Шуурхай
2020 оны 9 дүгээр сарын 14
Хэвлэлийн мэдээ
АНУ, Монгол Улсын Зөвлөлдөх Уулзалт
9 дүгээр сарын 14-ний өдөр болсон 2020 оны АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг АНУ-ын Төрийн департаментийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Дэйвид Р. Стилуэлл болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Анхбаяр нар ахалж оролцлоо. Тус уулзалт нь өнгөрсөн оны 7 дугаар сард АНУ, МУ хамтран тунхагласан Стратегийн түншлэлээс хойших анх удаагийн зөвлөлдөх уулзалт болж байгаа юм. Энэхүү цахим уулзалтын үеэр мөн бидний бат бэх хамтын ажиллагаа, нэгдсэн үнэт зүйлсийг бататгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх дараагийн бодит алхмуудыг дахин баталгаажуулах боломж олгож байна.
Өнгөрч буй жилийн туршид НҮБ-ын удирдлагын сонгууль тэргүүтэй олон улсын форумуудад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэн. КОВИД-19 цар тахлын улмаас тулгамдсан бэрхшээлээс үл харгалзан батлан хамгаалах, цэргийн салбарт бидний харилцаа идэвхтэй хэвээр үргэлжилж байна. АНУ болон Монгол Улс нь худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг эрчимжүүлэх хамтын зорилтын дор эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.
АНУ болон Монгол Улс нь тус тусын үндсэн хуулиудад заагдсаны дагуу хүний эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хуульт ёс зэрэг ардчилсан үнэт зүйлсэд тулгуурласан үүрэг амлалттай орнууд. Хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа ялангуяа хил хамгаалал, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд гүнзгийрсээр байна. Монголын хууль сахиулах, батлан хамгаалахын салбарын 1,000 ажилтныг мөрдөн байцаах арга техник, хил давуулж буй хууль бус барааг илрүүлэх, мөнгө угаахтэй тэмцэхэд чиглэсэн сургалтуудад амжилттай хамруулсандаа АНУ бахархалтай байна. Бид иргэд хоорондын бат бэх түншлэлээ биеээр болон цахимаар хамрагддаг солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан идэвхтэй хадгалсаар байна. АНУ-ын хөтөлбөрүүдэд хамрагдсан төгсөгчдийн өргөн цар хүрээний, идэвхтэй сүлжээ нь бидний хамтын үнэт зүйлс болон туршлагыг гэрчилж буй бөгөөд МУ-ын Их хурал, Засгийн газар, бизнесийн хүрээлэл, иргэний нийгмийг маш олон төгсөгчид манлайлж буйд бахархалтай байна.
Эдгээр санаачлагууд нь АНУ-МУ-ын бат бэх хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсний илрэл болж байна.
# # #