Монгол Улс, Гүүгл компанийн түншлэл: нээлтийн арга хэмжээн дээр Элчин сайд Буанганы хэлсэн үг

МОНГОЛ УЛС, ГҮҮГЛ КОМПАНИЙН ТҮНШЛЭЛ: НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭН ДЭЭР ЭЛЧИН САЙД БУАНГАНЫ ХЭЛСЭН ҮГ

 

2023 оны 11-р сарын 30

Улаанбаатар хот

Эрхэм сайд Л. Энх-Амгалан, Н. Учрал, ноён Марсон, УИХ-ын эрхэм гишүүн Б. Саранчимэг, багш, шинийг санаачлагч та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Үг хэлэх боломж олгон урьсанд баярлалаа.

Өнгөрөгч 8-р сард Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг Гүүгл компанид зочлох үеэр нь би дагалдаж явсан юм. Энэ түншлэл одоо Монголд орж ирж буйд би үнэхээр баяртай байна.

Цахим шилжилтийг эхлүүлж, Монголын багш, оюутан сурагчдад хөрөнгө оруулалт хийж буй БШУЯ болон ЦХХХЯ-нд баяр хүргэе.

Америкийн инноваци, технологийг Монголд авчирч буй Гүүглд баярлалаа. Монгол Улс цахимжсан, хүчирхэг ардчилсан улс болох асар их боломж байгааг миний адил та нар ч олж харсан нь тодорхой.

Монголын багш, оюутан сурагчдын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын төлөө Америкийн хувийн хэвшил Монгол Улсын Засгийн газартай хамтарч байгааг хараад сэтгэл хөдөлж байна. Төр, хувийн хэвшил хамтран ажиллахад агуу зүйлсийг бүтээж болдог. Энэ жишээ Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бусад бүхий л салбарт хэрэгжвэл тустай байх болно.

Цахим ирээдүйд Монгол Улс өөрийн байр сууриа аль хэдийн тамгалсан. И-Монголиа болон цахим засаглалын санаачлага нь Монголд ажил хэрэг явуулах арга замыг эрчимтэй өөрчилж байна. Шинийг эрэлхийлэгч, энтрепренер монгол залуус бэлтгэлтэй, өрсөлдөх чадвартай байхын тулд их эртнээс эхлэх ёстой.

Уламжлалт хил хязгаар улс үндэстний замналыг тодорхойлохоо нэгэнт больсон, үр хүүхдийн маань ирээдүйг ч тодорхойлох ёсгүй. Технологийг ашиглах, түүнд суралцах боломж хүн бүрт нээлттэй болох цагт дэлхий ертөнц урд өмнөхөөсөө ч жижиг болно. Хүүхэд, багш бүр онлайн сургалтын орчиноор хангагдвалдэлхий тэдний өмнө нээгдэнэ.

Технологи асар их боломжийг, хүн бүрт тоглоомын ижил дүрмийг санал болгож байна. Боловсрол олж авах зөв арга хэрэгслийг эзэмшсэнээр Увс, Булган, Дорнодын сурагч, оюутнууд Улаанбаатар, Сөүл, Сан Францискод байгаа хүүхдүүдийн адил тэгш боломжийг эдлэх болно.

“Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувьд хязгаарлагдмал биш” гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Вашингтонд айлчлах үеэрээ бид бүхэнд хэлснийг энэхүү түншлэл батлан харуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Эрч хүчтэй цахим эдийн засаг, дэлхий ертөнцтэй холбогдсон нийгэм бүхий улс орны хувьд “далайд гарцгүй” гэх энэ үг утга учраа алдах билээ.

Монгол- Гүүглийн энэхүү түншлэл эхний томоохон алхмыг хийж, Монголын хүүхэд, залуусын гарт зөв зэмсгийг атгуулж байна. Энэ түншлэл багш, сурагчдын амьдралд өөрчлөлт хийж, тэднийг Америкийн шинэчлэгчидтэй ойртуулна.

Түүгээр ч зогсохгүй, энэхүү түншлэл бидний хоёр талт харилцааны тулгын чулуу болох иргэд хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлнэ гэдэгт би итгэж байна. Манай хоёр орны шилдэг оюун ухаан илүү сайхан ирээдүйг бүтээхээр хамтран ажилласан цагт хамгийн сайн боломжууд бидний өмнө нээгдэх болно.

Энэхүү түншлэл улам цэцэглэн хөгжиж, төрөн гарсан инноваци, боломжуудтай нь танилцахыг тэсэн ядан хүлээж байна.

Баярлалаа.