2021 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

МОНГОЛ УЛС: 2-р Шатлал

Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймааатай тэмцэх чадавхид Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхтэй харьцуулбал хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг дурдахуйц тооны хэргийг мөрдөн шалгаж, олон хүний наймаачдыг яллаж, яамд, олон улсын гол байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар олон хохирогчийг эх оронд нь буцаан авчирсан. Гэсэн хэдий ч, засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Цагдаагаас бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг албан ёсоор таньж илрүүлэн, хамгаалах үйлчилгээний албатай холбон зуучлахын оронд биеэ үнэлэх гэмт хэргээр шийтгэсээр байна. Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд захиргааны арга хэмжээ авсан.

МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  • Хууль сахиулах байгууллагын албан хаагч холбогдсон буюу түүний үйлдсэн гэмт хэрэг болон хүлээн авагч орнуудын хууль сахиулах байгуулагатай хамтран шалгаж буй хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгаж, хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн хөнгөн ял шийтгэл дагуулах зүйл, заалтаас илүү тус хуулийн 12.3 болон 13.1-р зүйлчлэх байдлыг нэмэгдүүлэх.
  • Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хэрэг үүсгэх болон шүүхээр ял шийтгэл оногдуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх.
  • Хүн худалдаалсан сэжигтэнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхээс үл шалтгаалан хохирогчид хамгаалах үйлчилгээ авах боломжийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.
  • Цагдаа, гадаадын иргэн, харьяатын газар болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын албан хаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг, ялангуяа эрэгтэй хүмүүс, эрэгтэй хүүхдийг таньж илрүүлэх, мөн гадаадын ажилчид, томоохон хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй дотоод, гадаадын иргэд, хятад ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийг нь мөлжиж буюу зүй бусаар харьцаж байгаа уул уурхайн тээврийн дотоодын ажилчид, уул уурхайн бүсэд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд, болон ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн дундаас таньж илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлахад удирдлага болгох албан ёсны журмуудыг системтэй болгож, бүрэн хэрэгжүүлэх.
  • Хүн худалдаалахтай тэмцэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх.
  • Эрүүгийн хуулийн 16.1 болон 16.4-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнд хамаарах ял шийтгэлийг хүүхэд худалдаалах бусад гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлтэй дүйцэх хэмжээний хүнд ял шийтгэлтэй болгох.
  • Бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг яллахыг зогсоох.
  • Ажил олгогч, ажилд авагч, хөдөлмөр зуучлагчийн зүгээс ажилчдаас хураамж авах, иргэний болоод гадаадад зорчих паспорт, баримт бичгийг хураан авах, урьдчилан зөвшилцөлгүй гэрээнд өөрчлөлт оруулах, цалин хөлсийг барьцаа болгон саатуулах зэргийг хориглох заалтуудыг холбогдох хууль тогтоомжид оруулах.
  • Холбогдох албан хаагчид, ялангуяа орон нутгийн прокуроруудад Эрүүгийн хуулийн хүн худалдаалахтай тэмцэх заалтуудыг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө нөөц хуваарилж, эрчимтэй сургах.
  • Төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, түүний дотор эрэгтэй хохирогч болон хүүхдүүдийг хамгаалан тусламж үзүүлэх байр болон бусад хэлбэрийн тусгай үйл ажиллагааг өргөтгөн, дэмжихэд нэмэлт санхүүжилт олгох.
  • Худалдаалагдсан хэлбэрээс үл хамааран гадаадад хохирогчоор тогтоогдсон Монгол Улсын бүх иргэдэд тусламж үзүүлэхэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх.
  • Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын санхүүжилтийг нэмэгдүүлж, гэнэтийн шалгалт хийх эрхтэй болгох зэргээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах, тэдгээрийг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтээр таньж илрүүлэн, үнэлгээ өгөх.

ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ

Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйцэхүйц хүнд заалт болсон. Эрүүгийн хуулийн 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үүнд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрийг мөн хамааруулсан. 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Өмнөх жилүүдийн нэгэн адил эрх бүхий байгууллагаас заримдаа хүн худалдаалах гэмт хэргийг яллахдаа хөнгөн ялаар зүйлчилсэн байна.

16.1 болон 16.4-р зүйлд “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, “хүүхдээр гуйлга гуйлгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хоёуланд нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Өмнөх жилүүдэд зарим прокурор хүүхдээр гуйлга гуйлгасан хэргийг эрүүгийн бус зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Иж бүрэн эрүүгийн хэрэг үүсгэх, холбон зуучлах процесс ярвигтайн дээр хүн худалдаалахтай тэмцэх цагдаа, прокуроруудын харилцаан дахь хязгаарлалтууд нь мөрдөн шалгах, яллах ажиллагаанд саад учруулж байна хэмээн ажиглагчид онцолсон.

Төрөөс хууль сахиулах хүн хүч, нөөц бололцоог цар тахлыг тогтоон барихад байнга дайчлах болсон нь зарим тохиолдолд хүн худалдаалахтай тэмцэх хүчин чармайлтыг тасалдуулсан. Энэхүү өөрчлөлтийг эс тооцвол баривчлан саатуулах, мөрдөн шалгах болон шүүн таслах үйл ажиллагаа үргэлжлэн явагдсан. Тайлант хугацаанд төрөөс 49 сэжигтэн холбогдогчтой 36 бэлгийн мөлжлөгийн хэргийг мөрдөн шалгасан (2019 онд 24 сэжигтэн холбогдогчтой 10 хэрэг байсан). Эдгээрээс арван нэгэн хэргийг цагдаагийн байгууллагаас саун, массажны газар, зочид буудал, караоке бар болон биеэ үнэлүүлэх үйл ажиллагаа явуулж байж болзошгүй хэмээх сэжигтэй газруудад үзлэг шалгалт хийсэн болон нийгмийн сүлжээг ашиглан дээрх агуулгатай зар мэдээлэлд мониторинг хийсний үр дүнд мөрдөн шалгасан байна.

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн бүтцийг хэвээр хадгалж, тус тасгаас дээрх хэргүүдийн наймыг мөрдөн шалгасан (2019 онд 10 хэрэг мөрдсөн). Өмнөх тайлант хугацаанд хавтаст хэрэг нээсэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан гэх 16 хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

2019 оноос ялгаатай нь тайлангийн хугацаанд холбогдох байгуулагаас албадан хөдөлмөр хийлгэсэн гэх нэг шинэ хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Уг хэрэгт улс орноос албадан гаргана гэж айлган сүрдүүлэн ажлын хөлсийг нь өгөхгүй албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх хэрэгт Бирм Улсын гурван иргэн холбогдсон. 2019 оноос өмнө албадан хөдөлмөр эрхлүүлсэн гурван тохиолдол дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ба үүн дээр хүүхдээр албадан гуйлга хийлгүүлсэн гэх 2019 оны нэг хэргийг тайлант хугацааны эцэст мөн үргэлжлүүлэн мөрдөн шалгасаар байна. Өмнөх жилүүдийн нэгэн адил эрх бүхий байгууллагуудаас албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх үндэслэлээр шинэ хэрэг үүсгээгүй боловч бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн нийт 21 яллагдагчийг шүүн тасалсан ба тэдгээрийн дөрвөн яллагдагчийг 12.3, 17 шүүгдэгчийг 13.1-р зүйл ангиар ялласан (2019 онд энэ тоо гурав ба зургаа байсан). 2019 онд эхлүүлсэн 40 яллагдагчтай холбоотой хэргийн мөрдөлт тайлант хугацааны эцэст үргэлжилсээр байсан. 2020 онд шүүхээс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зүйл ангиар 18 хүнд ял оноосон ба 13.1-р зүйл ангиар 17 яллагчийг, 12.3-р зүйл ангиар нэг шүүгдэгчийг яллажээ (2019 онд нийт 12 байсан). Албадан хөдөлмөр эрхлүүлж хүн худалдаалснаар шүүх нэг ч хэрэгт ял оноогоогүй (2019 онд 3 байсан). Шүүхээс хоёр иргэнийг 12.6-р зүйл ангиар (“биеэ үнэлэхийг зохион байгуулсан”) ялласан. Эдгээр хэргүүд дээр олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд байгаа эсэхийг баталгаажуулахад шаардагдах хангалттай баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргаж өгөөгүй. Өмнөх жилтэй харьцуулбал 16.1 болон 16.4-р зүйл ангиар ямарваа нэгэн хэрэг үүсгээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Эрх бүхий байгууллагуудаас оногдуулсан ял шийтгэлийн бүрэн мэдээллийг тайлагнаагүй боловч хүн худалдаалсан хэргээр шүүхээс 17 этгээдэд 13.1-р зүйл ангиар таваас 26 жилээр хорих ял оноосон ба нэг шүүгдэгчид 12.3-р зүйл ангиар долоон жилийн хорих ял оноосон нь 2019 онд хүн худалдаалсан хэргээр 12 яллагдагчдад таваас найман жилийн ял оноосонтой харьцуулбал мэдэгдэхүйц өндөр өсөлт юм. Оногдуулсан ял шийтгэлийн нэг хэсэг болох хохирогчид олгосон нөхөн төлбөрийн тухай мэдээлэл төрийн байгууллагаас ирүүлээгүй (2019 онд нэг хохирогчид 798,400 төгрөг буюу 280 ам.доллар төлсөн байдаг).

Төрийн албан хаагчдын дунд зөвхөн охид, эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог гэх нийтлэг ташаа ойлголт байдгаас үүдэн эрэгтэй хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг 13.1, 12.3-р зүйл ангиар бус харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. Засгийн газраас хууль сахиулах байгууллагын албан хаагчид болон нийгмийн ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр тусгай сургалт зохион байгуулж, холбогдох санхүүжилт болон мөнгөн бус дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Гэвч хууль сахиулах байгууллагуудын мэдээлж байгаагаар шүүх байгууллагын албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тодорхой заалтуудын талаар сайн мэдэхгүй байгаа нь зарим хэргүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулахад хүргэдэг байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зохих ёсоор шийдвэрлэхэд нэмэлт сургалт, хөрөнгө нөөц болон мэргэжлийн хүн хүч нэн шаардлагатай байгаа талаар холбогдох талууд илэрхийлсэн байна. Монгол Улс нь Хятад, Тайланд болон Малайз улсуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажиллаж байна. Хууль хэрэгжүүлэгч байгууллагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг харилцагч байгууллагуудтай тухай бүр мэдээлэл солилцон хамтран ажилласан байна.

Есдүгээр сард нэг цагдаагийн албан хаагч нэгэн массажны газрын эзэнд Бирм Улсын гурван иргэнийг албадан гаргана хэмээн айлган сүрдүүлж хүчирхийлэн албадан хөдөлмөр эрхлүүлэхэд дэмжлэг үзүүлж оролцсон. ЦЕГ-аас түүнийг албан тушаал дэвших буюу өөр албан тушаалд томилогдох эрхийг нэг жилээр хасах, захиргааны арга хэмжээ авч хүчээр хөдөлмөр эрхлүүлэхэд хамсаатнаар оролцсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Өмнөх жилүүдийн адилаар эрх бүхий байгууллагууд хүн худалдаалах эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгагдсан, яллагдсан буюу шүүхээс ял шийтгэл авсан төрийн албан хаагчдын талаар мэдээлэл өгөөгүй.

ХОХИРОГЧ ХАМГААЛАЛ

Засгийн газар хохирогч хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн.

Монгол Улс нь урьдчилан сэргийлэлт, хамгааллын арга хэмжээгээ сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж буй юм. Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2019 онд төсөвлөсөн 509 сая төгрөг (178,610 ам. доллар)-өөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн (2018 онд 709 сая төгрөг буюу 248,790 ам. доллар, 2017 онд санхүүжилтгүй байсан). Гэхдээ засгийн газраас энэхүү төсвийн тодорхой хэсгийг цар тахлын эсрэг арга хэмжээ авахад шилжүүлэн зарцуулсан. Өмнөх жилүүдэд энэ төсвөөр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчтайгаа болоод бие даан гадаадад зорчиж буй олон зуун монгол хүүхдүүдийг хүний наймааны үзүүлэлтээр таньж, үнэлэх цагаачлалын программ хангамжийг үргэлжлүүлэн ашиглах боломжийг хилийн хяналтын байгууллагуудад олгосон. Цар тахлын улмаас тайлант хугацаанд хил хаагдаж олон улсын хилээр зорчих боломжгүй болсон тул тухайн программ хангамжийг ашиглан хохирогчийг тогтоох буюу хилээр зорчихоос урьдчилан сэргийлэх асуудал 2020 онд гараагүй (2019 онд 105 хориг тавьсан, 2018 онд ийм тохиолдол бүртгэгдээгүй). Хамгаалалтын байр ажиллуулж, сэтгэл зүй-нийгмийн, эрүүл мэндийн болон хууль зүйн үйлчилгээ зэрэг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудад засгийн газраас 30 сая төгрөгийн (10,530 ам.доллар) санхүүжилт өгсөн. Аравдугаар сард засгийн газрын тогтоолоор хүүхэд хамгааллын 2021 оны төсвийг 2.5 тэрбум төгрөгөөр (877,260 ам.доллар) өсгөснөөс гадна үндэсний хэмжээнд ажиллаж байгаа хүүхэд хамгааллын ажилтны тоог гурав дахин нэмэх шийдвэр гаргасан.

Монгол Улс дахь хохирогч хамгааллын хязгаармагдмал үйлчилгээний ихэнхийг ТББ-ууд  төрийн туслалцаа дэмжлэгтэйгээр явуулж ирсэн. ТББ-уудын ажиллуулдаг хоёр хамгаалах байр нь улсын хэмжээнд хохирогчдод үйлчилдэг гол байгууллага бөгөөд тэдгээрийн нэг нь л эрэгтэй хохирогч авах боломжтой, харин хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдээгүй. Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн хохирогчдын хамт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг байрлуулдаг хоёр байрыг төрөөс ажиллуулдаг. Зөвхөн нэг хамгаалах байр хүний наймааны хохирогчид зориулагдсан. Хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч хүүхдүүд эдгээр хоёр байранд байхдаа хараа хяналт сул, тусгайлсан халамж, үйлчилгээ дутмагаас болж дахин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж талууд мэдээлсэн. ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хохирогчийг таних 11 асуулт бүхий хүн худалдаалах эрсдэлийн хяналтын хуудас ашигладаг гэж мэдээлсэн. Гэвч энэхүү асуулгын хуудсыг тогтмол хэрэглэдэггүй бөгөөд энэхүү ажиллагаанд эрсдэлт бүлгийнхнийг нарийн тогтоох асуудал багтдаггүй байна. Бодит практик дээр хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах журам тодорхой бус, зохих ёсоор системчлэгдээгүй, мөн ихэнх тохиолдолд тухайн мөрдөн байцаагчийн мэдлэг, идэвх санаачилгаас ихээхэн хамаардаг болохыг ТББ-ууд мэдэгдсэн.

Холбогдох төрийн байгууллагуудаас хохирогчийг таньж олох, үзүүлсэн үйлчилгээний талаарх иж бүрэн тоон мэдээлэл бүртгэл хөтөлдөггүй. Хүн хүч болоод санхүүгийн нөөц бололцоог тухайн үед цар тахлын эсрэг үйл ажиллагаанд шилжүүлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, албадан хөдөлмөр эрхэлж буй хохирогч хүүхдийг олж тогтоох тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан хаагчдын нөөц бололцоонд сөрөг үр нөлөө үзүүлсэн. ТББ-уудын зүгээс эрэгтэйчүүд болон эрэгтэй хүүхдүүд илүүтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байна гэж тогтмол ярьдаг боловч холбогдох төрийн байгууллагууд болон анхан шатны үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд тайлант хугацаанд ямар нэг эрэгтэй хохирогчийг олж тогтоогоогүй. Гэхдээ өмнөх жилээс ялгаатай нь төрийн байгууллагаас нэгэн ТББ-тай албадан хөдөлмөр эрхлэж буй гадаадын хохирогчийг олж илрүүлэхэд хамтран ажилласан. Байгаа мэдээллээс харахад цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 40 эмэгтэй хохирогч, түүний дотор 24 охин илрүүлсэн нь 2019 онд 20 охин 48 насанд хүрсэн эмэгтэй байсантай харьцуулбал бага зэрэг буурсан үзүүлэлт болсон. (2018 онд нийт 20-ийг илрүүлсэн). Энэхүү бууралт нь цар тахлын үе дэх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээний хүрээнд биеэ үнэлэхтэй холбоотой уламжлалт бизнес хаагдаж, хууль сахиулах байгуулагын зүгээс зарим талаар хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Тайлант хугацаанд эрх бүхий байгууллагууд 41 хохирогчийг ТББ-ын хамгаалах байртай холбон зуучилсан нь 2019 онд Монгол Улсын таван хохирогч байсантай харьцуулбал мэдэгдэхүйц өссөн байна. Эдгээрийн зарим нь өөр ТББ-аас ирсэн, эсвэл хохирогчийн хувийн харилцаанаас үүдэлтэй байж болох юм. Цагдаагийн байгууллага хохирогч болох эрсдэлтэй гурван хүүхдийг тусад нь улсын хамгаалах байранд шилжүүлсэн. Засгийн газрын санхүүжилтээр үндсэн үйлчилгээ үзүүлэгч ТББ-ын мэдээлснээр 46 болзошгүй хохирогчид, үүнээс 43 монгол иргэн, Бирм Улсын гурван иргэнд туслалцаа үзүүлсэн байна (2019 онд бэлгийн мөлжлөгийн хохирогч 34 монгол иргэн байсан). Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) Бирм Улсын иргэдэд эх орондоо буцтал нь түр оршин суух зөвшөөрөл олгосон. Тухайн ТББ тайлант хугацаанд 24 хохирогчид үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлсэн байна (2019 онд 11 байсан). Дээрх ТББ-ын зүгээс эргээд 39 хохирогчтой 13 хэрэгт холбоотой мэдээллийг холбогдох сэжигтнүүдийн хамт ЦЕГ-т мөрдөн шалгуулахаар албан ёсоор өгсөн байна (2019 онд 20 хохирогчтой 12 хэрэг байсан).

ЦЕГ-ын Хохирогч гэрчийг хамгаалах хэлтэс гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр ажиллах сэтгэл зүйчидтэй болсон хэмээн мэдээлсэн боловч 2020 онд хүний наймааны хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаар мэдээлэл ирүүлээгүй (2019 онд үйлчилгээ үзүүлээгүй) байна. Төрийн бус байгууллагуудын зүгээс БНХАУ руу зорчих хилийн гол боомтууд дээр эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдийг таньж, тогтоох ажил хийж, зарим нэгд нь аялж явахгүй байхыг зөвлөж, тусламж авах боломжийн талаар тэдэнд мэдээлэл өгч ажилласан байна. Цар тахлын үед хил бүрэн хаагдаж, гадаадад зорчиход хориг тавьсан тул дээрх ажлын ихэнх нь түр зогссон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор холбогдох сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс нааш хохирогч хамгаалах үйлчилгээ авах эрхгүй утга бүхий хэллэг орсон нь зарим хохирогчид хамгаалах үйлчилгээ авахад саад болсон. Бодит байдал дээр холбогдох мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамааран хохирогчид хамгаалах үйлчилгээ авсан хэмээн зарим албан тушаалтнууд мэдэгдсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-наас 2018 онд ажлын хэсэг байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар төрийн байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч хоёр жил дараалан холбогдох байгууллагуудаас энэхүү ажлын явцын үр дүн ямар шатандаа яваа, хэдийд эцэслэх талаар мэдээлэл өгөөгүй. Хүн худалдаалах гэмт хэргийн зарим хохирогчид Ковид-19-ийн заавал өгөх шинжилгээний хариуг хүлээн хамгаалалтын үйлчилгээ авах нь саатах буюу үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан хариу авсан байж болзошгүй. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч Эрүүгийн хууль болон Иргэний хууль хоорондын зөрчилтэй зохицуулалт энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаад төрийн албан хаагчид болон ТББ-ын ажиглагчид санал нэгдэж байна. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газар гадаадад үйлдэгдсэн монгол хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх чиг үүргийг хамтран хэрэгжүүлдэг. ГХЯ-нд гадаадад гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдэд туслах сан байдаг хэдий ч, тус сангийн хөрөнгийг зөвхөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эсвэл “онц ноцтой гэмт хэргийн” хохирогчид зарцуулна гэсэн нь хэрэгжүүлэхэд тодорхой бус байдал үүсгэдэг. 2019 онд Хятад, Киргиз, Филиппин Улсаас тус бүр нэг монгол хохирогчийг татан авсан бол 2020 онд холбогдох эрх бүхий байгууллагууд төрийн бус байгууллагуудтай хамтран Малайзаас 15 монгол иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна.

Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг 7-30 хоног хүртэлх хугацаагаар хорих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудад олгосон байдаг нь хүн худалдаалагчдын албадлага дор үйлдсэн гэмт хэрэгт шийтгэл авах эрсдэлт нөхцөлд хохирогчдыг оруулсан хэвээр байна. Тайлант хугацаанд эрх бүхий байгууллагаас биеэ үнэлэлтийн эсрэг хийсэн хэд хэдэн нэгжлэг шалгалтын үеэр хоёр охинд Зөрчлийн тухай хуулийн биеэ үнэлсэн гэх зүйл заалтаар торгууль ноогдуулсан байна (2019 онд ийм тохиолдол гараагүй). Зарим хохирогчид ийм гэмт хэрэгт ялтнаар татагдахаас эмээсэн тул хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэх буюу мэдүүлэг өгөхөөс цааргалж байсныг талууд мөн тэмдэглэсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжид эх оронд нь залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх байсан ч гадаадын хохирогч иргэдийг тухайн улс оронд нь шилжүүлэн өгөхөөс өөр альтернатив зохицуулалт байхгүй. ГИХГ-аас албадан гаргасан гадаадын иргэдийн талаарх 2020 оны дэлгэрэнгүй статистик мэдээ ирүүлээгүй (2019 онд нийт 1,500 гаруй иргэнийг 26 оронд албадан гаргасан). Гэхдээ цар тахлын үед зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хил хаалттай байсан тул цар хүрээ нь мэдэгдэхүйц бага байсан бололтой. 2020 онд эх оронд нь буцаах ажиллагаа хязгаарлагдмал байсан тул ажиглалт хяналтын журмыг зүй зохистой хийсэн эсэхийг үнэлэхэд хүнд боловч өнгөрсөн жилүүдэд ажиглалт хяналтын журмыг нийтээр дагаж мөрдөөгүйгээс гадна хүний наймааны бүх хэлбэрийг илрүүлэхэд хангалттай бус байсан.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Засгийн газар хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Цар тахлын улмаас холбогдох төрийн байгууллагууд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх сургалт, төсөв хөрөнгө болон байгуулага хоорондын зохицуулалтын зарим нэгэн асуудлыг хошлуулах буюу багасгахад хүрсэн. Засгийн газар нь “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017- 2021) болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд зориулсан төсвийн тэн хагасаас илүүг өөр зүйлд шилжүүлсэн. Үндэсний дэд зөвлөлийн удирдлага дор хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын уялдаа зохицуулалтаар хангах зорилготой юм. Гэсэн хэдий ч талууд байгууллага хоорондын уялдаа, зохицуулалт сул байсаар байгааг онцолсон. Уг дутагдлыг арилгах зорилгоор засгийн газрын зүгээс олон улсын донорууд болон ТББ-уудад хандаж туршлага судлах, нөөц боломжоор туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тайлант хугацаанд засгийн газраас олон улсын байгууллагуудтай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой гурван судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эдгээр нь Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хууль тогтоомжид хийх үнэлгээ, Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын эрсдэлийн хүчин зүйлсийн үнэлгээ, Нийгмийн сүлжээг ашиглан хүүхдийг хохирогч болгож буй талаарх судалгаа. Гэхдээ эдгээр судалгааны үр дүн болоод тэдгээрийн ашиглалт хэрэглээний талаар мэдээлэл өгөөгүй байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрсдэлт хүн амын бүлгийн талаарх мэдээллийг агуулсан томоохон мэдээллийн санг 2019 онд бүрдүүлж эхэлсэн бөгөөд олон улсын байгууллагатай хамтран дүүрэг, аймгийн төвд эрсдэлтэй хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр салбар дундын хамтарсан хороо байгуулах чиглэлээр ажилласан. Гэвч эдгээр ажлын явц байдлын талаарх 2020 оны мэдээллийг холбогдох байгууллагуудаас ирүүлээгүй байна. Засгийн газраас үндсэн үйлчилгээ үзүүлдэг ТББ-д олгосон санхүүжилтийн нэг хэсгийг тусламжийн утас ажиллуулахад зарцуулсан ба уг шууд утсаар таван болзошгүй хохирогчийг олж тогтоосон боловч эдгээр дуудлагыг үндэслэн хүний наймааны хэрэг үүсгээгүй байна (2019 онд хүн худалдаалах гэмт хэргээр нэг хэрэг үүсгэсэн).

Засгийн газрааас хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутмын хэвлэл, олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам БНСУ-ын Засгийн газартай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг мэдээллийн материалыг үргэлжлүүлэн гаргасан. БНСУ-ын Засгийн газартай байгуулсан дөрвөн жилийн гэрээний дагуу Монгол Улсын холбогдох албаны хүмүүс бэлгийн мөлжлөгтэй холбоотой хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр олон улсын сургалтанд хамрагдсан.

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монголд гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчид болон Монгол улстай хоёр талын гэрээтэй улсад ажиллаж буй монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй юм. Монгол Улс нь Өмнөд Солонгос, Чех болон Япон зэрэг улсуудтай хоёр талт гэрээтэй. Ажиглагчид эдгээр гэрээг хөдөлмөрийн мөлжлөг зэрэг хүн худалдаалах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хэмжээнд хэрэгжүүлдэггүй хэмээн тэмдэглэсэн. МХЕГ нь бүрэн эрхийнхээ хүрээнд Монголд хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт шалгалт хийж, хууль тогтоомжтой нийцсэн эсэхэд хяналт тавьдаг бөгөөд Монгол Улс дахь албан ёсны салбар аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийдэг. Гэсэн хэдий ч, улсын байцаагчдад зориулсан санхүүжилт, хүч нөөц боломж дутмаг байдгаас үүдэн хяналтыг цогц байдлаар хийхэд учир дутагдалтай болохыг төрийн албан хаагчид болон ТББ-уудын төлөөлөл онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн, төрийн зүгээс хяналт шалгалтын үр дүн буюу статистик мэдээлэл өгөөгүй болно. Цаашилбал, МХЕГ хяналт шалгалт хийхээс тав хоногийн өмнө ажил олгогчид мэдэгдэх ёстой гэх шаардлага нь ихэнх тохиолдолд ажил олгогч зөрчлөө нуун дарагдуулахад хугацаа олгож буй гэх болгоомжлол үүсгэж байна. Эрх бүхий байгууллагууд гэнэтийн шалгалт хийх эрх олгох нэмэлт өөрчлөлт оруулахаар албан ёсны үйл явцыг эхлүүлсэн гэж мэдэгдсэн ч сүүлийн хоёр жилд ямарваа нэгэн нэмэлт өөрчлөлт хийгдээгүй буюу батлагдаагүй хэвээр байна. Албан тушалтнуудын мэдээлснээр хүн болон хөрөнгө мөнгөний нөөцийг цар тахалтай холбоотой хяналт шалгалтын ажилд шилжүүлэн зарцуулсан байна. Ажиглагчдын тэмдэглэснээр цалин хөлс саатуулах, дураараа торгох, бэртэж гэмтэх, стандартад үл нийцсэн амьдрах, ажиллах нөхцөлд байлгах, хятадын хил дээрх гаалийн үйл ажиллагааны саатал, үйлчилж буй хятадын албан хаагчдын тогтоосон хатуу ширүүн бодлогоос үүдэн удаан хугацаагаар сул зогсох зэргээр хэцүү байдалд орсон хүнд даацын тээврийн монгол жолооч нарын хөдөлмөрийн эрхийг хамгаалах, мониторинг хийхэд засгийн газрын зүгээс зохих арга хэмжээ аваагүй байна.

