Элчин сайд Буанганы Дэлхийн сансрын долоо хоног 2023 арга хэмжээнд хэлсэн үг

Дэлхийн сансрын долоо хоног 2023 арга хэмжээн дээр Элчин сайд Буанганы хэлсэн үг

2023 оны 10-р сарын 7

Ноён Ж. Гүррагчаа, хүндэт зочид,  эрдэмтэн, судлаач, хатагтай ноёд та бүхний энэ өглөөний амгаланг эрэн мэндчилье.

Энэхүү арга хэмжээг нээх хүндтэй үүргийг надад оноож, урилга ирүүлсэн Дүдү боловсролын санд баярлалаа. Сансрын долоо хоногийн үеэр бид сансрыг судлах хүсэл тэмүүллээ дахин нэг бататгаж, ирээдүйн боломжуудыг эрэлхийлэхэд энэ цаг хугацааг ашиглаж чадна хэмээн найдаж байна.

Сансар судлалын үзэл санаа эрч хүчтэй хэвээр байгааг өнөөдөр энд цугласан энэ олон залуусаас харахад урамтай байна. Тэрхүү үзэл санаа бүр Монголын эзэнт гүрний эхэн үе рүү биднийг хөтөлдгийг би олж мэдлээ.

Бараг 800 жилийн өмнө, Чингис хааны ач нар сансар огторгуйг сонирхож байв. Хубилай хаан Монголын эзэнт гүрэнд гараг эрхсийг судлах төв бариулахаар Персээс одон орон судлаачдыг урьж, Юань гүрэнд анхны астролабыг хийлгэсэн байдаг.  Хүлэгү хаан од эрхсийг харах их дуртай байснаас үүдэн Иранд Марагейн ажиглах цамхагийг бариулсан нь өнөө ч байна.Тэнгэр эрхсийг сониучирхан, шөнийн тэнгэрийн гоо үзэсгэлэнг бишрэх нь ямагт монголчуудын оюун санааны баялаг уламжлалын нэг хэсэг байсаар иржээ. Тэр л сониуч мөрөөдөл өнөөгийн монголчуудад өвөг дээдсийнхээ мөрөөр сансрын гайхамшгийг нээх урам зоригийг өгдөг байх.

Булган аймагт малчны гэр бүлд төрж өссөн ноён Ж. Гүррагчаа 42 жилийн өмнө түүхэн аялал хийж, сансарт цойлсон анхны монгол хүн болсон билээ.Түүний нэр хүүхэд насны минь баатар Нил Армстронгийн адил сансарт нисэж, эсвэл саран дээр алхах хувь тохиосон цөөхөн хэдэн хүний нэг болж түүхэнд мөнхрөн үлдэнэ.

Эдгээр анхдагчууд бие биенээсээ хэдэн мянган бээрийн зайд төрж өссөн ч тэд их хэргийг бүтээх итгэл үнэмшил, орчлон ертөнцийн тухай хүн төрөлхтний мэдлэгийг тэлэхийн төлөө амь насаа ч үл хайрлах эр зоригоороо ижил байжээ. Ерөнхийлөгч Ж. Кеннедигийн хэлснээр, “амархан учраас биш” харин “хэцүү учраас” тийнхүү их үйлсэд зорьсон хэрэг.

Өнөөдөр сансар судлал алс холын мөрөөдөл байхаа нэгэнт больж, бүх улс орнууд хувь нэмрээ оруулж, үр шимийг нь хүртэж болохуйц бодит зүйл болсон байна.

Сансрын системүүд өргөн зурвасын интернетийг дэлхийн хамгийн алслагдмал өнцөг буланд ч хүртээмжтэй болгож байна. Байгалийн гамшиг, халдварт өвчний тархалтыг судлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, далай тэнгисийн болоод агаарын бохирдлыг хянахад ашиглаж байна.

Сансар судлалын арилжааны салбар урд өмнө байгаагүй хурдаар хөгжиж байна. 2021 онд сансрын эдийн засаг дэлхий даяар 469 тэрбум ам. долларт хүрснийг саяхны нэг судалгаа харуулжээ.

Өмнө нь сансарт хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эзэмшдэг салбар байлаа. Харин бизнесийн боломжууд гарч ирснээр сансрыг эзэмших улс үндэстний тоо үлэмж нэмэгдсэн байна.

Гурван сая хүрэхгүй хүн амтай Литва улс гэхэд сансрын стартапуудыг бойжуулагч улс болохоор үндэсний стратеги боловсруулсан байна. Уудам газар нутаг, агаарын орон зайгаараа Монголтой адил Шинэ Зеланд дэлхийн тэргүүлэх пуужингийн компаниудын хөөрөх талбай болж. Сингапур зайнаас хайгуул хийх чиглэлээр тэргүүлэгч болохоор олон улсын хамтын ажиллагаа, технологийн судалгааг хөхиүлэн дэмжиж байна.

