АНУ-Монгол Улс хоорондын
Хүүхэд хамгааллын компакт гэрээний түншлэлийн
Хоёр талт гуравдугаар уулзалтыг нээж
Элчин сайд Буанганы хэлсэн үг
2023 оны 10-р сарын 12
Улаанбаатар хот
Намайг танилцуулсан, мөн Компакт гэрээний хэрэгжилт дээр тууштай ажиллаж буй хатагтай Л. Нямгэрэл танд баярлалаа. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд хамгаалах үйл хэрэгт тууштай байгаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С. Зулпхар, Ерөнхий прокурорын орлогч М. Чинбат нарт баярлалаа.
АНУ-Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын компакт гэрээний түншлэл (ХХКГТ)-ийн хоёр талт 3-р уулзалтыг нээхээр та бүхэнтэй хамт байгаадаа туйлын баяртай байна. Өнгөрсөн жилийн дотор энэхүү түншлэлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд, түүний дотор хохирогчдыг тогтоох, тусламж үзүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар гаргасан ахиц дэвшлийн талаар сонсохыг тэсэн ядан хүлээж байна. Мөн уг түншлэлийн сүүлчийн жил эхэлж буй энэ цаг үед тэдгээр хүчин чармайлтыг хадгалахын тулд хийх дараачийн алхмуудыг хэлэлцэх, ирэх жилийн төлөвлөгөө болоод уг түншлэлийн гэрээ дууссаны дараа ололт амжилтуудаа бататган хадгалахад АНУ Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах арга замуудын талаар сонсоно гэж итгэж байна.
2020 оны 4-р сард ХХКГТ-д гарын үсэг зурснаас хойш уг Түншлэлээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд гаргасан Монгол Улсын засгийн газар хүчин чармайлтууд энэхүү тэмцэлд тууштай байгааг харуулж байна. Засгийн газрын яам, агентлагууд болон ХХКГТ-ийн хэрэгжүүлэгч түншүүд болох Дэлхийн зөн, Азийн сан байгууллагууд дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг олон саад бэрхшээлийг даван туулж, хамтын зорилтууддаа хүрэхийн төлөө шаардлагатай үед амжилттай зохицуулалт хийж чаджээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицох арга хэрэгслийг бий болгон, засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд ХХКГТ дэмжлэг үзүүлж чадсанаар хамгийн эмзэг бүлэгт тусламж үзүүлэх энэхүү нэн чухал ажил үргэлжлэх боломжтой байна.
ХХКГТ-д АНУ-аас 5.5 сая ам.долларын санхүүжилт, Монголын талаас ихээхэн хүн хүч, нөөц бололцоог дайчлан оруулж байгаа билээ. Бидний хамтын зорилго болох хүүхэд худалдаалах бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хүн худалдаалагчдыг мөрдөн шалгах, шүүн яллахад хохирогч төвтэй арга замыг баримтлан, эдгээр гэмт хэргээс хохирсон хүүхдүүдэд тэдний авсан гэмтэл, цочролын талаарх мэдлэг, мэдээлэлд суурилсан цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх талаар Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чиглэж байна.
