АНУ-ын Тусгаар тогтнолын 247 жилийн ойн баярын арга хэмжээнд Элчин сайд Буанганы хэлсэн үг

АНУ-ын Тусгаар тогтнолын

247 жилийн ойн баярын арга хэмжээнд

Элчин сайд Буанганы хэлсэн үг

2023 оны 8-р сарын 23 

Улаанбаатар хот, Монгол Улс

Монгол Улсын Шадар сайд, эрхэмсэг ноён С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, УИХ-ын эрхэм гишүүд, Дипломат корпусын гишүүд, Анд нөхөд, хамтран зүтгэгсэд, Эх орон нэгт америкчууд аа!

Удаан хүлээсний эцэст АНУ-ын Үндэсний баярын өдөрт зориулсан манай ЭСЯ-ны хүлээн авалтад тавтай морилно уу.  Өнөөдөр бид энд АНУ-ын Тусгаар тогтнолын 247 жилийн ойг төдийгүй Монгол, АНУ гэсэн хоёр агуу ардчилсан улсаа онцлон тэмдэглэхээр цугларлаа.

Өнгөрсөн 36 жилийн хугацаанд улам бүр батжин бэхэжсээр ирсэн Стратегийн гуравдагч хөршийн харилцаанд төдийгүй Монгол, Америкийн ард түмнүүдийн хооронд тогтсон найрамдал нөхөрлөлийн харилцаанд хүндэтгэл үзүүлэхээр өнөөдөр бид цугларлаа.

Энэ бол бидний эрх чөлөөний баяр юм.

Монголын их найрагч Д.Пүрэвдоржийн шүлэглэснээр 

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр 

Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр 

Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр 

Тусгаар тогтнол чамайг  

Тунхаглан бичнэ би! …  гэснийг давтан хэлмээр байна.

Өнө удаан жилийн нөхөрлөл маань ардчиллын нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхол дээр тулгуурлаад зогсохгүй амьдрал, эрх чөлөө, аз жаргалыг эрхэмлэн дээдэлдэг манай хоёр ард түмний тууштай эрмэлзлээр гагнагддаг юм.

Бидний нөхөрлөл манай ард иргэдийн, тэр дундаа ардчиллыг хамгаалж, түүнийг бат бэх хэвээр байлгадаг манай цэргүүд, энхийг сахиулагч, багш нар, аврагчид, хүний эрхийг хамгаалагч, бизнесийн манлайлагч нарын зүтгэл дээр тогтдог юм.

Иргэд хоорондын солилцоог манай дипломат харилцааны төвд байлгахын төлөө АНУ тууштай хэвээр байж, манай шинийг сэтгэгчид, хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгч нар бие биенээсээ урам зориг авч, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлнэ.

Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулахад АНУ Монгол Улсыг дэмжих болно.

Өнгөрсөн 20 жилд Монголын энхийг сахиулагчид дэлхийн хүнд бэрх хэсгүүдэд асар их эрсдэл үүрэн, энх тайвны нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэж байна.  Эдгээр баатрууд бидний дэмжлэг, талархал, сайшаалыг хүртэх эрхтэй.

Уур амьсгалын өөрчлөлт, ойгүйжилт, цөлжилттэй тэмцэхэд Монгол Улсын туршлага, манлайллыг бид талархан угтана.

Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хадгалах яриа хэлэлцээнд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг бид бахдан тэмдэглэж байна.

Монгол Улсыг ардчиллын гялалзах баян бүрд, Энэтхэг-Номхон далайн бүс дэх бусад орнуудын хувьд үлгэр жишээ хэвээр байна гэдэгт бид баттай итгэдэг.

Тийм ч учраас өнөөдөр бат бэх, ардчилсан, цэцэглэн хөгжсөн улсыг бүтээн байгуулж, маргаашийн Монгол Улсаа хүүхэд залуусынхаа мөрөөдлийн орон байлгахын төлөө зорьж буй Монголын ард түмнийг бид тууштай дэмжих болно.

Энэ аян зам амар биш. Гэхдээ энэ аяныг бид та нартай хамт туулна.

Дипломат корпус, олон улсын байгууллагуудын анд нөхөд та бүхэн монголчуудыг чадавхжуулж, амжилт, хөгжил цэцэглэлтэд өөрсдөө хүрэх урам зориг нэмэн, Монгол Улсыг ардчиллын замаар замнахад нь тусалж байна.

Ирээдүй хойчдоо бахархал болсон улс орныг бүтээхэд нь Монголын ард түмнийг дэмжих  олон үйл хэрэгт та бүхэнтэй хамтран ажилладгаараа АНУ-ын Элчин сайдын яам бахархдаг.

Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан Пүрэвдорж найрагчийн мөрүүд энэхүү агуу гайхамшигт орны хүч чадал, боломж бололцоонд итгэж найдах урам зоригийг бидэнд өгсөөр байх болтугай.

Монголчууд, залуу хөгшин ялгаагүй, өдөр бүр 

“Эрэлхэг Монголын золтой ардууд 

Эрх чөлөө жаргалыг эдлэв.

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай!” 

хэмээн дуулахыг бид сонсдог.

Тийм ээ, Монгол Улс мөнх оршиг.

Их баярлалаа. Бурхан Монголыг өршөөг, Бурхан Америкийг өршөөг, Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе!