УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс, 2019 оны 8 дугаар сарын 27 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх” төсөл (Баруун эх үүсвэрийн төсөл)-ийн ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Америкийн шинжээчдийн хамт 2019 оны 8-р сарын 03-19-нд Америкийн Нэгдсэн Улсад томилолтоор ажиллаж, туршлага судаллаа.
Нийт 350 сая ам.долларын өртөг бүхий энэхүү Усны Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлж эдийн засгийн ирээдүйн өсөлтийг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хүртээмжийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Компакт гэрээний гол бүрэлдэхүүн хэсэг болох Баруун эх үүсвэрийн төслийн хүрээнд нийслэлд усны шинэ эх үүсвэр гүний худгууд гаргах, ус дамжуулах шугам сүлжээ тавих, түүнчлэн Монгол Улсад анх удаа төвлөрсөн ус хангамжийн системд ундны ус нийлүүлэх зориулалттай ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж, усны салбарын шинжлэх ухаан, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, нутагшуулна.
Баруун эх үүсвэрийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж буй Америкийн “AECOM” компанийн Зураг төслийн багийнхан Америкийн Бостон хотноо Монголын төлөөлөгчдийг угтан авч, тус хот дахь Уильям А. Бручийн ус цэвэрлэх байгууламж, түүнчлэн Мэрилэнд мужийн Патуксент ус шүүх байгууламж, Флорида дахь Дэйви хотын ус цэвэрлэх байгууламжийн усан хангамжийн V систем болон ус цэвэрлэх IV байгууламж, Тампа хотын Тампа Электрик компанийн Полк цахилгаан станцын ус цэвэршүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцах судалгааны аяллыг зохион байгуулсан байна.
Энэхүү судалгааны аялал нь Компакт гэрээний санхүүжилтээр Монгол Улсад анх удаа баригдах ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй үйл ажиллагаа, технологийн хувьд ижил төстэй үйлдвэрүүдийн ажиллагаатай газар дээр нь танилцаж, шинэ үйлдвэрийн цэвэрлэгээний технологийг оновчтой сонгох, ус цэвэршүүлэх, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний талаар туршлага судлах боломжийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд олгосон юм.
Судалгааны аяллын үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр “AECOM” компанийн төлөөлөл Баруун эх үүсвэрийн төслийн нарийвчилсан зураг төслийн ажлын явц болон тулгарч буй асуудлуудын талаар төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын Дэд сайд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг Барилга хот байгуулалтын яамны болон Нийслэлийн ажлын хэсгийн хуралдаанаар оруулж шийдвэрлэх талаар хариу өгсөн байна.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийнхан мөн төлөөллөгчидтэй Вашингтон хотноо албан ёсны уулзалт хийж, Компакт гэрээний хэрэгжилтийн явцын талаар ярилцан, цаашид гарч болзошгүй хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэхийн зэрэгцээ нарийвчилсан зураг төслийн ажлыг амжилттай дуусгахад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.