АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
paspress@usembassy.mn, 7007-6249
2019 оны 8 дугаар сарын 8
Шуурхай
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др. Марк Т. Эспэр 2019 оны 8-р сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ оны 7-р сарын 23-нд АНУ-ын Батлах хамгаалах сайдаар томилогдсноосоо хойш түүний олон улсад хийж буй анхны айлчлалын хүрээнд уг айлчлал багтаж байгаа юм.
Айлчлалын үеэр Др. Марк Т.Эспэр болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгад бараалхаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийлээ. Батлан Хамгаалахын сайд Эспэрийн энэхүү айлчлал эрх чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төлөө АНУ тууштай байгааг дахин нотлов.
Батлан хамгаалахын сайд Эспэрийн анхны гадаад айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Доналд Ж.Трамптай Цагаан ордонд уулзсаны дараахан болсон нь ардчиллын хамтын үнэт зүйлс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүсэл сонирхолд суурилсан АНУ, Монгол Улсын бат бэх харилцааны илэрхийлэл болж байна.
Др. Эспэр АНУ-ын Цэргийн академийг 1986 онд төгсөж, цэргийн жинхэнэ албанд 10 жил, Үндэсний гварди болон армийн бэлтгэл офицероор 11 жил үүрэг гүйцэтгээд, 2007 онд АНУ-ын Армиас чөлөөнд гарсан. Тэрээр Жон Ф. Кеннедигийн нэрэмжит Удирдлагын ухааны сургуулиас Төрийн захиргаа-удирдлагын магистр, Жорж Вашингтоны Их сургуулиас Төрийн захиргааны бодлогоор докторын зэрэг тус тус хүртжээ. Др. Эспэр нь АНУ-ын Батлан хамгаалах яамны хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Хүрэл Од медаль, “Кувейтийг чөлөөлсний төлөө” медаль, Саудын Араб Улсаас хүртсэн “Кувейтийг чөлөөлсний төлөө”- медаль болон Байлдааны цэргийн тэмдэг зэрэг гавьяа шагналтай.
Др. Эспэр 2019 оны 7-р сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон. Үүнээс өмнө Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хуурай замын цэргийн хэрэг эрхэлсэн сайдын албыг тус тус хашжээ.
##