МОНГОЛ УЛС (2-р шатлал)
Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж, илүү олон хохирогсдыг илрүүлсэн байна. Засгийн газраас яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймааны хохирогч болсон хүүхдүүд болон насанд хүрэгсдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүний наймааны хохирогчид нөхөн төлбөр олгох шүүхийн шийдвэр гаргахыг шүүхээс түлхүү хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Холбогдох эрх бүхий байгууллагууд цөөн тооны хүний наймааны гэмт хэргийг мөрдөн шалгаснаас гадна албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох ганц ч гэмт хэргийг мөрдөн шалгаагүй ба шүүхээс сүүлийн гурван жилийн хугацаанд албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох хэрэгт ял оноогоогүй байна. Сүүлийн арван нэгэн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖҮҮД:
- Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хяналт шалгалт болон шууд утсанд ирсэн дуудлагаар илрүүлсэн болон хүлээн авагч орнуудын хууль сахиулах байгууллагатай хамтран шалгаж буй бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгаж, хэрэг үүсгэхдээ Захиргааны буюу Эрүүгийн хуулийн хөнгөн ял шийтгэл дагуулах алтернатив зүйл, заалтаас илүү Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1-р зүйлчлэх байдлыг нэмэгдүүлэн, үүний дагуу алба хаагчдыг сургах хүчин чармайлтыг дээшлүүлэх.
- Хоорондоо зөрчилдсөн буюу давхацсан ял шийтгэл оногдуулах зүйл заалтуудыг арилгах зорилгоор хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжуудыг дахин хянан үзэж, нэмэлт өөрчлөлт оруулах.
- Төрийн алба хаагчид буюу цагдаа, гадаадын иргэн, харьяатын газар, хүүхдийн эрх болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагуудын албан хаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг, ялангуяа эрэгтэй хүмүүс, эрэгтэй хүүхдийг таньж илрүүлэх, мөн гадаадын ажилчид, томоохон хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй дотоод, гадаадын иргэд, нүүрс тээвэрлэлтийн дотоодын ажилчид, уул уурхайн бүсэд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд, ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн дундаас таньж илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлахад удирдлага болгох албан ёсны журмуудыг системтэй болгож, бүрэн хэрэгжүүлэх.
- Цагдаа, прокурор болон нийгмийн үйлчилгээ зэрэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулах.
- Хүн худалдаалсан сэжигтэнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхээс үл шалтгаалан хохирогчид хамгаалах үйлчилгээ авах боломжийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.
- Салбар дундын хамтарсан багийг хууль ёсны бүрэн эрхтэй болгон, тогтвортой үйл ажиллагааг ханган, шаардлагатай хөрөнгө санхүүжилт олгох бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуульд тусган оруулах буюу албан ёсны журам зааварт тусган баталгаажуулах.
- Эрүүгийн хуулийн 16.1 болон 16.4-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнд хамаарах ял шийтгэлийг хүүхэд худалдаалах бусад гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлтэй дүйцэх хэмжээний хүнд ял шийтгэлтэй болгох.
- Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж уг хуулийн наймдугаар зүйлд заасан оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажлыг албадан хөдөлмөрлүүлэхэд хамааруулахгүй гэсэн заалтыг хасаж уг томьёоллыг урьд өмнө нь байсан хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудтай нийцүүлэх.
- Төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, түүний дотор эрэгтэй хохирогч, ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүст тусламж үзүүлэх байр болон хохирогчид үзүүлэх бусад хэлбэрийн туслалцаа үйлчилгээг өргөтгөн, дэмжихэд нэмэлт санхүүжилт олгох.
- Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарыг сургалтад хамруулан нөөц бололцоо, санхүүжилтийг нэмэгдүүлж, гэнэтийн шалгалт хийх эрхтэй болгох зэргээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах, тэдгээрийг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтээр таньж илрүүлэн, үнэлгээ өгөх.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ
Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүчин чармайлтанд бага зэрэг ахиц гаргасан. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйцэхүйц хүнд заалт болсон. Эрүүгийн хуулийн бусад зүйл заалтаар бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрүүдийг мөн нэмж гэмт хэрэгт тооцсон. Мөн хуулийн 13.13-р зүйлд албадан хөдөлмөр эрхлүүлэхийг тусгайлан гэмт хэрэгт тооцож торгууль ноогдуулах, олон нийтийн ажил эрхлүүлэх, тэнсэн өгөх ба\буюу нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эрүүгийн хуулийн 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үүнд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрийг мөн хамааруулсан. 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Өмнөх жилүүдийн нэгэн адил эрх бүхий байгууллагаас заримдаа хүн худалдаалах гэмт хэргийг яллахдаа хөнгөн ялаар зүйлчилсэн байна.
16.1 болон 16.4-р зүйлд “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, “хүүхдээр гуйлга гуйлгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хоёуланд нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Өмнөх жилүүдэд зарим прокурор хүүхдээр гуйлга гуйлгасан хэргийг эрүүгийн бус зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Иж бүрэн эрүүгийн хэрэг үүсгэх, холбон зуучлах процесс ярвигтайн дээр хүн худалдаалахтай тэмцэх цагдаа, прокуроруудын харилцаан дахь хязгаарлалтууд, шүүх эрх мэдлийнхний Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн мэдлэг ерөнхийдөө тааруу, мөрдөн байцаагч нарын хэт түргэн халаа сэлгээ, Эрүүгийн хуулийн давхардсан буюу хоорондоо зөрчилдсөн тодорхойлолтууд болон ялын заалтууд нь заримдаа мөрдөн шалгах, яллах ажиллагаанд саад учруулж байна хэмээн ажиглагчид онцолсон.
Тайлант хугацаанд төрөөс хамгийн багадаа 20 сэжигтэн холбогдогчтой хүүхэд болон насанд хүрэгчдийн бэлгийн мөлжлөгийн зорилготой хүний наймааны 12 хэргийг мөрдөн шалгасан (2021 онд 51 сэжигтэн холбогдогчтой 45 хэрэг байсан. Цагдаагийн байгууллагаас саун, массажны газар, зочид буудал, караоке бар болон биеэ үнэлүүлэх үйл ажиллагаа явуулж байж болзошгүй хэмээх сэжигтэй газруудад үзлэг шалгалт хийснээр хэрэг үүсгэн мөрдөн шалгасан хэрэг байгаа эсэх талаар тайлагнаагүй байна.(2021 онд хийсэн үзлэгээр илэрсэн 7 хэргийг мөрдөн шалгасан)).
Цагдаагийн байгууллагаас нийгмийн сүлжээг ашиглан бэлгийн харилцаанд турхиран, сэдэл төрүүлэх агуулгатай зар мэдээлэлд мониторинг хийсний үр дүнд 52 хэргийг мөрдөн шалгасан гэж тайлагнасан боловч эдгээр хэргүүдийг порнографийн бусад хэргүүдтэй хамт ангилсан тул хэд нь нийгмийн сүлжээг ашигласан хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой нь тодорхойгүй байна (2021 онд 23 хэрэг мөрдөн шалгасан).
Хүүхдийг албадан аюултай хөдөлмөр эрхлүүлсэн гэх нэг хэргийг эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэ нь хүчээр албадан хөдөлмөр эрхлүүлсэн хүний наймаа байж болзошгүй ба одоогоор уг хэрэг дээр нэг хохирогч хүүхэд, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй нэг этгээд байна (2021 онд хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн хоёр хэрэг мөрдөн шалгасан). Холбогдох байгууллагууд 37 эзэн холбогдогчтой нарийвчлан заагаагүй 52 мөлжлөгийн хэрэг нэмж шалгасан ба эдгээрийн хэсэг нь хүний наймааны ангилалд багтах магадлалтай (2021 онд 51 эзэн холбогдогчтой 41 хэрэг байсан.).
Холбогдох байгууллагуудаас бэлгийн мөлжлөгийн зорилготой хүний наймааны 50 шүүгдэгчийн хэргийг хэлэлцэж ял шийтгэл оногдуулсан байна. Эдгээрийн 10 шүүгдэгч нь 12.3-р зүйлээр, 19 шүүгдэгч нь – 12.6-р зүйлээр, 21 нь – 13.1-р зүйлээр ял сонссон байна. (2021 онд 22 шүүгдэгч байсан ба эдгээрийн дөрвөн шүүгдэгч 12.3-р зүйлээр, найман шүүгдэгч 12.6-р зүйлээр, 10 нь 13.1-р зүйлээр яллагдсан). Үүний сацуу 24 яллагдагчдад 16.8 ба 16.9-р зүйлээр (“Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” ба “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах”) мөрдлөг явуулж байгааг Прокурорын Ерөнхий газраас тайлагнасан байна. Энэ нь илүү бага ял оногдуулсан зүйл ангиуд бөгөөд эдгээр хэргүүд дээр олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд байгаа эсэхийг баталгаажуулахад шаардагдах хангалттай баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргаж өгөөгүй. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хэдэн хэргийн шүүх ажиллагаа тайлангийн хугацааны төгсгөлд үргэлжилсээр байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлээгүй болно (өмнөх жилд 19 хэргийн шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж байсан). Тайлант хугацааанд албадан хөдөлмөр эрхлүүлсэн буюу 13.13-р зүйлээр ял шийтгэл оногдуулаагүй. (2021 онд нэг хэрэгт ял оногдуулсан).
Шүүхээс 2022 онд хүний наймааны хэргээр 35 этгээдэд ял оногдуулсан ба энэ нь 2021 онд шүүхээр шийдэгдсэн 27 хэргээс өссөн үзүүлэлт. Шүүхээс 22 этгээдэд хүн худалдаалахын эсрэг зүйл заалтаар ял оноосон ба эдгээрийн 13-т 12.3-р зүйлээр, ест нь 13.1-р зүйлээр ял оноосон нь 2021 онтой харьцуулбал тус бүр гурав ба 10 байжээ. Шүүх сүүлийн гурван жилд албадан хөдөлмөр эрхлүүлж хүн худалдаалсан асуудлаар нэг ч хэрэгт ял оноогоогүй (2019 онд 3 байсан). Шүүх мөн 13 этгээдэд 16.8 ба 16.9-р зүйлээр ял оногдуулсан ба олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд байгаа эсэхийг баталгаажуулахад шаардагдах хангалттай баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргаж өгөөгүй. Эрх бүхий байгууллагуудаас мэдээлснээр 13 этгээдэд 12.3-р зүйлээр гурваас таван жилийн хорих ял; 12.6-р зүйлээр 16 этгээдэд тэнсэн, нэг этгээдэд гурван жил хүртлэх хугацаагаар хорих ял, есөн этгээдэд 13.1-р зүйлээр нэгээс найман жилийн хорих ял; 16.8 ба 16.9-р зүйлээр таван этгээдэд зургаан сараас гурван жилийн хорих ял, дөрвөн этгээдэд торгууль, дөрвөн этгээдэд нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх ял оногдуулсан байна. (2021онд гурван этгээдэд 12.3-р зүйлээр гурваас найман жилийн хорих ял; 10 этгээдэд 13.1-р зүйлээр зургаан сараас 20 жилийн хорих ял; 16.8 ба 16.9-р зүйлээр дөрвөн этгээдэд зургаан сараас таван жил хүртлэх хугацаагаар хорих ял оноосон байдаг). Шүүхээс 12.3, 13.1, ба 16.8-р зүйлээр оногдуулах ял шийтгэлийн нэг хэсэг болгон 34 хохирогчид нийт 22,46 сая төгрөгийг ($6,520) нөхөн төлбөрт олгохоор заасан. (2021 онд гурван хохирогчид тодорхой дурьдаагүй зүйл ангиар 3,6 сая төгрөг буюу 1,050 ам. доллар төлсөн байдаг).
2022 онд эхлээд 13.1-ээр мөрдөн шалгагдаж прокуророос ял төлөвлөсөн гурван хэрэг дээр л гэхэд шүүхээс зүйл ангийг 12.3 болгон өөрчлөн эзэн холбогдогчдод бага ял оногдуулсан. Доогуур ял авснаар тэд энгийн дэглэмтэй шоронд ял эдлэх боломжтой болсон. Шүүхээс эдгээр гурван хэрэг дээр хүний наймаатай холбогдсон дөрвөн этгээдэд гурваас таван жилийн хорих ял, зургаан этгээдэд энгийн дэглэмтэй шоронд нэгээс гурван жилийн хорих ял, гурван этгээдэд чанга дэглэмтэй шоронд гурваас таван жилээр хорих ял оногдуулсан.
Цагдаагийн алба хаагч хүний наймааны хэрэгт хамсаатнаар оролцсон гэх батлагдаагүй мэдээлэл гарч мөрдөн шалгах ажиллагаа нь тайлангийн хугацааны эцэст үргэлжилсээр байсан болно. Өмнөх жилүүдэд албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн буюу нуун дарагдуулсан албан тушаалтанд эрүүгийн шийтгэл ноогдуулахын оронд захиргааны хариуцлага хүлээлгэсэн.
Монгол Улсын илүү өргөн цар хүрээтэй эрх зүйн тодорхойлолтоор эрх бүхий байгууллагуудаас тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хүний наймаанаас үүдэлтэй хэмээн үзэж уг ангилалд оруулж ирсэн ба энэ нь хууль сахиулах байгууллагын мэдээллийн санд хүртэл орж үүнд хүүхдийн порнографи, бэлгийн айлган сүрдүүлэлт, “биеэ худалдахыг зохион байгуулах” зэрэг нь багтаж эдгээр хэргүүдийн зарим нэг нь олон улсын тодорхойлолтын хэм хэмжээгээр хүн худалдаалсан гэх элементүүд агуулсан байв. Төрийн олон албан хаагчдын дунд зөвхөн хилээр нэвтрэн зорчдог охид, эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог гэх нийтлэг ташаа ойлголт байдгаас үүдэн сүүлийн жилүүдэд эрэгтэй хохирогчтой хүн худалдаалах гэмт хэрэг дээр 12.3, 13.1-р зүйл ангийг ховор ашиглаж илүүтэй хөнгөн ялтай зүйл ангиар яллаж ирсэн. Иргэний нийгмийн төлөөлөгчдийн мэдүүлснээр хуулийн төрөл бүрийн байгууллагуудын мэдээллийн сан дахь хүний намаатай холбоотой хэргүүдийн бүртгэл ба түүх нь хоорондоо зөрчилдсөн буюу бүрэн бус байдаг байна.
Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь Эрүүгийн хуулийн 12.3, 13.1 ба 15.3-р зүйл ангид хамаарах хүний наймааны гэмт хэргийг мөрддөг ба ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх өөр нэг хэлтэс нь 16.8 ба 16.9-р зүйл ангид хамаарах гэмт хэргүүдийг мөрдөн шалгах үүрэгтэй. Улсын ерөнхий прокурорын газар хүний наймааны хэрэг хянан шалгах ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ба энэ чиглэлээр дагнасан тусгай хэсэгтэй. Цагдаа болон прокурорын албан хаагчид хамтарсан уулзалт зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж буй эрх зүйн саад бэрхшээлийг даван туулах зорилгоор хүний наймаатай холбогдох өргөн цар хүрээтэй хэргүүдийг хэлэлцсэн байна.
Засгийн газраас хууль сахиулах байгууллагын албан хаагчид, прокурор болон гадаадын иргэн, харъяатын газрын алба хаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр тусгай сургалт зохион байгуулж, холбогдох санхүүжилт болон мөнгөн бус дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зохих ёсоор шийдвэрлэхэд нэмэлт сургалт, хөрөнгө нөөц болон мэргэжлийн хүн хүч нэн шаардлагатай байгаа талаар ажиглагчид мэдүүлсээр байна. Монгол Улс нь БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, ОХУ, Тайланд, БНСУ (Өмнөд Солонгос), Малайз зэрэг орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажиллаж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл ирүүлээгүй.
ХОХИРОГЧ ХАМГААЛАЛ
Засгийн газар хохирогч хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Байгаа мэдээллээс харахад цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 56 эмэгтэй хохирогчийг илрүүлсэн ба 49 нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн эмэгтэй хохирогч, долоон охин нь хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хохирогч байсан байна. Харьцуулвал 2021 онд хүний наймааны тодорхой заагаагүй хэлбэрээр 45 эмэгтэй хохирогчийг илрүүлсэн байдаг. Хүний наймааны хохирогч болсон дээрх долоон охин 18-аас доош насныхан байсан нь хүүхэд хохирогчийн илрүүлэлт сүүлийн хоёр жил дараалан буурч байгаа үзүүлэлт. (2021 онд 18-аас доош насны 14 охидыг илрүүлсэн, 2020 онд 24 байсан). Илрүүлэлтийн албан ёсны процессын ажиллагаа учир дутагдалтай байгаагийн улмаас холбогдох байгууллагуудын зүгээс зарим нэгэн тогтоогдоогүй хүний наймааны хохирогч нарыг буюу тухайлбал бэлгийн мөлжлөгийн хүний наймааны хохирогч охидыг илүүтэй баривчлан саатуулдаг байж болох. Хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах журам тодорхой бус, зохих ёсоор системчлэгдээгүй, мөн ихэнх тохиолдолд тухайн алба хаагчийн мэдлэг, идэвх санаачилгаас ихээхэн хамаардаг болохыг ТББ-ууд мэдэгдсэн. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас (ХНХЯ) хохирогчийг олж тогтоон үйлчилгээнд хамруулах шинэ удирдамж заавар болон журмуудыг 2022 оны 4 дүгээр сард батлан гаргасан ба нийгмийн ажилтан болон хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнууд эдгээр журмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хохирогчийг таних асуулга бүхий хүн худалдаалах эрсдэлийн хяналтын хуудас ашигласаар ирсэн. Гэвч энэхүү асуулгын хуудсыг тогтмол хэрэглэдэггүй бөгөөд уг ажиллагаанд эрсдэлт бүлгийнхнийг нарийн тогтоох асуудал багтдаггүй байна. Үүнээс гадна дүүрэг болон орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд хяналтын хуудсыг хэрхэн ашиглах талаар сургалт хангалтгүй байсны улмаас орон нутгийн цагдаагийнхан хохирогчийг илрүүлэн, ЦЕГ-ын мөрдөн байцаагчид шилжүүлээгүй байж болно. Цагдаа, нийгмийн ажилтан ба хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтуудаар хүүхдээр аюултай хөдөлмөр эрхлүүлсэн 317 хэргийг илрүүлсэн тухай мэдээлсэн (2021 онд нэг хэрэг байснаас мэдэгдэхүйц өсөлт), эдгээрийн зарим нь хүний наймааны хэрэгт тооцогдсон байж мэднэ. Эрх бүхий байгууллагын мэдээлснээр бүх хүүхдүүдэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг буюу хамгаалах үйлчилгээнд холбон зуучилдаг байна. ТББ-уудын зүгээс эрэгтэйчүүд болон эрэгтэй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байна гэж тогтмол ярьдаг боловч холбогдох төрийн байгууллагууд болон анхан шатны үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд сүүлийн арван нэгэн жилийн турш ямар нэг эрэгтэй хохирогчийг олж тогтоогоогүй. Холбогдох байгууллагуудаас гадаадын хохирогчийг илрүүлсэн талаар мэдээлээгүй байна.
Төрийн алба хаагчдыг хүүхдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх хэргийг хэрхэн илрүүлж, хүүхдийг асрамж үйлчилгээнд шилжүүлэн зуучлах талаар сургалтад хамруулаагүй байна. Эрүүгийн хуулийн давхацсан зохицуулалтаас үүдэн хүн худалдаалах гэмт хэргийн томьёолол маргаантай болсон ба уг томьёолол дээр үндэслэн эрх бүхий байгууллагуудаас тухайн үед цуглуулсан мэдээлэл нь мөн хоорондоо зөрчилдөж энэ нь эргээд туслалцаа дэмжлэг авч байгаа даван туулагчдад хүнд суртлын асуудлууд үүсгэсэн. Хүн хүч болоод санхүүгийн нөөц бололцоог тухайн үед цар тахлын эсрэг үйл ажиллагаа болон нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд шилжүүлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, албадан хөдөлмөр эрхэлж буй хохирогч хүүхдийг олж тогтоох тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан хаагчдын нөөц бололцоонд сөрөг үр нөлөө үзүүлсэн.
Хамгаалалтын байр ажиллуулж, сэтгэл зүй, нийгмийн, эрүүл мэндийн болон хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудад Засгийн газраас 30 сая төгрөгийн (8,710 ам.доллар) санхүүжилт өгсөн. Эрх бүхий байгууллагын мэдээлснээр хүний наймааны хохирогч 19 хүүхдийг улсын болоод ТББ-ын хамгаалалтын байруудаар үйлчилсэн байна (2021 онд улсын хамгаалах байраар гурван хүүхдийг үйлчилсэн). Монгол Улс дахь хохирогч хамгааллын хязгаарлагдмал үйлчилгээний ихэнхийг ТББ-ууд зарим тохиолдолд төрийн туслалцаа дэмжлэгтэйгээр явуулж ирсэн. ТББ-дын мэдээлснээр бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн 45 хохирогчид туслалцаа үйлчилгээ үзүүлсэн ба эдгээрийн 28 нь эмэгтэйчүүд 17 нь охидууд байсан байна. Монгол Улсын холбон зуучлах иж бүрэн тогтолцоо нь хохирогчдод төрөл бүрийн үе шатуудад хэргийнх нь талаар давтан яриулах шаардлага тавьдаг нь зарим хохирогчдод дахин гэмтэл учруулдаг байж болзошгүйд сэтгэл зовниж байгааг иргэний нийгмийн харилцагч талууд илэрхийлсэн.
ТББ-аас ажиллуулдаг хүний наймааны хохирогчдыг хүлээн авдаг хоёр хамгаалах байр байдаг. Төрөөс гэр бүлийн болоод бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд ба хүүхдэд зориулсан бага хүчин чадалтай 34 түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвийг ажиллуулдаг. Эдгээрт ЦЕГ-ын бэлгийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийг түр хамгаалах байр хамаарах бөгөөд хоёулаа хүний наймааны хохирогчдыг хүлээн авдаг. Эрх бүхий байгууллагууд зарим нэгэн хохирогчид урт хугацааны үйлчилгээ үзүүлэхээр улсынхаас ТББ-ын хамгаалах байрт шилжүүлэн зуучилдаг. ТББ-ууд мөн биеэ үнэлэх буюу бэлгийн мөлжлөгийн хүний наймаанаас зугтсан хүүхэд эмэгтэйчүүдийг хүлээн авдаг хоёр хамгаалалтын байр ажиллуулдаг ба эдгээрийн нэг нь аюулгүй байдлыг хангах асуудлын улмаас тайлант хугацааны үед хаагдсан болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрэгтэйчүүд буюу ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүст зориулсан хамгаалах байр байхгүй. Практик дээр ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай иргэд нь бага насных буюу төрөхөөсөө эмэгтэй хэмээн тодорхойлогдсон хүйсээр орж ирээд өөрсдийн чиг баримжаагаа ил тодоор илэрхийлээгүй тохиолдолд хамгаалалтын байраар үйлчлүүлж болдог байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар гэрч, хохирогчийн хувийн нууц, бие мах бодийн\бодит аюулгүй байдал, хамгаалагддаг. ЦЕГ-ын хүний наймаатай тэмцэх нэгжийн мэдээлснээр хүний наймааны зарим нэгэн хохирогчдыг 2022 онд гэрч хохирогчдын хамгаалалтад зуучлан шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор холбогдох сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс нааш хохирогч хамгаалах үйлчилгээ авах эрхгүй утга бүхий хэллэг орсон нь зарим хохирогчид хамгаалах үйлчилгээ авахад саад болсон. Бодит байдал дээр холбогдох мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамааран хохирогчид хамгаалах үйлчилгээ авсан хэмээн зарим албан тушаалтнууд өмнөх жилүүдэд мэдэгдсэн. Хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сахиулах байгууллагатай ярих алтернатив боломжуудыг эрх бүхий байгууллагын зүгээс олгоогүй байна. Хохирогч бичгээр буюу дүрс бичлэгээр мэдүүлэг өгч, ажил эрхэлж, Монгол улсад чөлөөтэй зорчих буюу шүүх ажиллагааг хүлээх хугацаанд гадаадад зорчих боломжтой боловч тайлант хугацаанд хохирогч дээрх үйлчилгээ авсан эсэх талаар эрх бүхий байгууллагаас мэдээлээгүй байна.
Хүний наймааны хохирогч хүүхэд болон төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төрөөс Эрх зүйн туслалцаа үзүүлэх хуулинд өөрчлөлт оруулсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч Эрүүгийн хууль болон Иргэний хууль хоорондын зөрчилтэй зохицуулалт энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаад төрийн албан хаагчид болон ТББ-ынхан санал нэгдэж байна. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газар гадаадад үйлдэгдсэн монгол хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх чиг үүргийг хамтран хэрэгжүүлдэг. ГХЯ-нд гадаадад гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдэд туслах сан байдаг хэдий ч, тус сангийн хөрөнгийг зөвхөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эсвэл “онц ноцтой гэмт хэргийн” хохирогчид зарцуулна гэсэн нь хэрэгжүүлэхэд тодорхой бус байдал үүсгэдэг.
2022 онд холбогдох эрх бүхий байгууллагууд төрийн бус байгууллагуудтай хамтран Бирм Улсаас 12 монгол иргэнийг эх оронд нь буцаан авчирсан. Харьцуулбал 2021 онд Малайзаас хоёр монгол иргэнийг эх оронд нь авчирсан байна. Эрх бүхий байгууллагаас 2022 онд аливаа нэгэн гадаадын хохирогчийг эх оронд нь буцаагаагүй (2021 онд дор хаяж тус бүр нэг хохирогчийг Фижи, Филиппин, Мьянмар Улс руу буцаасан байна ).
Эрх бүхий байгууллагаас бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг биеэ үнэлсэн гэдгээр ял оноосон байна. Уг үйлдэл нь хүний наймааны золиос болсны шууд үр дүн байсан. Зарим хохирогчид ийм гэмт хэрэгт ялтнаар татагдахаас эмээдэг тул хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэх буюу мэдүүлэг өгөхөөс цааргалж байсныг ажиглагчид мөн тэмдэглэсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжид эх оронд нь залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх байсан ч гадаадын хохирогч иргэдийг тухайн улс оронд нь шилжүүлэн өгөхөөс өөр алтернатив зохицуулалт байхгүй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Засгийн газар хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргасаар байна. Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр Засгийн газарт байхгүй. Хамгийн сүүлд хэрэгжүүлсэн Үндэсний хөтөлбөр нь 2021 онд дуусгавар болсон. Өмнө нь хэрэгжүүлсэн Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг удирдаж байсан Үндэсний дэд зөвлөл 2022 онд нэг удаа уулзан хуралджээ.
