АНУ-ын Элчин сайдын яам
2021 оны 1 сарын 18
Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб дахь
11-р ээлжийн цэргийн багийн командлагч,
Дэд хурандаа Олзбаярт
Монголын зэвсэгт хүчний 11-р ээлжийн цэргийн багийн офицер, цэргүүдээ:
Албан үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн та бүхэн эх орондоо тавтай морилно уу! Өнгөрсөн 6 сарын туршид та бүхэн Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” сургалт дадлага болон байлдааны ажиллагаанд оролцоод, аюул осолгүй эргэн ирсэн тухай сонсоход маш их баяртай байна.
Өмнө нь та бүхнийг үдэж, тосох бүрт онгоцны дэргэд хүн нэг бүртэй уулзан мэндлэх завшаан надад тохиодог байсан. Цар тахлын дараа та бүхэнтэй биечлэн уулзаж, гар барих боломж олдох хүртэл энэхүү мэндчилгээг маань хүлээн авна уу.
Монгол Улсдаа төдийгүй олон улсын энх тайван, тогтвортой байдлын төлөө оруулж буй та бүгдийн хувь нэмрийг нэг бүрчлэн онцлон тэмдэглэж, талархахыг хүсч байна. Монгол цэргүүд Ирак, Африк, Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд удаа дараа оролцон, олон улсад мэргэжлийн гайхалтай нэр хүндийг олсон билээ. Монголын зэвсэгт хүчний 11-р ээлжийн цэргийн багийн гишүүд та бүхэн тэрхүү нэр хүндийг улам бат бэх болгон мөнхлөхөд өөрсдийн хувь нэмрийг орууллаа.
Өнгөрсөн хугацаанд, ялангуяа шинэ жил, баяр ёслолын үеэр гэр бүлээсээ хол байх ямар хэцүү байсныг би гадарлаж байна. Та бүгдийн төлөө, Монголын Зэвсэгт хүчний төлөө, Монгол Улсын төлөө гэр бүлийнхний тань үзүүлсэн тууштай дэмжлэг, тэвчээр хатуужилд талархал илэрхийлье. Энэ бүх амжилт, үр дүнг тэдний дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Эцэст нь би АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хүндтэй албыг хашиж буйгаа нэр төрийн хэрэг хэмээн үздэгээ хэлэхийг хүсэж байна. Монгол Улс болон АНУ нь Стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн нь мэдээж гайхалтай зүйл. Гэхдээ миний хувьд, ялангуяа КОВИД цар тахлын энэ хүнд хэцүү үед Монгол анд нөхөд, хамтрагч нартайгаа тогтоосон бат бэх харилцаагаар хамгийн их бахархаж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. АНУ болон миний бие хүнд цаг үед Монгол нөхөддөө найдаж болно гэдгийг би сайн мэднэ. Үүнтэй адил АНУ ч мөн та бүхэнтэй мөр зэрэгцэн, ирээдүйн саад бэрхшээлийг хамтдаа даван туулна гэдэгт Монгол Улс итгэж болно.
Ингээд дахин баяр хүргэе! Эх орондоо тавтай морил.
Хүндэтгэсэн,
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клечески