МОНГОЛ УЛС: 2-р шатлал
Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж илүү олон хохирогсдыг илрүүлж; яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймаатай тэмцэх зорилгоор салбар дундын хамтарсан багийг Монгол Улсад анх удаа байгуулж; хүний наймааны хэргээр мэргэшсэн прокурорын шинэ орон тоог бий болгон ажиллуулж; хөдөлмөрийн харилцаанд он удаан жил оршиж байсан хэд хэдэн эмзэг асуудлуудыг тусгасан Хөдөлмөрийн шинэ хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн зэрэг хүчин чармайлтуудыг дурдаж болж байна. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖҮҮД:
- Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хяналт шалгалт болон шууд утсанд ирсэн дуудлагаар илрүүлсэн хууль сахиулах байгууллагын албан хаагч холбогдсон буюу түүний үйлдсэн гэмт хэрэг болон хүлээн авагч орнуудын хууль сахиулах байгууллагатай хамтран шалгаж буй бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгаж, хэрэг үүсгэхдээ Захиргааны буюу Эрүүгийн хуулийн хөнгөн ял шийтгэл дагуулах алтернатив зүйл, заалтаас илүү тус хуулийн 12.3 болон 13.1-р зүйлчлэх байдлыг нэмэгдүүлэн, үүний дагуу алба хаагчдыг сургах хүчин чармайлтыг дээшлүүлэх.
- Хоорондоо зөрчилдсөн буюу давхацсан зүйл заалтуудыг арилгах зорилгоор хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжуудыг дахин хянан үзэж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүний наймаатай холбогдох шүүхийн процессын ажиллагааг тодорхой болгох.
- Төрийн алба хаагчид буюу цагдаа, гадаадын иргэн, харьяатын газар, хүүхдийн эрх болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагуудын албан хаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг, ялангуяа эрэгтэй хүмүүс, эрэгтэй хүүхдийг таньж илрүүлэх, мөн гадаадын ажилчид, томоохон хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй дотоод, гадаадын иргэд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад (БНХАУ) байрлах хятад ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийг нь мөлжиж буюу зүй бусаар харьцаж байгаа нүүрс тээвэрлэлтийн дотоодын ажилчид, уул уурхайн бүсэд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд, болон ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн дундаас таньж илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлахад удирдлага болгох албан ёсны журмуудыг системтэй болгож, бүрэн хэрэгжүүлэх.
- Хүн худалдаалсан сэжигтэнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхээс үл шалтгаалан хохирогчид хамгаалах үйлчилгээ авах боломжийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.
- Салбар дундын хамтарсан багийг хууль ёсны бүрэн эрхтэй болгон, тогтвортой үйл ажиллагааг ханган, шаардлагатай хөрөнгө санхүүжилт олгох бодлогыг хэрэгжүүлэх.
- Эрүүгийн хуулийн 16.1 болон 16.4-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнд хамаарах ял шийтгэлийг хүүхэд худалдаалах бусад гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлтэй дүйцэх хэмжээний хүнд ял шийтгэлтэй болгох.
- Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж уг хуулийн наймдугаар зүйлд заасан оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажлыг албадан хөдөлмөрлүүлэхэд хамааруулахгүй гэсэн заалтыг хасаж уг томьёоллыг урьд өмнө нь байсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудтай нийцүүлэх.
- Төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, түүний дотор эрэгтэй хохирогч болон хүүхдүүдийг хамгаалан тусламж үзүүлэх байр болон бусад хэлбэрийн тусгай үйл ажиллагааг өргөтгөн, дэмжихэд нэмэлт санхүүжилт олгох.
- Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарыг сургалтад хамруулан нөөц бололцоо, санхүүжилтийг нэмэгдүүлж, гэнэтийн шалгалт хийх эрхтэй болгох зэргээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах, тэдгээрийг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтээр таньж илрүүлэн, үнэлгээ өгөх.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ
Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйцэхүйц хүнд заалт болсон. Эрүүгийн хуулийн бусад зүйл заалтаар бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрүүдийг мөн нэмж гэмт хэрэгт тооцсон. Мөн хуулийн 13.13-р зүйлд албадан хөдөлмөр эрхлүүлэхийг тусгайлан гэмт хэрэгт тооцож торгууль ноогдуулах, олон нийтийн ажил эрхлүүлэх, тэнсэн өгөх ба\буюу нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эрүүгийн хуулийн 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үүнд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрийг мөн хамааруулсан. 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Өмнөх жилүүдийн нэгэн адил эрх бүхий байгууллагаас заримдаа хүн худалдаалах гэмт хэргийг яллахдаа хөнгөн ялаар зүйлчилсэн байна.
