн түүний төлөөлөгчдөд, Засгийн газрын бүрэлдэхүүнд нь ард иргэдийнхээ сайн сайхан ирээдүйг бүтээх алсын харааг баримтлан тууштай ажиллаж байгаад нь баяр хүргэе! Мөн Америкийн инновац, боловсролын шилдэг туршлагыг Монголын ард иргэдтэй хуваалцаж буй Гүүгл компанид талархсанаа илэрхийлье!
Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь иргэд хоорондын харилцаан дээр суурилдаг билээ. Энэ нь манай хоёр орны мөрөөдөлд тэмүүлэгчид, бизнес эрхлэгчид болон зохион бүтээгчид бие биеэсээ урам зориг авч суралцсан цагт АНУ болон Монгол Улсын аль аль нь илүүтэй хөгжинө гэсэн итгэл үнэмшлээс үүсэлтэй.
Та бүгд олон олон оюутны, багшийн, ирээдүйн технологийн мэргэжилтний амьдралд бодит хувь нэмэр оруулах болно. Бусад цахим ардчилал бүхий улс орны дунд өндөр байр суурь эзэлж, бүс нутагтаа үлгэр дуурайлал болохуйц улс гэдгээ энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улс харуулах болно. Мөн бид бүхний итгэдэг алсын хараа болох хүчирхэг, олон талт эдийн засагтай, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, залуу бизнес эрхлэгчдийн хувьд тэд шинэ санаачилга, шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг тийм улс болох боломжтой гэдэгт би эргэлзэхгүй байна.
Төр, хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө хамтрагч гэж харвал ямар их зүйлд хүрч болдогийн гайхалтай жишээ нь энэхүү хамтын ажиллагаа юм. Уг хамтын ажиллагааг мөн цахим шилжилтэд чиглэсэн бидний хамтын аяллын нэг том алхам нь гэж хэлж болно. Бидний хоёр ардчилсан орны ард түмнийг газарзүйн байршлаас үл хамааран ойртуулж нэгтгэсэн хамтын ирээдүйг бүтээх томоохон зорилго бид бүхэнд бий. Тэрхүү зорилгод энэхүү хамтын ажиллагаа хувь нэмэр оруулж, АНУ болон Монгол Улсад гэрэлт ирээдүйг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа.