“Элчин сайдын өргөөний урлагийн бүтээлүүд” цахим үзэсгэлэн

2022 оны 2-р сарын 16-ны Лхагва гарагийн 10-11 цаг

“Элчин сайдын өргөөний урлагийн бүтээлүүд” цахим үзэсгэлэнг 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд оролцсоноор АНУ-ын Элчин сайдын өргөөнд цахимаар зочлон тэнд буй уран зураг болон урлагийн бүтээлүүдтэй танилцах боломжтой юм.

Энэхүү цахим үзэсгэлэнг Элчин сайд Майкл Клечески хөтлөн явуулах бөгөөд Элчин сайдын яамд дах Уран зураг (AIE) хөтөлбөрөөс дэглэсэн Америкийн урлагийн бүтээлүүдийг танилцуулах юм.

АНУ-ын Төрийн департаментын хөтөлбөр болох Элчин сайдын яамд дах Уран зураг (AIE) хөтөлбөр нь 50 гаруй жилийн турш дүрслэх урлаг болон уран бүтээлчдийн солилцоог соёл хоорондын харилцан ойлголцолд чиглүүлж, нийтэд чиглэсэн АНУ-ын дипломат үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд зураачид, хувиараа уран зураг цуглуулагчид, музей, галерей, их дээд сургууль зэрэг 20,000 гаруй оролцогчдыг хамруулж, 189 улс орон дахь 200 гаруй дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулж Америкийн урлаг, уран зургийг толилуулдаг билээ. “Элчин сайдын өргөөний урлагийн бүтээлүүд” цахим үзэсгэлэн нь дэлхий даяарх АНУ-ын дипломат байгууллагуудад тавигдсан 60 гаруй үзэсгэлэнгийн Монгол дахь дэглэлтийг нь толилуулах юм.

Үзэсгэлэнд толилуулах бүтээлийн уран бүтээлчид АНУ-аас шууд холбогдон, өөрсдийн уран бүтээлийн хэв маяг, онцлог шинж чанаруудын талаар ярилцах болно. Арга хэмжээнд оролцсоноор Америкийн уран бүтээлчид болон Элчин сайд Клеческитэй цахимаар шууд уулзан урлаг, уран зургийн талаар ярилцах боломжтой.

Улаанбаатар хот, Дархан, Ховд, Увс, Дорноговь аймгууд дахь Америкийн соёл мэдээллийг төвүүд энэхүү арга хэмжээг шууд дамжуулах болно. Эдгээр бүс нутгаас арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэд тухайн Америкийн төвд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Цахим үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй бөгөөд синхрон орчуулгатай байх болно. Тус үйл явдлыг сурвалжлах сонирхолтой сэтгүүлчид бидэнтэй paspress@usembassy.mn хаягаар болон 7007-6249 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээнд оролцох, сурвалжлахыг хүсвэл дараах хаягаар бүртгүүлнэ үү: https://forms.gle/1vXd42QHV4qWtb9N9

Элчин сайдын яамд дах Уран зураг (AIE) товхимолыг эндээс үзнэ үү.

Онлайн үзэсгэлэнд шууд оролцож буй AIE уран бүтээлчдийн товч намтар:

Рэйчэл Врэн (1976)

Уран бүтээл: Ёр зөн, 2008, Зотон тос, 121,9 × 121,9 см

Рэйчэл Врэн Филадельфи дэх Пенсильванийн их сургуулиас соёл урлагийн бакалаврын зэргээ хүртэж, Сиэтл дэх Вашингтоны их сургуулийг дүрслэх урлагийн магистр зэрэгтэй дүүргэжээ. Тэрээр үндэсний төдийгүй олон улсын музей, галерейнууд, түүний дотор Үндэсний академийн музей (Нью-Йорк), Ведерспүүн урлагийн музей (Хойд Каролина муж, Грийнсборо), Текнингсмузеет (Швед, Лахольм) болон Вейв Хилл соёлын төв (Нью-Йорк) зэрэгт уран бүтээлээ дэлгэн үзүүлж байв. Рэйчэл мөн Үндэсний академийн музейн Жулиус Холлгартены шагнал, Алжира контемпорари урлагийн төвийн тэтгэлэг хүртсэн юм. Тэрээр Нью-Йоркийн Брүклинд амьдарч, туурвиж байна.

Сьюзанн Анрэйн (1964)

Уран бүтээл: Аквариум, 2012, Зотон тос, 134 × 170,8 см

Сьюзанн Анрэйн Флорида мужид далайн эргийн жижигхэн сууринд, намаг балчиг, гүмбараа матар, хөвдөөр хучигдсан царс модод, зүсэн зүйлийн шувуудын дунд өсч торнижээ. Мексик, Өмнөд Африк, Борнео, Бали зэрэг газруудаар аялах явцад нь тааралдаж байсан төрөл бүрийн ан амьтад түүний уран бүтээлийн амьд, эрчимлэг ертөнц бүрэлдэн бий болоход нөлөөлж, түүн дотор нь хүн төрөлхтний амьтанлаг араншин араатан амьтны ертөнцтэй сүлэлдэн оршдог ажгуу. Калифорнийн уугуул, Нью-Йоркийн суугуул түүний уран бүтээл АНУ даяар галерей, музейнүүдээр олны хүртээл болсоор ирсэн. Тэрээр бие даасан үзэсгэлэнгээ Нью-Йорк, Лос Анжелес, Даллас, Чикаго, Хамптонс зэрэг хотуудад гаргажээ. Өдгөө Анрэйн Ийст Виллеж дэх урландаа уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр Нью-Йоркийн Ийст Виллежийн P.S.122 урлан, Уайоминг мужийн Баннер хотын Жентел сан, мөн Испаний Барселона хотын Ле Брүк дүүрэгт Кан Серрат урланд резидент уран бүтээлчээр ажиллаж байв.

Арга хэмжээтэй хамааралтай асуулт, санал/хүсэлтийг: pao@usembassy.mn болон 7007-6045.

#УрлагийгГэрээсээ @ArtInEmbassies