16.1 болон 16.4-р зүйлд “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, “хүүхдээр гуйлга гуйлгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хоёуланд нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Өмнөх жилүүдэд зарим прокурор хүүхдээр гуйлга гуйлгасан хэргийг эрүүгийн бус зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Иж бүрэн эрүүгийн хэрэг үүсгэх, холбон зуучлах процесс ярвигтайн дээр хүн худалдаалахтай тэмцэх цагдаа, прокуроруудын харилцаан дахь хязгаарлалтууд, шүүх эрх мэдлийнхний Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн мэдлэг ерөнхийдөө тааруу, мөрдөн байцаагч нарын хэт түргэн халаа сэлгээ, Эрүүгийн хуулийн давхардсан буюу хоорондоо зөрчилдсөн тодорхойлолтууд болон ялын заалтууд нь заримдаа мөрдөн шалгах, яллах ажиллагаанд саад учруулж байна хэмээн ажиглагчид онцолсон.
Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн 13.13-р зүйлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлсэн буюу санхүүгийн дарамт үзүүлэх гэснээс илүү нарийн тодорхойлсон Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг Засгийн газраас 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хууль нь ”тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажлыг” албадан хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолтоос хассан нь олон нийтийн ажилд албадан гүйцэтгэх хөдөлмөрийг зөвшөөрч байгаа мэтээр тайлбарлахад хүргэж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Тайлант хугацаанд төрөөс хамгийн багадаа 51 сэжигтэн холбогдогчтой бэлгийн мөлжлөгийн зорилготой хүний наймааны 45 хэргийг мөрдөн шалгасан (2020 онд 49 сэжигтэн холбогдогчтой 36 хэрэг байсан). Эдгээрээс 32 эмэгтэйтэй холбогдох долоон хэргийг цагдаагийн байгууллагаас саун, массажны газар, зочид буудал, караоке бар болон биеэ үнэлүүлэх үйл ажиллагаа явуулж байж болзошгүй хэмээх сэжигтэй газруудад үзлэг шалгалт хийснээр (2020 онд хийсэн үзлэгээр илэрсэн 11 хэргийг мөрдөн шалгасан) болон 23 хэргийг нийгмийн сүлжээг ашиглан дээрх агуулгатай зар мэдээлэлд мониторинг хийсний үр дүнд (2020 онд тайлагнаагүй) мөрдөн шалгасан байна.
Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн бүтцийг хэвээр хадгалж, тус тасгаас дээрх хэргүүдийн 15-ийг мөрдөн шалгасан (2020 онд 8 хэрэг мөрдсөн). Эрх бүхий байгууллагаас хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн гэх одоогоор нэг эзэн холбогдогчтой, Фижи, Филиппин, Мьянмар Улсын иргэд болох гурван хохирогчидтой нэг шинэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. (2020 онд гурван хохирогчтой нэг хэрэг мөрдөн шалгасан). Хүүхдийг албадан аюултай хөдөлмөр эрхлүүлсэн нэг тохиолдлыг илрүүлсэн хэмээн эрх бүхий байгууллагаас мэдээлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй буюу эзэн холбогдогчид хариуцлага хүлээлгээгүй байна. Холбогдох байгууллагууд 51 хүнтэй холбоотой нарийвчлан заагаагүй 41 мөлжлөгийн хэрэг нэмж шалгасан ба эдгээрийн хэсэг нь хүний наймааны тодорхойлолтын зарим нэгэн элементуудийг агуулсан байх магадлалтай. Саяхан холбогдох байгууллагуудаас бэлгийн мөлжлөгийн зорилготой хүний наймааны 32 шүүгдэгчтэй 21 хэргийг хэлэлцэн ял шийтгэл оногдуулсан байна. Эдгээрийн 4 шүүгдэгч нь 12.3-р зүйлээр, найман шүүгдэгч нь – 12.6-р зүйлээр, 10 нь – 13.1-р зүйлээр ял сонссон байна. (2020 онд 4 хүн 12.3-р зүйлээр, 17 нь 12.31-р зүйлээр яллагдсан); гэхдээ тэд эдгээр хэргийн 11-ийг 16.8 ба 16.9-р (“Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” ба “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах”) зүйлчилснээр илүү бага ял оногдуулсан байна. 2020 онд эхэлсэн 19 шүүгдэгчтэй хэргийн шүүх ажиллагаа тайлангийн хугацааны эцэст үргэлжилсэн хэвээр байв. Өмнөх жилээс ялгаатай нь албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх нэг хэрэгт 13.13-р зүйлээр ял оноосон. Шүүхээс 2021 онд хүний наймааны хэргээр 27 этгээдэд ял оногдуулсан ба энэ нь 2020 онд шүүхээр шийдэгдсэн 18 хэргээс өссөн харагдах боловч эдгээрээс маш цөөхөн нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн тодорхой нэгэн зүйл заалтаар шийдэгдсэн байдаг. Шүүхээс 13 этгээдэд хүн худалдаалахын эсрэг зүйл заалтаар ял оноосон ба эдгээрийн гуравт 12.3-р зүйлээр, 10-т нь 13.1-р зүйлээр ял оноосон нь 2020 онтой харьцуулбал тус бүр нэг ба 17 байжээ. Шүүх сүүлийн хоёр жилд албадан хөдөлмөр эрхлүүлж хүн худалдаалсан асуудлаар нэг ч хэрэгт ял оноогоогүй (2019 онд 3 байсан). Шүүх мөн 10 этгээдэд 16.8 ба 16.9-р зүйлээр ял оноосон. Эдгээр хэргүүд дээр олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд байгаа эсэхийг баталгаажуулахад шаардагдах хангалттай баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргаж өгөөгүй. Эрх бүхий байгууллагуудаас мэдээлснээр гурван этгээдэд 12.3-р зүйлээр гурваас найман жилийн хорих ял; 10 этгээдэд 13.1-р зүйлээр зургаан сараас 20 жилийн хорих ял; дөрвөн этгээдэд 16.8 ба 16.9-р зүйлээр зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулсан байна. (2020 онтой харьцуулвал 17 этгээдэд 13.1-р зүйлээр таваас 26 жилийн хорих ял, нэг этгээдэд 12.3-р зүйлээр долоон жилийн хорих ял оноосон байдаг). 13.13-р зүйлээр яллагдсан нэг этгээд зөвхөн торгуулсан байна. Оногдуулах ял шийтгэлийн нэг хэсэг болгон шүүхээс гурван хохирогчид 3,6 сая төгрөгийг ($1,260) нөхөн төлбөрт олгохоор заасан боловч 13.1-р зүйлээр нэг ч хохирогчид нөхөн төлбөр олгоогүй (2019 онд нэг хохирогчид 798,400 төгрөг буюу 280 ам.доллар төлсөн байдаг).
Цагдаагийн алба хаагч хүний наймааны хэрэгт хамсаатнаар оролцсон гэх батлагдаагүй мэдээлэл гарч мөрдөн шалгах ажиллагаа нь тайлангийн хугацааны эцэст үргэлжилсээр байсан болно. Өмнөх жилүүдэд албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн буюу нуун дарагдуулсан албан тушаалтанд эрүүгийн шийтгэл ноогдуулахын оронд захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Монгол Улсын илүү өргөн цар хүрээтэй эрх зүйн тодорхойлолтоор эрх бүхий байгууллагуудаас тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хүний наймаанаас үүдэлтэй хэмээн үзэж уг ангилалд оруулж ирсэн ба энэ нь хууль сахиулах байгууллагын мэдээллийн санд хүртэл орж үүнд хүүхдийн порнографи, бэлгийн айлган сүрдүүлэлт, “биеэ худалдахыг зохион байгуулах” зэрэг нь багтаж эдгээр хэргүүдийн зарим нэг нь олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд агуулсан байв. Төрийн олон албан хаагчдын дунд зөвхөн хилээр нэвтрэн зорчдог охид, эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог гэх нийтлэг ташаа ойлголт байдгаас үүдэн сүүлийн жилүүдэд эрэгтэй хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг 13.1, 12.3-р зүйл ангиар бус харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж ирсэн.
Иргэний нийгмийн төлөөлөгчдийн мэдүүлсэнээр хуулийн төрөл бүрийн байгууллагуудын мэдээллийн сан дахь хүний намаатай холбоотой хэргүүдийн бүртгэл ба түүх нь хоорондоо зөрчилдсөн буюу бүрэн бус байдаг байна. Засгийн газраас хууль хэрэгжүүлэх байгууллагуудын нөөц бололцоо болон хүн хүчийг цар тахлын тархалтыг барихад ашигласан нь хүний наймаатай тэмцэх тодорхой хүчин чармайлтуудыг тасалдуулсан. Засгийн газраас хууль сахиулах байгууллагын албан хаагчид болон нийгмийн ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр тусгай сургалт зохион байгуулж, холбогдох санхүүжилт болон мөнгөн бус дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зохих ёсоор шийдвэрлэхэд нэмэлт сургалт, хөрөнгө нөөц болон мэргэжлийн хүн хүч нэн шаардлагатай байгаа талаар ажиглагчид мэдүүлсээр байна. Эдгээр эрэлт хэрэгцээг хангахын тулд төр засгаас хүний наймаатай холбоотой хэрэг дээр ажиллах мэргэшсэн прокурорыг анх удаа 2021 онд томилон ажилуулсан. Монгол Улс нь БНХАУ, Хонконг, Макао, Тайланд, БНСУ (Өмнөд Сонгос), Малайз зэрэг орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажиллаж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл ирүүлээгүй.
ХОХИРОГЧ ХАМГААЛАЛ
Засгийн газар хохирогч хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн.
ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хохирогчийг таних 11 асуулт бүхий хүн худалдаалах эрсдэлийн хяналтын хуудас ашигладаг гэж мэдээлсэн. Гэвч энэхүү асуулгын хуудсыг тогтмол хэрэглэдэггүй бөгөөд уг ажиллагаанд эрсдэлт бүлгийнхнийг нарийн тогтоох асуудал багтдаггүй байна. Байгаа мэдээллээс харахад цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 45 эмэгтэй хохирогч (2020 онд нийт 40-ийг илрүүлснээс өссөн), гэвч түүний дотор 18-аас доош насны зөвхөн 14 охин байсан нь хүүхэд хохирогчдын илрүүлэлт буурсан үзүүлэлт болсон (2020 онд 18-аас доош насны 24 охиныг илрүүлсэн). Энэхүү бууралт нь цар тахлын үе дэх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээний хүрээнд биеэ үнэлэхтэй холбоотой уламжлалт бизнес хаагдаж, хууль сахиулах байгууллагын зүгээс зарим талаар хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Хүүхдийг албадан аюултай хөдөлмөр эрхлүүлсэн нэг тохиолдлыг илрүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас тайлагнасан боловч шууд мэдээлэл өгч тухайн хүүхдэд хамгаалалтын үйлчилгээ үзүүлээгүй буюу тухайн үйлчилгээнд зуучлаагүй байна. ТББ-уудын зүгээс эрэгтэйчүүд болон эрэгтэй хүүхдүүд илүүтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байна гэж тогтмол ярьдаг боловч холбогдох төрийн байгууллагууд болон анхан шатны үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд сүүлийн арван жилийн турш ямар нэг эрэгтэй хохирогчийг олж тогтоогоогүй. Холбогдох байгууллагуудаас албадан хөдөлмөр эрхэлж буй гадаадын хохирогчийг хоёр дахь жилдээ олж илрүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу хамтран эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ямарваа нэгэн зүйл тайлагнаагүй.
Засгийн газраас үндсэн үйлчилгээ үзүүлдэг ТББ-д олгосон санхүүжилтийн нэг хэсгийг тусламжийн утас ажиллуулахад зарцуулсан ба уг шууд утсаар хоёр хохирогчийг олж тогтоосон нь нарийвчлан заагаагүй хэд хэдэн хүний наймааны хэрэг үүсгэн мөрдөн шалгасан (2019, 2020 онуудад хэрэг бүрдүүлээгүй). Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 24 цагийн ажиллагаатай өөр нэгэн шууд утсыг ажиллуулж хүүхдийг бэлгийн зорилгоор худалдаалсан байж болзошгүй таван хэрэг, хүүхдээр аюултай, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн хэргээр 108 дуудлага хүлээн авч ингэснээр улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлсэн нийт 114 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд эдгээр хэргийн зарим нь албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх элементуудийг агуулсан байж болзошгүй юм.
Хүүхэд хамгааллын 2020 оны төсвийн тогтоолыг цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд ажиллах 53 цагдаагийн алба хаагчдыг хүүхдийн байцаагчаар ажиллуулахаар томилсон байна. Гэхдээ холбогдох байгууллагууд эдгээр алба хаагчдыг хүүхдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх хэргийг хэрхэн илрүүлж, хариу арга хэмжээ авах талаар сургалтад хамруулаагүй гэсэн мэдээлэл байна. Бодит практик дээр хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах журам тодорхой бус, зохих ёсоор системчлэгдээгүй, мөн ихэнх тохиолдолд тухайн мөрдөн байцаагчийн мэдлэг, идэвх санаачилгаас ихээхэн хамаардаг болохыг ТББ-ууд мэдэгдсэн.
Эрүүгийн хуулийн давхацсан зохицуулалтаас үүдэн хүн худалдаалах гэмт хэргийн томьёолол маргаантай болсон ба уг томьёолол дээр үндэслэн эрх бүхий байгууллагуудаас тухайн үед цуглуулсан мэдээлэл нь мөн хоорондоо зөрчилдөж энэ нь эргээд туслалцаа дэмжлэг авч байгаа даван туулагчдад хүнд суртлын асуудлууд үүсгэсэн. Хүн хүч болоод санхүүгийн нөөц бололцоог тухайн үед цар тахлын эсрэг үйл ажиллагаанд шилжүүлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, албадан хөдөлмөр эрхэлж буй хохирогч хүүхдийг олж тогтоох тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан хаагчдын нөөц бололцоонд сөрөг үр нөлөө үзүүлсэн.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шууд утас хохирогч хүүхдийг хамгаалалтын байранд байрлуулах, яаралтай хариу арга хэмжээ авах, нийгмийн тусгай халамж үйлчилгээ үзүүлэх, хамгаалалтад авах ажлыг удирдан зохицуулсан. Шууд утсаар авсан мэдээллийн дагуу эрх бүхий байгууллагуудаас найман монгол хохирогч хүүхдийг ТББ-ын хамгаалах байртай холбон зуучилж үйлчилгээнд хамруулсан нь 2020 онд 41 хүүхэд байснаас буурсан үзүүлэлт ба энэ нь цар тахлын үед хууль хэрэгжүүлэх байгууллагуудын зарим нэгэн үйл ажиллагаа ба олон улсын хилээр зорчих монгол иргэдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц хумигдсанд хамаатуулж болох юм. Цагдаагийн байгууллага хамгийн бага нь гурван хохирогчийг гэрч хамгаалах болон бусад төрлийн үйлчилгээнд зуучилсан ба цаашдын нарийвчилсан мэдээлэл өгөөгүй (2020 онд гурван хүүхдийг улсын хамгаалах байртай холбон зуучилсан). Монгол Улсын холбон зуучлах иж бүрэн тогтолцоо нь хохирогчдод төрөл бүрийн үе шатуудад хэргийнх нь талаар давтан яриулах шаардлага тавьдаг нь зарим хохирогчдод дахин гэмтэл учруулдаг байж болзошгүйд сэтгэл зовниж байгааг иргэний нийгмийн харилцагч талууд илэрхийлсэн.
Монгол Улс дахь хохирогч хамгааллын хязгаарлагдмал үйлчилгээний ихэнхийг ТББ-ууд төрийн туслалцаа дэмжлэгтэйгээр явуулж ирсэн. Нэгэн ТББ-аас ажиллуулдаг хоёр хамгаалах байр нь улсын хэмжээнд хохирогчдод үйлчилдэг гол байгууллага бөгөөд тэдгээрийн нэг нь л эрэгтэй хохирогч авах боломжтой, харин хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдээгүй. Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн хохирогчдын хамт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг байрлуулдаг хоёр байрыг төрөөс ажиллуулдаг. Хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртсөн 10 хохирогч хүүхдүүд эдгээр хоёр байранд байхдаа хараа хяналт сул, тусгайлсан халамж, үйлчилгээ дутмагаас болж дахин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж ажиглагчид мэдээлсэн. Төрийн байгууллагаас эдгээр хэргүүдийн зарим нэгийг мөрдөн шалгаж, ял оноосон боловч нэмэлт мэдээлэл ирүүлээгүй. Хамгаалалтын байр ажиллуулж, сэтгэл зүй, нийгмийн, эрүүл мэндийн болон хууль зүйн үйлчилгээ зэрэг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудад Засгийн газраас 30 сая төгрөгийн (10,530 ам.доллар) санхүүжилт өгсөн. Засгийн газар болон бусад санхүүжилтээр бэлгийн мөлжлөгийн хүний наймааны хохирогч 41 монгол иргэд тэдгээрийн дотор 31 эмэгтэй, 18-аас доош насны 10 охинд тусламж үйлчилгээ үзүүлж, бэлгийн мөлжлөгийн хүний наймааны хоёр монгол хохирогчийг Малайзаас эх оронд нь буцаан авчирсныг ТББ-аас мэдээлсэн (2020 онд бэлгийн мөлжлөгийн хүний наймааны 43 хохирогч, албадан хөдөлмөр эрхлүүлсэн Мьянмар Улсын гурван хохирогч байсан). Тухайн төрийн бус байгууллага эдгээр хохирогчдын долоог хамгаалах байраар үйлчилсэн. Уг ТББ тайлант хугацаанд ямарваа нэгэн хохирогсдод үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлсэн тухай мэдээлэл ирүүлээгүй (2020 онд 24 хохирогчид үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлсэн). Дээрх ТББ-ын зүгээс эргээд 15 хохирогчтой 7 хэрэгт холбоотой мэдээллийг холбогдох сэжигтнүүдийн хамт ЦЕГ-т мөрдөн шалгуулахаар албан ёсоор өгсөн байна (2020 онд 39 хохирогчтой 13 хэрэг байсан).
БНХАУ-д хүний наймааны хохирогч болсон Монгол Улсын иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлж байсан өөр нэгэн ТББ цар тахлын улмаас хил хаалттай байсан учир 2021 онд аливаа нэгэн хохирогчид туслалцаа үзүүлээгүй.
ЦЕГ-ын Хохирогч гэрчийг хамгаалах хэлтэс гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр ажиллах сэтгэл зүйчидтэй болсон хэмээн мэдээлсэн боловч 2021 онд хүний наймааны хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаар мэдээлэл ирүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор холбогдох сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс нааш хохирогч хамгаалах үйлчилгээ авах эрхгүй утга бүхий хэллэг орсон нь зарим хохирогчид хамгаалах үйлчилгээ авахад саад болсон.Бодит байдал дээр холбогдох мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамааран хохирогчид хамгаалах үйлчилгээ авсан хэмээн зарим албан тушаалтнууд өмнөх жилүүдэд мэдэгдсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-наас 2018 онд ажлын хэсэг байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар төрийн байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлсэн. Тайлангийн хугацаанд уг хуульд оруулахаар хянан хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх асуудлыг хөндсөн үг хэллэг ороогүй байна.
Өмнөх жилийн нэгэн адил хүн худалдаалах гэмт хэргийн зарим хохирогчид Ковид-19-ийн заавал өгөх шинжилгээний хариуг хүлээн хамгаалалтын үйлчилгээ авах нь саатах буюу үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан хариу авсан байж болзошгүй.
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч Эрүүгийн хууль болон Иргэний хууль хоорондын зөрчилтэй зохицуулалт энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаад төрийн албан хаагчид болон ТББ-ынхан санал нэгдэж байна. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газар гадаадад үйлдэгдсэн монгол хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх чиг үүргийг хамтран хэрэгжүүлдэг. ГХЯ-нд гадаадад гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдэд туслах сан байдаг хэдий ч, тус сангийн хөрөнгийг зөвхөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эсвэл “онц ноцтой гэмт хэргийн” хохирогчид зарцуулна гэсэн нь хэрэгжүүлэхэд тодорхой бус байдал үүсгэдэг.
2021 онд холбогдох эрх бүхий байгууллагууд төрийн бус байгууллагуудтай хамтран Малайзаас хоёр монгол иргэнийг эх оронд нь буцаан авчирсан. Харьцуулбал 2020 онд 15 иргэнийг эх оронд нь авчирсан байна. Эрх бүхий байгууллагууд мөн тус бүр нэг хохирогчийг Фижи, Филиппин, Мьянмар Улс руу 2021 онд буцаасан байна (2020 онд мэдээлэл ирүүлээгүй; 2019 онд БНХАУ, Киргизстан, Филиппин Улс руу тус бүр нэг хохирогч татан авсан). 2020 оноос ялгаатай нь 2021 онд хохирогчид ял оногдуулсан гэх тодорхой мэдээлэл байхгүй байна (2020, 2019 онуудад тус бүр хоёр охинд Зөрчлийн тухай хуулийн биеэ үнэлсэн гэх зүйл заалтаар торгууль ноогдуулсан). Албан ёсны ажиглалт хяналтын журмыг зүй зохистой мөрдөөгүйн улмаас хүн худалдаалах гэмт хэргийн зарим нэгэн тогтоож чадаагүй хохирогсдыг баривчлан саатуулсан байж болзошгүй гэсэн зовнилыг ТББ-ын төлөөллүүд нийтээр илэрхийлдэг. Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг 7-30 хоног хүртэлх хугацаагаар хорих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудад олгосон байдаг нь хүн худалдаалагчдын албадлага дор үйлдсэн гэмт хэрэгт шийтгэл авах эрсдэлт нөхцөлд хохирогчдыг оруулсан хэвээр байна. Зарим хохирогчид ийм гэмт хэрэгт ялтнаар татагдахаас эмээсэн тул хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэх буюу мэдүүлэг өгөхөөс цааргалж байсныг ажиглагчид мөн тэмдэглэсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжид эх оронд нь залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх байсан ч гадаадын хохирогч иргэдийг тухайн улс оронд нь шилжүүлэн өгөхөөс өөр алтернатив зохицуулалт байхгүй.
ГИХГ-аас албадан гаргасан гадаадын иргэдийн талаарх 2021 оны дэлгэрэнгүй статистик мэдээ ирүүлээгүй (2020 онд мэдээлэл байхгүй, 2019 онд нийт 26 орны 1,500 гаруй иргэнийг албадан гаргасан). Гэхдээ цар тахлын үед зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хил хаалттай байсан тул цар хүрээ нь мэдэгдэхүйц бага байсан бололтой. 2021 онд эх оронд нь буцаах ажиллагаа хязгаарлагдмал байсан тул ажиглалт хяналтын журмыг зүй зохистой хийсэн эсэхийг үнэлэхэд хүнд боловч өнгөрсөн жилүүдэд ажиглалт хяналтын журмыг нийтээр дагаж мөрдөөгүйгээс гадна хүний наймааны бүх хэлбэрийг илрүүлэхэд хангалттай бус байсан.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Засгийн газар хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дээшлүүлсэн. “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017- 2021) нь хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын уялдаа зохицуулалтаар хангах зорилготой бөгөөд төлөвлөгөөт арга хэмжээнүүдэд зориулан Засгийн газраас 432 сая төгрөг ($151,650) төсөвлөснөөс 336 сая төгрөгийг ($117,950) зарцуулсан байна. Үлдсэн хөрөнгийг мөн л цар тахлын эсрэг авах арга хэмжээнд шилжүүлсэн. Засгийн газраас дээрх үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараагийн үе шат болох таван жилийн төлөвлөгөөг нарийвчлан шинэчлээгүй байна. Уг хөтөлбөрийг удирдан чиглүүлж буй Үндэсний дэд зөвлөл нь улирал тутам хуралдаж хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, олон улсын донор байгууллагууд болон ТББ-тай үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулж ирсэн байна. Энэхүү зохицуулалтын нэгэн чухал үр дүн бол хүүхдийг худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтыг дээшлүүлэх зорилготой, гол төрийн яамд, нэг ТББ-ын төлөөллийг бий болгосон 18 гишүүдээс бүрдсэн салбар дундын хамтарсан багыг бүрдүүлж ажиллагаанд оруулсан.
Иргэний нийгмийн ажиглагчид салбар дундын хамтарсан баг байгуулагдсаныг баяртайгаар хүлээн авсан боловч түүнийг яамдад ажиллаж байгаа гол хүмүүсийн халаа сэлгээ буюу олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас дэмжиж буй хугацаанд л ажиллах түр хугацааны нэгж болгохгүйн тулд бодлогын зөвлөмж гаргах буюу хуульчлахыг Засгийн газраас шаардсаар байна. Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх өмнөх хүчин чармайлтуудад үнэлгээ дүгнэлт өгч, байгууллага хоорондын үйл ажиллагааны зохицуулалт, уялдаа холбооны талаар мэдээлэх зорилгоор дөрвөн судалгааны хөтөлбөрийн хэрэгжүүлсэн (2020 онд гурван судалгаа байсан).
Засгийн газраас хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутмын хэвлэл, олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сэрэмжлүүлэн мэдээлэх компанит ажлыг нийгмийн сүлжээгээр явуулж 26 сая хүн үзэж дагасан байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам БНСУ-ын Засгийн газартай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг мэдээллийн материалыг үргэлжлүүлэн гаргасан. Цар тахлын улмаас эрх бүхий байгууллагууд хүний наймаатай тэмцэх байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, зарим нэгэн санхүүжилт, сургалт зэргийг хойшлуулах буюу хассан.
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монголд гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчид болон Монгол улстай хоёр талын гэрээтэй улсад ажиллаж буй монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй юм. Монгол Улс нь Өмнөд Солонгос ба Япон Улстай хоёр талт гэрээтэй. Ажиглагчид эдгээр гэрээг хөдөлмөрийн мөлжлөг зэрэг хүн худалдаалах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хэмжээнд тэр болгон хэрэгжүүлдэггүй хэмээн тэмдэглэсэн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) нь бүрэн эрхийнхээ хүрээнд Монголд хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт шалгалт хийж, хууль тогтоомжтой нийцсэн эсэхэд хяналт тавьдаг бөгөөд Монгол Улс дахь албан ёсны салбар аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийдэг. Хүн хүч, санхүүгийн нөөц бололцоог цар тахлын эсрэг үйл ажиллагаанд шилжүүлсэн нь 2021 оны хяналт шалгалтад бүрэн саад учруулсан. Улсын байцаагчдад зориулсан санхүүжилт, хүч нөөц боломж дутмаг байдгаас үүдэн хяналтыг цогц байдлаар хийхэд учир дутагдалтай болохыг ТББ-уудын төлөөлөл онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн, төрийн зүгээс хяналт шалгалтын үр дүн буюу статистик мэдээлэл өгөөгүй болно. Гэнэтийн шалгалт хийх эрх олгох нэмэлт өөрчлөлт оруулахаар хоёр жил нарийн судалж хэлэлцсэний эцэст төрөөс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталж Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарт “хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх” эрх олгосон байна. Гэхдээ уг хуулиар зарим тохиолдолд МХЕГ хяналт шалгалт хийхээс хоёр хоногийн өмнө ажил олгогчид мэдэгдэх ёстой зохицуулалт хэвээр байгаа нь ажил олгогч зөрчлөө нуун дарагдуулахад хугацаа олгож буй гэх болгоомжлол үүсгэж байна. Хөдөлмөрийн тухай шинэ хуульд урьдчилан мэдэгдэхгүйгээр хяналт шалгалт хийж болно гэсэн заалт орсон боловч үүнийг 2021 онд хэрэгжүүлсэн тухай мэдээлэл Засгийн газраас ирүүлээгүй байна. Иймээс шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль он удаан жил оршсон дээрх дутагдлыг бүрэн дүүрэн залруулсан эсэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөр зуучлагчид ажилчдаар сургалтын зардал төлүүлэх, ажил олгогч иргэний болон гадаадад зорчих баримт бичгийг нь хураан авах, харилцан зөвшилцөхгүйгээр гэрээг өөрчлөх, цалин хөлсийг барьцааны хэрэгсэл болгон саатуулах буюу төлбөрт суутган авахыг ил тодоор хориглосон нь өмнөх жилийн тайлангийн хугацаанаас хойш гарсан мэдэгдэхүйц ахиц амжилт болсон. Эдгээрийн хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагуудаас мэдээлэл ирүүлээгүй. Ашиг олох зорилгоор биеэ үнэлэх эрэлтийг бууруулахаар ЦЕГ-аас телевиз, интернэт болон хэвлэмэл материал ашиглан олон нийтийн дунд сэрэмжлүүлэн мэдээлэх кампанит ажлыг зохион байгуулсан.
ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанадад монголчуудыг мөлжлөгт оруулж байна. Гэмт этгээдүүд албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал нь төрийн зүгээс цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа хаагдсантай холбоотойгоор хувийн орон байранд нууцаар бэлгийн мөлжлөг үйлдэгдэх явдал өсөж, ингэхдээ мөн нийгмийн сүлжээгээр худал цуурхал, мэдээ цацаж айлган сүрдүүлэх арга хэрэглэх болсон тухай мэдээлэл байна.
хид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын хүлцэнгүй хандлагын дор бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Монгол хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо ашиглахын тулд хүний наймаачид тэднийг урхидах, халамжлан эргүүлэх, нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл цацан айлган сүрдүүлэхийн тулд онлайн платформыг ашиглаж байна. ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүс хүний наймаанд өртөх эрсдэл өндөртэй байдаг ба өргөн тархсан ялгаварлан гадуурхалт ажил олох, хууль эрх зүйн туслалцаа авахад хүндрэл үүсгэдэг. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхгүйн тулд гадуурхах нийгмийн жигшил өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Цар тахлын улмаас монголын нийгэмд эмэгтэйчүүд болон албан бус салбарт ажиллаж буй хүмүүсийн дунд ажилгүйдэл онцгойлон их болсон тул бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлэлтэд өртөх магадлал өндөр байна. Япон, Өмнөд Солонгос Улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал буурахгүй байна.
Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тохирсон ёсоор тээврийн хэрэгслийн барьцаа болгон хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт илүүтэй өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын турш нойргүй шахам ачааны машины цуваанд даарч хөрөн, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байнгын хүлээлтэд зогсдог байна. Хүргэлт хоцроход хятад ажил олгогч, үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир орлогын ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд дахин оруулдаг байна. Хил дээр саатсан, ажлын нөхцөл муугаас болж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан нүүрс тээвэрлэгчдийн ар гэрийнхэн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж мөн бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай. Хүний наймаачид охид, эмэгтэйчүүдийг уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хот, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеийг нь үнэлүүлдэг. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд мөнбэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бичил уурхайтай холбоотойгоор бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдүүд албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.
Монгол Улсын баруун бүсийн нутагт олноороо амьдардаг казах үндэстний зарим эрэгтэйчүүд Ала качү буюу “шүүрээд зугт” гэх үйлдлийг өөрсдийн соёл заншлын нэгэн хэсэг хэмээн охид эмэгтэйчүүдийг хулгайлж, албадан гэр бүл болгодог байна. Эдгээр хүчээр гэрлэлтийн зарим нэгийн уршгаар бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах эсвэл албадан хөдөлмөр эрхлэлтийн элементүүд илэрч байх магадлалтай. Хүний наймаачид зарим хүүхдүүдээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байна.
Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Хятад, Чех, Унгар, Энэтхэг, Казакстан, Норвег, Швед, Өмнөд Солонгос, Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонгконг, Унгар, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк болон АНУ руу худалдаж байна. Албан ёсны хүмүүсийн үзэж байгаагаар Монгол Улсын иргэд Турк Улсад визгүй зорчдог, шууд нислэгтэй, цар тахлын улмаас хятадын хил хааснаар хүмүүсийн аялал, хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөн шилжсэнтэй холбогдуулан БНТУ яваандаа хүлээн авагч орон болох магадлал байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар гадаад дахь бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хүний наймаачид эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонгконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байсан. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн дагуу хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхой бус хугацаагаар ажиллаж, визний журамд нийцүүлэн сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж зорчих нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүний наймаачид монгол эмэгтэйчүүдийг хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл албадан биеийг нь үнэлүүлж байна. Цар тахлын улмаас зорчих хөдөлгөөнд тавигдсан хязгаарлалтын дагуу гадаад орнуудад гацсан монголчууд виз зөвшөөрлийн асуудлаас болж тухайн оронд албан ёсны салбарт ажил орох боломжгүй тул бэлгийн мөлжлөгт өртөх болон хүчээр хөдөлмөр эрхлэх өндөр эрсдэлд орсон байж болзошгүй.
БНХАУ-д байрлах компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог БНХАУ дахь байгууллагууд монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.
Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж, цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр эрхшээлдээ албадан оруулах эрсдэл байна. БНХАУ-аас Монгол Улсад богино хугацаагаар визгүй зорчих журмаар ирж байгаа орос, украйн эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогчид байж болзошгүй. Монгол Улсын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлж, хүний наймааг таслан зогсоох Засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.