Эдгээр жижиг улсууд зөв цаг мөчийг алдалгүй барьж авч байна. Монгол ч тэгж чадна. Марс V хөтөлбөр дээр ажиллаж байгаа гялалзсан залуу монгол инженерүүдийн өөдрөг үзэл, хүсэл эрмэлзлийг би дэргэдээс нь харсан. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн түүхэн айлчлалын үеэр тэд түүнтэй уулзсан юм. Тэдгээр инженерүүд болоод сансар судлалаар ажиллаж байгаа олон монгол залуус Монгол Улс том боломжоо алдахгүй барьж авах дараачийн орон болно хэмээн найдаж байгаа. Монгол Улс тэр том боломжоо олж авахыг АНУ хүсэж байгааг батлан хэлмээр байна. Та нар төсөөлж байна уу? Далайд гарцгүй Монгол Улс 21-р зуун, түүнээс ч цааш сансрыг эзэмших агуу үндэстнүүдийн нэг болохыг? Би бол боломжтой гэж бодож байна.

Сансар огторгуйг энхийн зорилгоор, хүн төрөлхтний тусын тулд судлахад АНУ тууштай хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт нэг жижиг капсул Ютад газардсан. НАСА анх удаа жижиг гарагийн хэлтэрхийг судлахаар дэлхий дээр авчирчээ. 4 тэрбум жилийн настай тэр чулуунд буй нууц манай нарны аймаг болоод хүн төрөлхтний үүсэл хөгжлийн талаар ч хариулт өгч магадгүй юм.

Ирэх жилүүдэд НАСА-гийн “Сарнаас Ангараг” хөтөлбөр улаан нүдэн гараг руу хүн төрөлхтний хийх дараагийн том алхмыг эхлүүлнэ. НАСА анх удаа өнгөт арьстан эмэгтэйг саран дээр буулгаж, сарны гадаргууг урд өмнөхөөс илүү нарийн судлахын тулд саран дээр урт хугацаагаар, тогтвортой байрлах боломжийг нээхийн зэрэгцээ ирээдүйд Ангараг гараг руу аялах сансрын нислэгт бэлдэнэ. Магадгүй тэдгээр сансрын нисгэгчдийг сургаж, бэлдэхэд Марс V төслийн монгол инженер, эрдэмтдийн ур ухаан тус дэм болж чадна. Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д. Нацагдорж нэгэнтээ тэнгэрийг тольдон байгаад

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалах улаан оч оо

хэмээн Улаан нүдэн гарагийн тухай шүлэглэсэн байдаг.

Тэрхүү “хязгааргүй огторгуйг” судлах нь Монголын хувь зохиол гэлтэй. Тиймээс Марс V төсөл нь энэхүү хүчин чармайлтад монгол залуус хувь нэмрээ оруулах чадвар, боломжтой гэдгийн баталгаа юм.

Өнөөдөр та бүхнээс би нэг зүйл хүсэх гэсэн юм. АНУ, Монгол Улс болон энхийг эрхэмлэгч бусад орнууд хүсэл эрмэлзлийнхээ төлөө хамтран ажилласан цагт сансрын нууцуудыг тайлах боломж улам нэмэгдэнэ. Дэлхий дахины олон талт санаачлагуудад Монгол Улс нэгдэх талаар хүчин чармайлт гаргахыг төр, засагтаа уриалаарай гэж би та нараас хүсмээр байна. Тэгвэл бид хамтдаа сансрыг энх тайванч, иргэншсэн, шинжлэх ухаанч маягаар судлах боломжтой болно. Монголчуудын ур ухаан, авьяас чадвар, нөөц бололцооны үр шимийг дэлхий хүртэх болно. Монгол Улс хувь нэмрээ оруулснаар сансар судлалаар энх тайванч хамтын ажиллагааны цаашдын ирээдүй улам баялаг болно.

Хатагтай, ноёд оо. Дэлхий дээрх элдэв хямрал бидэнд амьдралын утга учрыг хайх, хүмүүн төрөлхтөн биднийг нэгдмэл зүйлсдээ талархалтай байхыг сануулж байна. Бид бүгдийн санал нийлэх нэг зүйл байгаа нь завшаантай хэрэг. Задгай сансар бол бидний ашиг сонирхол, хүсэл мөрөөдлөө нэгтгэж, түүний төлөөх эрэл хайгуулыг хамтдаа хийж болох талбар юм. Эцэст нь, хэдэн зуун жилийн өмнөх нүүдэлчин монголчуудын нэгэн адил өнөөгийн бид ч шөнийн тэнгэрийг шохоорхон харахдаа тэр сүр жавхлант, “хязгааргүй огторгуйг” гайхан бишрээд зогсохгүй гүнд нь нэвтрэн нууцыг нь тайлах хүсэлд автдаг биз ээ.

Мөрөөдөгч, судлагч анд нөхөд минь, та бүхэн бидэнтэй нэгдэх үү?

Баярлалаа.