АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар 2018 оны 9-р сарын 20-ны өдөр 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав.
НИЙСЛЭЛ ВАШИНГТОН ХОТ, 2018 оны 9-р сарын 20. – АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх нар өнөөдөр Монгол улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав.
“Бид бүхэн өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын түүхэн түншлэл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна,”гэж Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман мэдэгдэв. Тэрээр, “Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэж хэлэв.
Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг.
Энэхүү түүхэн хамтын ажиллагаа, түншлэл болон нээлттэй зах зээл, ардчиллын төлөөх хоёр орны нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн Монгол улсад хэрэгжүүлэх ээлжит шинэ Компакт Гэрээ нь зон олны туйлын чухал хэрэгцээ болох усны хүртээмжийн асуудлыг хөндөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 10 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ нь ойролцоогоор гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мянганы Сорилтын Корпорацийн статистик мэдээллээс үзвэл, 2019 он гэхэд нийслэл хотын усны хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байна.
Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт авч байгаа нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол юм.
###
Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхий дахинд нүүрлэж буй ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг АНУ-ын Засгийн Газрын хараат бус агентлаг юм. 2004 онд байгуулагдсан Мянганы Сорилтын Корпораци нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг асуудлуудыг хөндөх хүртэл сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан доогуур орлого бүхий улс орнуудад хугацаатай санхүүжилт олгодог. Мянганы Сорилтын Корпорацийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mcc.gov цахим хуудсаар зочлоорой.