Элчин Сайд Буанганаас редакцад хүргүүлэх илгээлт: “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь хүний эрхийн хойшлуулшгүй зорилт мөн” 

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь 

хүний эрхийн хойшлуулшгүй зорилт мөн 

Доктор Гита Рао Гупта, Элчин сайд Ричард Л. Буанган 

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ 11-р сарын 25-нд тохиож буй Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдрөөр эхлүүлэн, 12-р сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр өндөрлүүлэхээр бид төлөвлөж байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд охид бүсгүйчүүд бүрэн дүүрэн, сэтгэл амгалан оролцох боломжийг хязгаарлаж байдаг хүний эрхийн зөрчил болох жендерт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэхгүйгээр жендерийн тэгш байдлыг хангах боломжгүйг бид бүрнээ ухамсарлаж буйг энэ хоёр тэмдэглэлт өдөр бэлгэдэж байгаа юм. Эцсийн дүндээ жендерт суурилсан хүчирхийлэл хэн хохирч буйгаас үл шалтгаалан бид бүгдэд хор хөнөөлтэй бөгөөд хамтын хүчин чармайлт, боломжуудыг маань биднээс булааж байдаг.

Амьдралын бүхий л талбарт хүчирхийллийн эсрэг үнэт зүйлсийг өдөр тутам хэрэгжүүлнэ гэдэг бидний хувьд ямар утга учиртай вэ? Төр засаг, иргэний нийгэм, бизнесийн болон нийгмийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд “Жендерт суурилсан хүчирхийллийг бид үүнээс цааш тэвчихгүй, гүйцээ!” гэж хэлбэл яах вэ? 

Эдгээр асуултыг бид гэр орондоо ч бай, эргэн тойрон, нийгэмд ч бай, улс орны хэмжээнд, өргөн утгаараа ч бай, бие биеэсээ асууж байх ёстой юм. Жендерт суурилсан хүчирхийлэл дэлхийн бүс нутаг бүрд, нийгмийн бүхий л түвшинд байсаар байна. Энэхүү өргөн хүрээтэй, нарийн төвөгтэй асуудлыг улс орондоо төдийгүй дэлхий даяар шийдвэрлэх тал дээр АНУ тууштай ханддаг билээ. Жендерийн тэгш байдал, ардчилал, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эрүүл мэнд, хүний эрх зэрэг асуудлуудын хооронд нэн чухал уялдаа холбоо байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас АНУ өнгөрсөн хоёр жилд Жендерийн тэгш эрх, тэгш байдлын үндэсний стратегиа боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд Жендерт суурилсан хүчирхийллээс дэлхий даяар сэргийлэх, түүнтэй тэмцэх стратеги болон Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын үндэсний стратегиа шинэчилсэн билээ.

Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг, хүчирхийлэгч нь голдуу ойр дотнын хэн нэгэн байдаг. Харин Монголд энэ тоо бараг гурван хүн тутамд хоёр байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн тохиолдол өндөртэй улс орнуудад зөрчилдөөн, тогтворгүй байдал, эрүүл мэндийн хямрал нүүрлэхээс гадна хуулийн засаглал сул, боловсролын түвшин доогуур, эдийн засгийн хөгжил муу байх зэрэг бусад олон бэрхшээлүүд байдгийг судалгаа харуулдаг. Жендерт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэж, түүнээс урьдчилан сэргийлж чадвал илүү амар тайван, тогтвортой нийгмийг бий болгоно. Монгол Улсын төр засаг энэ асуудал чухал болохыг хүлээн зөвшөөрч, Олон улсын парламентын холбооны дэмжлэгтэйгээр хүний эрх, жендерийн эмзэг байдлын үнэлгээг анх удаа хийснийг бид сайшааж байна. Энэ нь жендертэй холбоотой хүний эрхийн асуудлуудыг хууль тогтоох замаар шийдвэрлэж эхлэхэд томоохон алхам болсон юм.

Хамтын хүчин чармайлт гаргахдаа бид жендерт суурилсан хүчирхийллийг бүрэн дүр зургаар нь буюу хаана, хэзээ, хэрхэн үйлдэгдэж байгааг ойлгох нь чухал юм. Мөн аврах болон хамгаалах байрны үйлчилгээг хүчирхийллийн хохирогч нар, түүний дотор хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийнхэнд хүртээмжтэй байдлаар хүргэх алхмуудыг авч хэрэгжүүлэх ёстой. Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхдээ энэ төрлийн үйлдэлд хуулийн хариуцлага оногдуулах, хүчирхийллийн хохирогч болсон хэн бүхний өсөж дэвжих боломжийг хязгаарлах бус, харин тийм боломж олгохуйц орчныг бүрдүүлэхийг биднээс шаардаж байна. 

Хүн бүр эрх чөлөөтэй, адил нэр төр, тэгш эрхтэй төрдгийг, эдгээр эрх нь аливаа төрлийн ялгаваргүйгээр оршин тогтнодгийг баталгаажуулсан гол чухал баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой энэ жил тохиож буй. Уг тунхаглалын үзэл санаатай бид санал бүрэн нийлж, өнөөдөр төдийгүй ирээдүйд бүх нийтийн эрх ашгийн төлөө ийм ертөнцийг бүтээх үйлсэд тусламж туслалцаа үзүүлэхэд бидэнтэй хамтрахыг засгийн газрууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн компаниуд болон иргэдэд хандан уриалж байна.

АНУ-ын Төрийн департаментад Даян дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, доктор Гита Рао Гупта

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган