Элчин Сайд Клеческийн Хэлсэн Үг
Элчин Сайдын Цуврал Лекц
Монгол Улсын Их Сургууль
Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль
2019 оны 10-р сарын 3-ны өдөр, Пүрэв гараг
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Элчин сайдын цуврал лекцид илтгэл тавихаар уригдана гэдэг бахархал төрүүлэм үйл явдал учраас өнөөдөр би та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг юм.
Энэ цаг үед Монгол улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллана гэдэг сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. АНУ нь Монгол улсыг түншийн хувьд ямар нүдээр харж, цаашид энэхүү хамтын түншлэлийг хэрхэн төсөөлж буйг би энд тайлбарлая. Гэхдээ хувь хүний хувьд дипломат албаны карьер хөөсөн маань миний сэтгэлийг байнга хөдөлгөж, сэтгэл ханамж өгсөөр ирсэн. Миний бие Орост 4 удаа, Филиппинд 3 удаа, Казахстан, Ирак, Польш, Швейцарь улсад ажиллах зэргээр хилийн чанадад алба хашихын зэрэгцээ нийслэл Вашингтон хотноо 24 цагийн Дипломат албаны тусламжийн төв, НАТО болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудал хариуцаж ажилласан туршлагатай. Манай гэр бүлд ч заримдаа нүүдэлчний гэмээр амьдрал маань таалагддаг. Энэ бүхнийг дурдаж байгаа шалтгаан нь та бүхэн олон улсын харилцаа, тэр дундаа зарим нь дипломат албыг түлхүү сонирхож байгаа болов уу гэж бодсоных. Асуулт, хариултын үеэр би энэ талаар дэлгэрэнгүй ярихдаа баяртай байх болно. Бусад сэдвээр ч та бүхний асуултад хариулахдаа таатай байна. Харилцан өгөө аваатай, үр дүнтэй лекц болно гэдэгт найдаж байна.
Оршил
Элчин сайд болно гэдэг мэргэжлийн хувьд том ололт амжилт боловч ялангуяа Монголд АНУ-ын элчин сайдаар ажиллах болсондоо би өөрийгөө азтайд тооцдог. Нэг шалтгаан нь Монголын соёл баялаг, гүн гүнзгий бөгөөд олон талтайн дээр Монгол улс дэлхийн түүхийн зангилаа болж байдаг. Монголд ирэхээсээ өмнө би Монголын түүх, соёлын талаар шимтэж уншсан. АНУ-д Монголын түүхийн талаар хамгийн жинтэй ном бичсэн зохиолчдын нэг нь Жак Уэтерфорд бөгөөд Монгол улсын Засгийн газар гадаад иргэнд олгодог хамгийн том шагнал болох “Алтан гадас” одонгоор түүнийг шагнасан билээ. Жак тэргүүтэй түүхчид шашны эрх чөлөө болон шашин төрийн тусдаа байх тухай ойлголтууд нь Чингис хааны үеэс улбаатай гэж үздэг бөгөөд Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч нь Томас Жеффэрсон, Бенжамин Франклин зэрэг Америк улсыг үүсгэн байгуулагчдад гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж үздэг. Жеффэрсон, Франклин нар Монголын түүхийн талаар сайн судалсан байсан бөгөөд дээрх зарчмуудыг АНУ-ын Хүний эрхийн хуульд тусгасан.
Баримтаас үзвэл, Томас Жеффэрсон хувийн номын цуглуулгадаа “Монголын нууц товчоог” хадгалж байжээ. Манай улсын 3 дахь ерөнхийлөгч бөгөөд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Жеффэрсон ардчилсан нийгэм дэх мэдлэгийн хүч чадалд итгэдэг байсан учраас өөрийн үнэлж баршгүй агуу номын цуглуулгыг Конгрессын номын сан барих үеэр хандивласан байдаг. Конгрессын номын сан нь өнөөдөр дэлхийн хамгийн том номын санд ордог. Уг номын сангийн төв хэсэгт та бүхэн Жеффэрсоны хадгалж байсан “Монголын нууц товчоо”-г харж болно. Конгрессын номын сан үнэхээр гайхалтай учраас хэрвээ та манай нийслэл Вашингтонд очвол заавал тус номын сангаар зочлоорой.
Энэхүү түүхийг АНУ-д хүмүүс тэр болгон мэддэггүй боловч, энэ бүхэн аажмаар өөрчлөгдөж байна. Бодлого боловсруулах түвшнээс авахуулаад гудамжин дахь жирийн иргэд хүртэл Монгол улсын сэтгэл татам соёл, нийгмийн амьдралыг улам сонирхож, судалдаг болсон. Ерөнхийлөгч Х. Баттулга Ерөнхийлөгч Трамптай уулзахаар Цагаан ордонд хийсэн албан ёсны айлчлал, Хү хамтлаг Биллбордын жагсаалтад дэлхийн хөгжмийн цомгийн ангиллаар тэргүүлэн АНУ-д аялан тоглолт хийж байгаа зэрэг жишээнээс энэ бүх өсөн нэмэгдэж буй сонирхлыг харж болно. Миний хүү л гэхэд өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо Хү хамтлагийн концертыг үзсэн байх жишээтэй.
Монголын тухай Америкчууд улам сайн мэддэг болохын зэрэгцээ манай хоёр улс ардчилал болон хуулийн засаглал гэсэн нийтлэг үнэт зүйлстэй. Бүс нутагт төдийгүй, өөр олон оронд эдгээр үнэт зүйлс үгүйлэгдэж байгаа нь тодорхой учраас бид эдгээр үнэт зүйлсийг эх нутагтаа улам бүр бататгахын тулд хүчин чармайлтаа лавшруулан эрчимжүүлж, харилцан нийтлэг үнэт зүйлс баримталдаг түншлэгчидтэй гар нийлж, хамтран ажиллах учиртай.
Манай хоёр улс өөр олон төрлийн нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд ийм ч учраас манай ард түмний хооронд эерэг харилцааг эдгээр нь бий болгосоор ирсэн гэж би боддог. Манай хоёр улс аль аль нь байгалийн үзэсгэлэнтэй өргөн уудам газар нутагтай. Өнөөдөр эдгээр байгалийн үзэсгэлэнт газруудыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон байгалийн дархан цаазат газар болгон хамгаалж байгаа бөгөөд АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба болон бусад олон байгууллага, түүнчлэн хувь хүмүүс, ТББ-ын хүчин чармайлтаар дамжуулан АНУ Монгол улсад энэ талын тусламж дэмжлэг үзүүлж байгаад би баярладаг. Манай хоёр үндэстнийг газар тариаланчид болон малчид үүсгэн байгуулсан бөгөөд бидний хөдөө аж ахуй, газар тариалангийн үүсэл гарал нь өнөөгийн нийгмийн амин сүнс юм. Америк ковбой болон Монгол адуучны хувьд адуу мал бол соёлын өвөрмөц шинж чанар, илэрхийлэмжийн гол цөм билээ. Монгол нүүдэлчид жилдээ хэд хэдэн удаа гэр бүл, мал сүргээ нүүлгэдэг бол, АНУ-д өрх айлууд амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд нутгийн баруун зүг рүү нүүх бөгөөд үүнийг “анхдагч зүрх сэтгэл” гэдэг. Монголд ч, Америкт ч, хот суурин газраас алс хол амьдардаг хүмүүс ямар нэгэн аргаар амжиргаагаа залгуулах хэрэгтэй болдог. Хэрвээ ямар нэгэн зүйл эвдэрвэл, эсвэл багаж хэрэгсэл хэрэгтэй болбол, ойролцоо дэлгүүрээс дахиад шинийг авчихна гэж байхгүй, харин байгаагаа засч, эсвэл шинээр бүтээх хэрэгтэй болдог. Энэ нь бие даасан байдал, хувь хүний эрх, шаргуу хөдөлмөр, өөртөө найдах зан чанар, сэтгэлийн тэнхээ болон шинийг санаачлахад хүргэдэг бөгөөд эдгээрийг бид өнөөдөр манай хоёр улсад бэлхэнээ харж байна. Ийм ч учраас, бид хэдийгээр бие биенээсээ алс хол оршдог ч гуравдагч хөршийн хувьд өвөрмөц, нандин харилцаатай гэж би боддог.
Эдийн засгийн харилцаа
Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хүн амд нь хамгийн ихээр үр ашгаа өгнө гэж үзэж Монгол улс 30-аад жилийн өмнө зоригтой, ухаалаг шийдвэр гаргаснаар хоёр орны эдийн засгийн бат бөх холбоо хөгжиж эхэлсэн. Тухайн үед шийдвэр гаргахад гар бие оролцсон хүмүүстэй би ярилцсан бөгөөд уг үйл явдал үнэхээр гайхамшигтай байсныг тэд гэрчилдэг. Түүнээс хойш Монгол улсад гарч буй ахиц дэвшил нь бүс нутагт төдийгүй, дэлхий дахинд шинээр төрж буй ардчилсан улс орнуудын үлгэр дууриал болж байна. Монгол улс чөлөөт үндэстнүүдийн хамтын нийгэмлэгт нэгдэж орсон тэр цаг мөчөөс хойш АНУ байнга Монгол улсын талд байсаар ирсэн гэдгийг би энд бахархан онцолмоор байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд бид нийт нэг тэрбум ам. долларын хөгжлийн тусламж дэмжлэг үзүүлжээ.
Та бүхний мэдэж байгаагаар хоёр сар гаруйн өмнө манай хоёр улсын ерөнхийлөгчид Цагаан ордонд уулзахдаа хоёр орны харилцаа нь “стратегийн түншлэлийн” түвшинд хүрснийг зарлан тунхагласан. Миний хувьд нийслэл Вашингтон хотод хийсэн тус айлчлалд оролцох завшаан тохиосон бөгөөд манай хоёр улсын харилцааг хөгжүүлэх Вашингтоны ашиг сонирхол урьдын адил тууштай байгаа гэдгийг баттай хэлж чадах байна. Манай хоёр орны ерөнхийлөгчдийн албан ёсны уулзалт үүнийг гэрчлэх бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгыг манай улсын Ерөнхий прокурор, Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Алба (NASA)-ны удирдлага болон төрийн дээд албан тушаалтнууд элэгсэг дотноор хүлээн авч уулзсан. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, хилийн чанад дахь анхны албан айлчлалдаа Монгол улсыг багтаасан Батлан хамгаалах яамны шинэ сайд Др. Эспер, Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх, АНУ руу экспортлох Монголын экспортыг эрчимжүүлэх ажлыг дэмжих зорилгоор саяхан айлчлаад буцсан АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч Эд Грессэр зэрэг АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд Монголд ирж байна.
Танай ерөнхийлөгчийн айлчлал болон хоёр улсын сүүлийн үеийн харилцан албан айлчлалууд нь манай хоёр орны харилцааны чухал дөрвөн чиглэлийг бүгдийг нь хөндөж авч үзсэн. Тэдгээрийн нэг нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа бөгөөд манай хоёр улсын иргэдийн хувьд ажлын байр болон холбогдох боломжуудыг эрэлхийлэх нь гол асуудал байдаг учраас энэ нь туйлын чухал юм. Тийм учраас энэ сэдвээс яриагаа эхэлье.
Манай хоёр улсын хоорондын худалдаа 2018 онд 131 сая ам. доллар байсан нь 2017 онтой харьцуулахад 43 хувийн өсөлттэй үзүүлэлт бөгөөд бодит ахиц дэвшил гэж бид үздэг. 2019 оны эхний 6 сарын байдлаар хоёр талт худалдаа аль хэдийнэ 133 сая ам. доллараас илүү гарч дээрх үзүүлэлтийг давсаныг мэдэгдэхдээ таатай байна. Монгол руу оруулдаг Америкийн хамгийн том экспортод уул уурхай, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг техник болон зарим тээврийн хэрэгсэл багтдаг. Ихэнх тохиолдолд эдгээр нь ашигт малтмал зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монголоос бусад орон луу экспортлох ажлыг хөнгөвчлөх импортын бүтээгдэхүүнүүд юм. Өөрөөр хэлбэл, Америкаас оруулж ирж буй импорт нь Монголын экспортыг эрчимжүүлдэг гэсэн үг.
Хэдийгээр тийм боловч манай орнуудын хоёр талт худалдааны үзүүлэлт 2012 оны хамгийн дээд амжилт болох 707 сая ам. доллараас маш доогуур байсаар байна. Цаашид дахин дээрх амжилтад хүрч түүнээс ч хол давах олон боломж бидэнд байна. Өнөөдөр АНУ, Монгол улс нь стратегийн түншүүд болсон учраас худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хоёр улсын харилцааны ахиц дэвшлийн хэмжээнд хүргэх нь чухал болж ирж байна.
Ингэхийн тулд Монгол дахь өргөн боломжийн талаар АНУ-ын хувийн хэвшилд мэдээлж, Америк бизнесүүдэд нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын уур амьсгалын талаар мэдээлэлд суурилсан, үнэн зөв, тэнцвэртэй зөвлөгөө, мэдээллийг боломжит гадаадын хөрөнгө оруулагчдад түгээж, Монгол улсыг Америк бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдад хэрхэн ээлтэй болгох талаар засгийн газрын түншүүдэд зөвлөнө гэсэн үг. Түүнчлэн нээлттэй ил тод байдал, сайн засаглал, хуулийн засаглал болон зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэр гаргахыг дэмжихийн тулд зохих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Бид эдийн засгийн харилцаа холбоог хэрхэн бэхжүүлж байгаа талаар зарим сүүлийн үеийн жишээг энд дурдъя.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд олон жилийн турш Монголд айлчилж байгаагүй худалдааны өндөр албан тушаалтан болох АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий системийн (GSP) хүрээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй тарифын хөнгөлөлтийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдээлэхээр ирсэн. Эдийн засагч бус хүмүүст энгийнээр тайлбарлавал энэхүү хөтөлбөр нь АНУ-д тарифгүй бараа бүтээгдэхүүнийг худалдаалах боломжийг эрх бүхий улс орнуудад олгодог гэсэн үг.
Мөн Монгол дахь мөнгө угаалтын эсрэг дүрэм журмыг чангатгахад дэмжлэг үзүүлэхээр Монголбанкинд хамтран ажиллах АНУ-ын Сангийн яамны шинэ суурин зөвлөхийг бид саяхан хүлээж авлаа.
Цаашилбал бид эдийн засаг болон худалдааны түншээ төрөлжүүлэн солонгоруулж, төрөл бүрийн боломж, оролцоог хангасан хувийн хэвшлийн өсөлт, тогтвортой байдал болон хараат бус байдлыг хөгжүүлэхийн тулд Монгол улстай хамтран ажиллаж байна. Америк бизнес эрхлэгчид ялангуяа ноолуур, аялал жуулчлалын салбарт бизнесийн өргөн боломж бий гэж үздэг.
Дижитал энтерпренер буюу дижитал гарааны бизнесийг далайцтай хөгжүүлэхийн тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд бид цахим худалдааны томоохон сургалт семинариудыг зохион байгуулж, Travelocity-г үүсгэн байгуулагч зэрэг АНУ-ын манлайлагч техник технологийн энтрепренер болон туршлагатай багш нарыг урьж, улмаар сошиал медиа болон цахим худалдааны хариуцлагатай хэрэглээг хөгжүүлэх зорилгоор Peacebook Forum үйл ажиллагааг зохион байгуулахын тулд Гадаад харилцааны яамтай түншилж ажилласан.
Гэвч үнэндээ засгийн газрын хийж чадах зүйлд хязгаар гэж бий. Хувийн хэвшлийн оролцоотой бий болгох эдийн засгийн өсөлтийг юугаар ч орлуулшгүй.
Эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд бид хэд хэдэн гол чиглэлд анхаарлаа хандуулж байгаа ч процесс болон ил тод байдлыг сайжруулах нь юунаас ч илүү чухал юм.
АНУ-Монгол улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны үндэс суурь нь манай хоёр орны хоёр талт Ил тод байдлын гэрээ юм. 2017 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэхүү гэрээ нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад хамаарах бөгөөд санал болгож буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд олон нийт санал өгөх, эдгээр хууль тогтоомж, дүрэм журмыг хэвлэн нийтэлж, бүх хүнд хүртээмжтэй болгох боломж олгохын тулд хамтын хүчин чармайлтыг тусгасан байдаг. Мөн тус гэрээнд хээл хахууль, авлигатай тэмцэх арга хэмжээ багтсан байгаа.
Бүрэн утгаараа хэрэгжсэнээр Ил тод байдлын гэрээ нь үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, экспортлогч болон хөрөнгө оруулагчдыг тодорхой, ойлгомжтой бөгөөд шударга бодлого, практикаар хангахын зэрэгцээ хоёр орны ажилчид, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд, улмаар хоёр орны эдийн засагт үр ашгаа өгөх болно. Энэ нь дүрэм журмыг эцэслэн батлагдахаас өмнө Монголын иргэний нийгэм болон бизнесийн хүрээллийг эх хувилбарт санал зөвлөмжөө өгөх боломжоор хангаснаар тэдний оролцоог ч нэмэгдүүлнэ. Энэхүү чухал гэрээг хэрэгжүүлэхийн тулд бид танай засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.
Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) усны компакт гэрээ нь манай эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэг чухал хэсэг юм. Олон нийт болон бизнес эрхлэгчид цэвэр уснаас хамааралтай байдаг. МСК-ийг бусад улс оронд хэрэгждэг хөгжлийн болон тусламжийн хөтөлбөртэй харьцуулахад өвөрмөц болгож буй нэг хүчин зүйл нь Монгол дахь орон нутгийн түншлэгчид өөрсдийн хүчээр хэрэгцээгээ тодорхойлж, шийдлээ томъёолж, төслөө хэрэгжүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Монголчууд өөрсдөө бүхнийг манлайлж хийнэ гэсэн үг. Иймд Монголчууд өөрсдөө бүрэн эрхийнхээ хүрээнд цэвэр усны хүртээмжийг эн тэргүүний асуудал гэдгийг шийдвэрлэсэн гэж хэлж болно. Судалгаагаар одооны энэ эрчээрээ яваад байвал удахгүй Улаанбаатар хотын усны нөөц хомсдолд орох төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт болон нийтийн эрүүл мэндийг хэвийн байдалд нь хадгалахад туйлын чухал усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхийн тулд МСК нь 350 сая ам долларын өртөг бүхий буцалтгүй тусламжийг Монгол улсад зориулж байна.
МСК-ийг өвөрмөц болгож буй бас нэг хүчин зүйл нь энэ нь өрийн хавх, эсвэл нөхцөлтэй зээл бус, Монгол улсад өгч буй тэтгэлэг юм. Түүнчлэн үүнийг ил тод байдал, авлигын эсрэг болон хариуцлагатай байдлын баталгаатайгаар Монголчууд өөрсдөө хэрэгжүүлж байгаа учраас Монгол менежэр, дизайнер, барилгын ажилчид болон ус ашиглалтын ажилчдад шинэ ажлын байр бий болгож, ахисан түвшний сургалтад хамрагдах боломж нээгдэнэ. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын сүүлийн үеийн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг бөгөөд Монгол улсын ард түмэнд зориулсан урт хугацааны амлалтын бэлэг тэмдэг юм.
Аюулгүй байдал
Стратегийн түншлэлийн хоёр дахь чиглэл болох Монгол улстай харьцаж буй АНУ-ын аюулгүй байдлын харилцаа нь жилээс жилд эрчимжиж байгаа бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр улсын иргэд бахархалтайгаар алба хааж, хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Монгол улсад зочилсон АНУ-ын цэргийн дээд удирдлагуудын албан ёсны айлчлал энэхүү харилцааг гэрчилнэ. АНУ-ын Батлан хамгаалах шинэ сайд Др. Марк Эспер анхны албан ёсны гадаадын айлчлалдаа Монгол улсыг багтаасан. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын бүх зэвсэгт хүчнийг хариуцаж ажилладаг Энэтхэг-Номхон далайн армийн командлагч болон бусад өндөр цол хэргэм бүхий цэргийн удирдлагууд Монголд саяхан айлчилсан. Энэ 4-р сард Монгол улсын Батлан хамгаалахын сайд нийслэл Вашингтон хотноо айлчилсан нь 2011 оноос хойш анхны тохиолдол байлаа.
АНУ-ын цэргийн дээд албан тушаалтнууд бүгд Монгол улсын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд гарамгай хувь нэмэр оруулж байгааг сайшаасан. Монгол улсын зэвсэгт хүчин Афганистанаас авахуулаад Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хүртэл мэргэжлийн өндөр чанар, ур чадвараараа энэхүү алдар хүндийг зүй ёсоор хүртсэн. АНУ нь Монгол улсын энхийг сахиулах хүчин чармайлтыг дэмжсээр ирсэн гэдгийг энд цохон тэмдэглэхдээ таатай байна. Хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоноглол бүхий явуулын эмнэлэг зэрэг инженерийн болон эмнэлгийн ажиллагааг хөгжүүлэхэд бид тусламж дэмжлэг үзүүлсэн. Бид Таван толгой дахь нэгдүгээр зэрэглэлийн Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийг барихад хөрөнгө оруулсан бөгөөд тэнд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах дасгал сургуулилтыг бид дэмждэг. “Хааны эрэлд” арга хэмжээнд Монгол, АНУ төдийгүй, энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилготой дэлхийн өнцөг булан бүрийн хэдэн арван улс, үндэстнүүд оролцдог. Би Таван толгойд очиж байсан бөгөөд Хааны эрэлд үйл ажиллагааг ч өөрийн нүдээр үзлээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөм юм билээ.
2009 оноос хойш АНУ-ын цэргийн бүрэлдэхүүн “Говийн чоно” хэмээх жил бүрийн олон улсын гамшгийн хариу арга хэмжээ болон бэлэн байдлын томоохон дасгал сургуулилтыг дэмжсээр ирсэн. “Говийн чоно” арга хэмжээг АНУ талаас Аляскийн үндэсний гвард удирдаж ажилладаг бол, Монгол талаас Онцгой байдлын ерөнхий газар хариуцаж ажилладаг. Мэргэжлийн ур чадвар, сайн туршлагаа харилцан солилцож, сургалтыг гардан хийж, гамшгийн хариу арга хэмжээний дасгал сургуулилт хийснээр бид гамшгийн үед хүний амь нас аварч, эд материалыг хамгаалах Монгол улсын хүчин чадлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлдэг. Би “Говийн чоно” арга хэмжээний нээлтэд оролцсон бөгөөд хамгийн их таалагдсан нь боломжит гамшгийн нөхцөл байдал зэрэг төрөл бүрийн саад бэрхшээлтэй учирсан үед Монгол, АНУ болон бусад 19 улсаас ирсэн оролцогчид хэрхэн хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт хийж байсан явдал юм.
АНУ-ын цэргийн байгууллага зөвхөн сургалт, дасгал сургуулилт хийдэггүй, Монгол улсад хүн бүр ашиглахуйц бүтээн байгуулалтыг хийж байна. Тухайлбал, Аляскийн үндэсний гвард болон Армийн инженерүүдийн корпусын дэмжлэгтэйгээр 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар хамгийн орчин үеийн загвар бүхий таван цэцэрлэг барьж байна.
Бид бүхэн хамтын ажиллагаагаараа дамжуулан ахиц дэвшил гаргаж буй бас нэг шинэ чиглэл нь хууль сахиулах ажил юм. АНУ-ын Ерөнхий прокурор Баррын Ерөнхийлөгч Х. Баттулгатай нийслэл Вашингтон хотноо хийсэн уулзалт нь хамтын ажиллагааны энэхүү шинэ үе шатны хүрээн дэх хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг илтгэсэн юм. Монгол улсын хууль сахиулах байгууллагууд манай ЭСЯ-ны Дипломат албаны аюулгүй байдлын багтай хамтран Монгол улсын өргөн уудам хилийн боомт, хил хязгаарын аюулгүй байдлыг хамгаалж, хил дамнасан гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, авлига болон зэрлэг амьтад, ургамлыг хууль бусаар хил давуулан худалдаалахын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн хууль бус мансууруулах бодистой тэмцэж, Холбооны мөрдөх товчоо болон Мансууруулах бодисын хууль сахиулах захиргааны ажилтнуудыг урьж авчран Монгол улсын цагдаагийн байгууллагын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх нэгжтэй сайн туршлага солилцох зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Энэ нь зөвхөн нэг тал ашиг тус хүртээд зогсохгүй, Америкчууд мэргэжил нэгт Монголчуудтай туршлага солилцож, тэднээс суралцаж, мэргэжилтнүүдийн нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд өрнүүлж буй хамтын ажиллагаа юм.
Аюулгүй байдлын талаарх сүүлийн чиглэл нь Монгол, АНУ-ын хувьд эн тэргүүний асуудал болох хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажил бөгөөд энэхүү аймшигт аюул заналыг таслан зогсоохын тулд бид Монгол улсын эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. АНУ-ын Төрийн Департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах албаны санхүүжилт болон Монгол улсын засгийн газрын идэвтэй оролцооны үр дүнд хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгаж, ял шийтгэл оногдуулахад хохирогч төвтэй аргачлалаар ажиллах ур чадварыг Монголын эрх бүхий байгууллагад эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсанд би баяртай байна. Ийм арга барил нь үр дүнтэй гэдгийг бид туршлагаар баталсан бөгөөд дэлхий нийтэд тулгамдаж буйтай ижил төстэй саад бэрхшээлийг даван туулахад нь зориулж Монгол улстай энэхүү туршлагаа хуваалцахыг хүссэн юм.
Хоёр орны ард түмний харилцаа
Манай хоёр улсын найрамдлын бат бөх харилцааны томоохон хэсэг нь соёл, боловсрол, мэргэжлийн солилцоо, Англи хэлний сургалтад суурилдаг бөгөөд үүнийг бид хоёр орны ард түмний хоорондын харилцаа гэж нэрлэдэг бөгөөд бидний түншлэлийн харилцааны гурав дахь гол чиглэл юм.
Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхий сайд манай Төрийн нарийн бичигийн даргатай уулзах үеэр тэд 2019 оныг АНУ-Монгол улсын Залуучуудын жил болгож зарлахаар шийдвэрлэсэн.
Англи хэлний сургалтын хөтөлбөрийг дэмжих ЭСЯ-ны дэмжлэг улам өргөжиж байгаа бөгөөд би үүнийг бахархалтайгаар хүлээж авдаг. Монгол улс даяар санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан Аксес Англи хэлний хөтөлбөрийн төсвийг бид хоёр дахин нэмэгдүүлсэн. Бид 100 гаруй Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай бөгөөд тэдний дийлэнх нь аймаг болгонд суурьшиж Англи хэл зааж байгаа ба цаашид бид энэ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Бид Англи хэлний мэргэжилтэн багшийн хөтөлбөрөөр Монголын их дээд сургуульд хичээл зааж буй багш нарын тоог хоёр дахин өсгөлөө. Энэ зун АНУ-ын Төрийн Департаментын ивээн тэтгэсэн Англи хэлний үнэ төлбөргүй, онлайн хичээлд хамрагдах Монголчуудын тоог бид олноор нь нэмэгдүүлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд харилцан сайн туршлагаа солилцож, шинэ заах аргад суралцахаар Монголын өнцөг булан бүрээс ирсэн 450 гаруй Англи хэлний багш нарт зориулсан хамгийн далайцтай бага хурлыг ЭСЯ-наас зохион байгууллаа.
Залуу хүмүүсийг иргэний нийгэм болон оролцооны ардчиллын идэвхтэй гишүүн болоход нь урам зориг хайрлах нь бидний эн тэргүүнд чухалчилдаг асуудлуудын нэг юм. Энэ жилийн эхээр ЭСЯ нь голлох ТББ-ууд болон бусад орны дипломат албаныхантай хамтран залуучуудын томоохон дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Монголын өнцөг булан бүрээс хэдэн зуун залуучууд хуран цугларч ардчилал, сайн засаглал болон оролцоог хангасан эдийн засгийн хөгжил сэдвээр сургалт явуулсан. Миний бие хэд хэдэн хуралдаанд суусан бөгөөд тэд үнэхээр урамтай байсан. АНУ-ын ЭСЯ-ны Ардчиллыг хөгжүүлэх манлайлагчид буюу LEAD хөтөлбөр нь улс орны өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд салбар бүрийн сор болсон шилдэг залуу манлайлагчдыг дэмжих зорилготой. Нийгмийг өөрчлөх чадалтай 230 залуус ядуурал, ажилгүйдэл, авлига болон байгаль орчны доройтлыг арилгахын тулд бүлгээрээ төсөл хэрэгжүүлэх ур чадварт суралцаж, сүлжээ болон ажилладаг.
Жил бүр манай ЭСЯ-наас нэр хүндтэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг 100-аад тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдэд зориулж 2 сая гаруй ам. долларын хөрөнгө оруулдаг. Түүнчлэн бид Америк дахь шударга ёсны зарчим, бизнесийн маргааныг хэрхэн шийдвэрлэдэг болон хуулийн засаглалын талаар суралцахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд Монголын шүүгч, прокурор болон УИХ-ын гишүүдэд зориулсан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Та бүхний зарим нь эдгээр тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл мэдүүлж, АНУ-д суралцах хүсэлтэй байх гэж найдаж байна. Бидний санал болгодог олон боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд манай цахим хуудас, Фейсбүүк болон Улаанбаатар хотын номын санд байрладаг Америкийн соёл мэдээллийн төвөөр зочлохыг зөвлөж байна.
Цаашилбал, бид хоёр орны залуучуудыг сагсан бөмбөг, жазз хөгжмөөс авахуулаад хип хоп хүртэлх урлаг соёл, спортын нийтлэг хүсэл зорилгоор нь дамжуулан нягт холбохыг хичээдэг. Өнгөрсөн долоо хоногт болсон хип хоп концерт маш хөгжилтэй байсан бөгөөд та бүхний зарим нь очсон байх аа.
Бид бизнес, аялал жуулчлал эсвэл томоохон рок хөгжмийн хамтлагийн аялан тоглолт зэрэг АНУ-д зорчих хууль ёсны аялалыг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийх болно. Ойролцоогоор 3,000 Монгол оюутан одоогийн байдлаар Америкийн их дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд түүхэндээ хамгийн их буюу 14,300 Монгол хүн АНУ-д зорчсон байна. Манай визний ажилтнууд урьд өмнөхөөсөө завгүй ажилладаг болсон.
Чухал мэдээллийг цаг алдалгүй өгч, виз болон цагаачлалын хууль тогтоомжийн талаар илүү ойлголттой болгохын тулд бид Гадаад харилцааны яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяны ажлыг эхлүүлсэн. Энэ аяны ажил нь АНУ-д хууль бусаар ажиллаж буй, эсвэл визний хугацаагаа хэтрүүлсэн аялагчдын тоог бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна.
Улс төрийн харилцаа – Энэтхэг-Номхон далайн стратеги
Стратегийн түншлэлийн хамгийн сүүлчийн буюу дөрөв дэх чиглэл нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь энх тайван, хөгжил цэцэглэлийг хангах явдал юм. Тусгаар тогтносон, нээлттэй, чөлөөт зах зээл бүхий нийгмийн хувьд АНУ болон Монгол улс нь бүс нутгийн болон дэлхийн бусад улс орныг чөлөөтэй, ардчилсан улс үндэстнүүдийн хамтын нийгэмлэгт нэгдэхэд нь туслан дэмжиж, хамтран ажиллах үүрэг хариуцлага хүлээх учиртай. Бүх улс үндэстнүүд нь тусгаар тогтносон, хүчтэй бөгөөд хөгжин дэвшиж буй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаар баримтлах АНУ-ын стратегийн алсын харааны хувьд Монгол улс нь гол түншлэгч улс юм.
Энд би Энэтхэг-Номхон далайн стратегийн гол зарчмуудыг дурдъя. Эдгээр зарчим нь АНУ-Монгол улсын хамтын ажиллагааг тодорхойлох нийтлэг үнэт зүйлст тусгалаа олсон гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу.
- Бүх улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг эрхэмлэн дээдлэх;
- Маргаан, зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх;
- Нээлттэй хөрөнгө оруулалт, ил тод гэрээ болон холбоотой байх зарчим дээр үндэслэсэн чөлөөтэй, шударга, харилцан ашигтай худалдаа; болон,
- Ус, агаараар чөлөөтэй зорчих зэрэг олон улсын дүрэм журам, хэм хэмжээг мөрдөх.
Энэхүү стратегийг хөгжүүлэхийн тулд АНУ нь жилд тус бүс нутагт нийт 1.7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийдэг. Эдийн засгийн хөгжлийг манлайлахын тулд хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэх ёстойг бид мөн онцлон тэмдэглэдэг. Учир нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд жилд 1.7 их наяд ам. доллар шаардлагатай гэсэн Азийн хөгжлийн банкны тооцоо бий. Гэвч ямар ч засгийн газарт тийм их мөнгө байхгүй. Тийм ч учраас, хувийн хэвшлийн хөрөнгө санхүүд найдах нь цорын ганц шийдэл юм. Түүнчлэн Шри Ланка, Мальдив, Малайз болон бусад улсын гашуун жишээнээс харахад төрөөс гардаж хийх дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн дипломат ёс нь авлига, өрийн хавх, чанаргүй, хор хөнөөлт бүтээн байгуулалт болон тэгш бус эдийн засгийн өсөлтөд хүргэдгийг бэлхэнээ харуулж байна. Тийм арга барил нь стратегийн болон цэргийн зорилго зорилтод саад учруулаад зогсохгүй, санхүүгийн тогтвортой байдал болон үндэсний тусгаар тогтнолд эрсдэл учруулж болно.
АНУ нь маш хүчирхэг хувийн хэвшлээрээ дамжуулан тус бүс нутагт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өмнөхөөсөө хоёр дахин их буюу нийт 940 гаруй тэрбум ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн. Нөлөө бүхий эдийн засагчдын үзэж байгаагаар тус бүс нутагт илүү их хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь нээлттэй ил тод, дүрэм журамд үндэслэсэн сайн засаглал байх бөгөөд энэ нь эрүүл, тогтвортой ардчилал болон оролцоонд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэдэгтэй бид бүгд санал нийлнэ гэдэгт би итгэдэг.
Дүгнэлт
Ийнхүү дүгнэж хэлбэл, АНУ болон Монгол улс нь ардчилал, нээлттэй зах зээлийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, нийтлэг амлалтад суурилсан бат бөх үндэс суурь бүхий найрсаг харилцаатай. Бидний түншлэл нь хүчирхэг бөгөөд гайхалтай хурдтайгаар хөгжиж байна. Аливаа улсын ямар ч элчин сайд тухайн хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа нь өвөрмөц бөгөөд чухал гэдгийг хэлэх болно. Гэвч АНУ-Монгол улсын хувьд бидний найрсаг харилцаа нь үнэхээр эгэл бус бөгөөд өнөөдөр миний ярьсан зүйлс энэ бүхнийг батлан харуулсан байх гэж би найдаж байна. АНУ-Монгол улсын харилцаа нь хоёр улсын хувьд төдийгүй, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал болон хөгжил дэвшлийн тулгын чулуу юм. Бидний амлалт, хүчин чармайлт нь хамгийн шилдэг гуравдагч хөрш байх явдал юм. Манай хоёр улсын хоёр талт харилцааны түүхэн дэх хамгийн чухал бөгөөд эгзэгтэй мөчид би Монголд ажиллаж байгаадаа үргэлж талархаж явдаг.
Та бүхэнд цаг зав, анхаарлаа хандуулсад баярлалаа. Ингээд та бүхний асуултад хариулахдаа таатай байх болно.
##