Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын яриа хэлэлцүүлгийг хэвшүүлэх нь

Жастин Паммэл, АНУ-ын Хуурай замын цэргийн инженерийн корпус

Улаанбаатар, Монгол Улс (2018 оны 9 дүгээр сарын 21) – Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM) нь цэргийн салбар дах хүрээлэн буй орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Номхон далайн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумыг (PESF) найман жилийн туршид зохион байгуулж байна.  Энэ жилд Зүүн Хойд Азид анх удаа дээрх арга хэмжээг зохион байгуулан, тус бүс нутаг болон Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хооронд дээрх сэдвээр яриа хэлэлцүүлэг хийлээ. “Энэхүү форумын нэг үр дүн нь Монгол Улсын өмнө тулгарч буй сорилтуудыг илүү сайн ойлгож, бэрхшээлүүдийг даван туулахад чиглэсэн практик төслүүдийг боловсруулах явдал” гэж Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын инженер Ахмад Жефф Девинэй энэхүү арга хэмжээний гол үр дүнг тодорхойлсон юм. Бид түүнчлэн бүс нутгийн байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд улс орнуудтай хоёр талын уулзалт зохион байгуулж байна.

Дөрвөн өдрийн туршид явагдсан тус арга хэмжээнд Австрали, Хятад, Япон, Солонгос, Монгол, Шинэ Зеланд болон АНУ-ын 60 гаруй төлөөлөгчид оролцлоо. Номхон далайн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумын үеэр улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж буй хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг танилцуулсан бөгөөд хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох зорилгоор хоёр талын хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Хятадын Ардын чөлөөлөх армийн Ахлах хурандаа Ли Сяолю тус форумыг “нэн чухал ач холбогдолтой” гэж тодорхойлсон юм. Тэрээр хэлэхдээ “Бүх оролцогчид цаашид байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, яриа хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн Япон Улсын Батлан ​​хамгаалахын атташе Дэд хурандаа Киёотака Хонда “Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын нэн чухал ач холбогдлыг ойлголоо” гэж ярьсан юм.

Тус арга хэмжээний хоёр дахь өдрийг Монгол Улсын Батлан ​​хамгаалах яам удирдан; хүнс, ус, эрчим хүчний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үндэсний батлан ​​хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдал, батлан ​​хамгаалах бодлого судлалын төвийн дарга Бригадын генерал Ч. Сосорбарам “Энэхүү форум нь хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэг, туршлагыг нэмэгдүүлж; бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж тодорхойллоо. Тус салбарын монгол мэргэжилтнүүд улс орны өмнө тулгамдаж буй хүрээлэн буй орчны өнөөгийн бэрхшээлүүдийг тайлбарлав. Мөн МУ-ын Батлан хамгаалахын их сургууль нь хөрсний бохирдол, бохир ус, хатуу хог хаягдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг таниулах зорилгоор форумын оролцогчид Шар хад дах цэргийн сургуулилтын талбайтай танилцлаа. Цэргийн сургуулилтад хэрэглээний хог хаягдал шууд нөлөөлж буй нь хил дамнасан бохирдлын асуудлын нэг жишээ юм.

Форумын гурав дахь өдрийг Австрали Улсын Батлах хамгаалахын хүчин удирдан явууллаа. Хамтарсан ажиллагааны коммандлалын штабын дарга Бригадер Крег Добсон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах боломжит ажиллагааны сэдвээр илтгэл тавьсан юм. Австрал Улсын Батлан хамгаалах хүчний төлөөлөгчид соёлын өвийг хадгалан, хамгаалах;  хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах боломжит ажиллагааны төлөвлөлтийг олон улсын жишигт нийцүүлэх; мөн хүрээлэн буй орчны аюулгүй байдал нь хэрхэн тогтворгүй байдлын учир шалтгаан болж болох талаар тэргүүн туршлага хуваалцав. Түүнчлэн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийг төлөөлөн Др. Лиза Гуппу байгаль орчныг сэргээн босгох сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Оролцогчид бүлэгт хуваагдан, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах боломжит ажиллагааны сэдвээр сургалт хийснээр форумын гурав дахь өдөр өндөрлөлөө.

Форумын сүүлийн өдөр хүрээлэн буй орчны аюулгүй байдлын цаашдын хамтын ажиллаагаа, үйл ажиллагаа сэдвээр явагдлаа. БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөл Ноён Сун Гил Сү илтгэлдээ “Энэхүү форумаар практик шийдлүүдийг гаргаж, хүрээлэн буй орчны тулгамдаж буй бодит асуудлуудыг хөндлөө. Бид олон талын хамтын ажиллагааны хүрээнд эдгээр асуудлуудтай хамтран шийдэж болно” гэж дурдсан юм. Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон МУ-ын Батлан хамгаалах яам хүрээлэн буй орчны аюулгүй байдлын чиглэлээр цаашид хамтран ажиллаж болох хэд хэдэн боломжит төслүүдийг тодорхойлсон юм. Үүнд Шар хад дахь сургалтын төвд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлууд багтсан.

2019 онд Номхон далайн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумыг Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яам зохион байгуулах бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд зохион байгуулах төлөвтэй байна.

МУ-ын Батлан хамгаалах яамны Дэд сайд Т. Дуламдорж хаалтын үг хэлж, форумыг өндөрлөлөө. Ноён Дуламдорж илгэлдээ “Байгаль орчны аюулгүй байдлын асуудал нь хил хамаардаггүй. Энэ нь бүс нутгийн асуудал юм. Энэхүү форум нь дээрх сэдвээр яриа хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа” гэж дурдав.

Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://pesforum.org сайтаас авна уу.

Австрали, Хятад, Япон, Солонгос, Монгол, Шинэ Зеланд болон АНУ-аас оролцож буй Номхон далайн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумын оролцогчид. Зургийг МУ-ын Батлан хамгаалах их сургуулийн шатан дээр авав.
Форумын оролцогчид МУ-ын зэвсэгт хүчинд тулгарч буй Шар хад дахь цэргийн сургуулилтын талбай дахь хатуу хог хаягдал, бохир усны асуудалтай танилцав.
Австралийн Батлан хамгаалах хүчний Хурандаа Майк Гүүдер хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах боломжит ажиллагаа сэдвээр танхимын хэлэлцүүлэг явуулав.
Австрали, Япон, Монгол, Шинэ Зеланд, АНУ-ын оролцогчид хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах боломжит ажиллагаа сэдэвт танхимын хэлэлцүүлэгт оролцов.
Энэтхэг номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Хурандаа Жефф Брайн болон ноён Кристофер Шөлэс нар БНСУ-ын Батлан хамгаалах яамтай хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудлаар хоёр талын яриа хэлэлцүүлэг хийв.

Гэрэл зураг авсан: О. Нямбаяр, МУ-ын Батлан хамгаалах их сургууль