Хувийн байр орон сууц болон бусад газруудад биеэ үнэлэхэд хураамж авдаг зах зээл хоёр дахь жилдээ үргэлжлэн өсч байхад засгийн газрын зүгээс ашиг олох зорилгоор биеэ үнэлэх эрэлтийг бууруулах талаар арга хэмжээ аваагүй байна. Олон улсын хэм хэмжээг зөрчин ажилчдаасаа ажилд оруулсны хураамж авсан, иргэний болон гадаадад зорчих баримт бичгийг нь хураан авсан, харилцан зөвшилцөхгүйгээр гэрээг өөрчилсөн, цалин хөлсийг барьцааны хэрэгсэл болгон саатуулж буй ажил олгогч, ажилд авагч болон хөдөлмөр зуучлагчдад төр засгаас тодорхой хориг тавихгүй байна. Хүнийг ажилд авах практиктай холбоотой журам зааврыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах зорилгоор засгийн газар олон улсын байгууллагатай хамтран Хөдөлмөрийн хуулийг дахин хянан боловсруулах төсөл дээр ажилласан ба хуулийн төсөл тайлант хугацаанд эцэслэн батлагдаагүй байна.

ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанадад монголчуудыг мөлжлөгт оруулж байна. Гэмт этгээдүүд албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Хятад, Энэтхэг, Казакстан, Норвеги, Швед, Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монголд дотооддоо худалдаж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал нь төрийн зүгээс цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа хаагдсантай холбоотойгоор хувийн орон байранд нууцаар бэлгийн мөлжлөг үйлдэгдэх явдал өсөж, ингэхдээ мөн нийгмийн сүлжээгээр худал цуурхал, мэдээ цацаж айлган сүрдүүлэх арга хэрэглэх болсон тухай мэдээлэл байна.

Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын хүлцэнгүй хандлагын дор бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхгүйн тулд гадуурхах нийгмийн жигшил өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Цар тахлын улмаас монголын нийгэмд эмэгтэйчүүд болон албан бус салбарт ажиллаж буй хүмүүсийн дунд ажилгүйдэл онцгойлон их болсон тул бэлгийн мөлжлөг болон хүчээр хөдөлмөр эрхлэлтэнд өртөх магадлал өндөр байна. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал буурахгүй байна.

Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тохирсон ёсоор тээврийн хэрэгслийн барьцаа болгон хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын турш нойргүй шахам ачааны машины цуваанд даарч хөрөн, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байнгын хүлээлтэнд зогсдог байна. Хүргэлт хоцроход хятад ажил олгогч, үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир орлогын ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Хил дээр саатсан, ажлын нөхцөл муугаас болж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан нүүрс тээвэрлэгчдийн ар гэрийнхэн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж мөн бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай. Хүний наймаачид охид, эмэгтэйчүүдийг уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хот, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеийг нь үнэлүүлдэг. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бичил уурхайтай холбоотойгоор бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдүүд албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.

Зарим хүүхэд гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байна. Өмнөх жилүүдэд эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байсан. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн дагуу хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхойгүй хугацаагаар ажиллаж, сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж нүүлгэх нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүний наймаачид монгол эмэгтэйчүүдийг хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл албадан биеийг нь үнэлүүлж байна. Цар тахлын улмаас зорчих хөдөлгөөнд тавигдсан хязгаарлалтын улмаас гадаад орнуудад гацсан монголчууд виз зөвшөөрлийн асуудлаас болж тухайн оронд албан ёсны салбарт ажил орох боломжгүй тул бэлгийн мөлжлөгт өртөх болон хүчээр хөдөлмөр эрхлэх өндөр эрсдэлд орсон байж болзошгүй.

Хятад компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог хятад байгууллагууд монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.

Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж, цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр эрхшээлдээ албадан оруулах эрсдэл байна. Хятад Улсаас Монгол Улсад богино хугацаагаар визгүй зорчих журмаар ирж байгаа орос, украйн эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогчид байж болзошгүй. Монгол Улсын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлж, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.