Хүүхэд хамгааллын бодлогыг зохицуулах салбар дундын баг (Multi-Disciplinary Task Force) байгуулсан зэргээр энэхүү хөрөнгө оруулалт Монгол Улсад тодорхой үр дүнг бий болгоод байгаа бөгөөд тэр багийн олон гишүүнийг өнөөдөр энд байгааг харахад баяртай байна. Хохирогчдод тусламж үзүүлж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтыг зохицуулах ажлыг үргэлжлүүлэхийн тулд уг ажлын хэсгийг цаашид инститүцийн хэмжээнд хэрхэн бэхжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар юу төлөвлөж байгааг сонсоход сонирхолтой байна. Улаанбаатар хотод ЦЕГ-тай хамтран хүүхдэд ээлтэй байр тавыг байгуулсныг харахад таатай байлаа. Эдгээр байр нь хүүхдүүд шүүх эрх мэдлийн системээс хүртэх ёстой тусламж дэмжлэгээ авч чадах газар юм. Хүүхдэд ээлтэй энэ байруудад ахисан шатны сургалтад хамрагдаж, хүүхдийн авсан гэмтэл, цочролын талаар мэдлэг мэдээлэлтэй, насанд нь тохирсон тусламж үзүүлэхээр бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газар болоод хэрэгжүүлэгч түншүүд, та бүхний зүгээс хүүхдэд туслахаар тууштай хийж хэрэгжүүлж буй асар их ажлын тухай сонсохыг хүсэж байна. Энэ ажлын хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтдаа оруулах хөрөнгө оруулалтаа нэн тэргүүнд тавихыг би МУЗГ-т уриалж байна. Ялангуяа, хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай хүүхдүүдийг олж тогтоон, тэдэнд зохистой эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг сайжруулах талаар тодорхой үүрэг хүлээхийг салбар тус бүрийн эрх мэдэлтнүүдээс хүсэж байна. Хохирогчдыг олж тогтоох асуудлыг сайжруулах нь ХХКГТ-ийн нэн тэргүүний зорилт бөгөөд хохирогч хүүхдүүд зохистой дэмжлэг, тусламжийг авч, тэдэнд шударга шүүхийн зарчим үйлчилж байгаа эсэх нь хамгийн эхний алхам юм. Үүнд бас хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөгийн эрэгтэй хохирогчид хамаарах ёстой, учир нь тэднийг ихэнхдээ орхигдуулах тал байдаг. Энэхүү тэмцлийн тэргүүн эгнээнд явж байгаа манлайлагчдын хувьд хохирогчийг олж тогтоох нь алдаа биш, харин ахиц дэвшлийн шинж гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Эдгээр асуудлыг та бүхэн хоорондоо ярилцаж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг олж тогтоох нь Монгол Улсын Засгийн газрын нэр хүндэд муугаар нөлөөлж буй мэт буруу ойлголтыг арилгахыг би та бүхэнд уриалж байна. Түншлэлийн сүүлчийн жил бид аль болох олон хүүхдэд туслахын тулд хохирогчдыг олж тогтоохын төлөөх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх амлалт авахыг би та бүхнээс хүсэж байна.
ХХКГТ-ийн ажлыг цаашид тогтвортой явуулах, түүний дотор Хүүхдэд ээлтэй байруудыг ажиллуулах, ажлын байрыг хадгалах, мөн бидний боловсруулсан сургалт, протоколыг инститүүчлэн үлдээхийн тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болно. Ирэх он жилүүдэд хүүхдүүд авах ёстой тусламжаа авсаар байхын төлөө энэхүү Түншлэлийн сүүлчийн жил тогтвортой ажиллагаанд анхаарлаа хандуулах ёстой. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчид, түүний дотор хүүхдүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхдээ гэмтэл, цочролын талаар мэдлэг, мэдээлэлтэй хандах зэрэгт хангалттай нөөц бололцоогоо дайчлахыг би та бүхнээс хүсэж байна.
Өнөө өглөө бид Монголын Засгийн газрын ажилтнууд, хэрэгжүүлэгч түнш байгууллагууд зэрэг оролцогч талуудыг сонсох болно. Өнгөрөгч жилд тэдний гаргасан ололт амжилт, үлдэж буй саад бэрхшээл, мөн ирэх жилийн төлөвлөгөөг нь бид сонсоно. Ялангуяа энэхүү Түншлэлд Засгийн газраас оруулж буй хувь нэмрийн талаар, тэдгээр нь тухайлбал хохирогчийг олж тогтоох, тодорхойлох, хамгаалах зэрэг хохирогчдын хувьд гарч буй үр дүнг хэрхэн сайжруулах талаар яам, агентлагуудаас сонсохыг хүсэж байна. Түүнээс гадна ирэх жил АНУ-ын санхүүжилт зогссоны дараа уг түншлэлийн ололт амжилтыг хэрхэн хадгалах төлөвлөгөөг сонсмоор байна.
Өнөөдөр бидэнтэй хамт байгаад их баярлалаа. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд та бүхэн тууштай байгаад баярлалаа. Бид хамтдаа томоохон ахиц гаргаж чадсан. Цаашдаа ч Монголын хүүхэд залуусыг хамгаалахаар ажиллахдаа улам ихийг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.