Гол төрийн яамд болон ТББ-ын төлөөллийг бий болгосон нийт 18 гишүүдээс бүрдсэн салбар дундын хамтарсан баг хүүхдийн хүний наймаатай тэмцэх зорилгоор Үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө боловсруулан баталсан. Салбар дундын хамтарсан баг нь улирал тутам хуралдсан байна. Салбар дундын хамтарсан баг нь хийж гүйцэтгэсэн ажлаа есдүгээр сард дүгнэсэн боловч гарсан үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлээгүй. 2022 онд Салбар дундын хамтарсан багаас хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн гурван газрыг цагдаагийн нэгжүүдэд байгуулан нээж, ажиллуулах журам зааврыг нь боловсруулан гаргажээ. Мөн дээрх багаас Монгол Улсын Олон улсын нисэх буудал дээр хүний наймааны асуудлаар мониторинг хийж, ТББ-ууд болон Боловсролын яамтай хамтран хүний наймаанаас урьдчилан сэргийлэх сургалтыг багш нарт зориулан зохион байгуулсан байна. Иргэний нийгмийн ажиглагчид салбар дундын хамтарсан багыг байнгын ажиллагаатай болгохын тулд бодлогын зөвлөмж гаргах буюу хуульчлахыг Засгийн газраас шаардсаар байна. Засгийн газраас Хүний наймаатай тэмцэх үйл ажиллагаанд зориулан 227,8 сая төгрөг ($66,170) -ийг Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны 2022 оны төсөвт суулгаж өгсөн. Үндэсний дэд зөвлөлийн мэдээлснээр ТББ-дад 30 сая төгрөг ($8,710), олон нийтийн мэдээлэл сурталчилгаанд 20 сая төгрөг ($5,810), криминалистик шинжилгээний хүрээлэнд тоног төхөөрөмж авахад 145.5 сая төгрөг ($42,260)-ийг тус тус олгосон байна. (Засгийн газраас урьд өмнө нь 432 сая төгрөг ($125,460)-ийг Хүний наймаатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан төсөвлөсөн боловч үүнээс 96.4 сая төгрөг ($28,000)-ийг цар тахлын эсрэг арга хэмжээнд шилжүүлэн зарцуулсан байна).
Засгийн газар олон улсын болон гадаадын донор байгууллагуудтай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх өмнөх хүчин чармайлтуудад үнэлгээ дүгнэлт өгч, байгууллага хоорондын үйл ажиллагааны зохицуулалт, уялдаа холбооны талаар мэдээлэх зорилгоор гурван судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн (2021 онд дөрвөн судалгаа байсан). Тайлант хугацааны төгсгөлд үнэлгээний эцсийн үр дүн хараахан гараагүй байсан болно. Ерөнхий прокурорын газраас мөн хүний наймааны хэргийн ял шийтгэл оногдуулалтад хоёр аналитик судалгаа шинжилгээ хийсэн байна. Холбогдох байгууллагуудаас хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутмын хэвлэл, олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээх ажлыг үргэлжлүүлэн хийсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сэрэмжлүүлэн мэдээлэх компанит ажлыг нийгмийн сүлжээгээр явуулсан байна.
Шууд утасны харилцаа холбооны сүлжээг ажиллуулж буй нэгэн ТББ-ыг Засгийн газраас санхүүжүүлсэн. Тухайн ТББ шууд утсаар авсан мэдээллийн дагуу хоёр хохирогчийг тогтоон илрүүлж зохих үйлчилгээ авахад нь зуучилсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) 24 цагийн ажиллагаатай шууд утас хохирогч хүүхдийг хамгаалалтын байранд байрлуулах, яаралтай хариу арга хэмжээ авах, нийгмийн тусгай халамж үйлчилгээ үзүүлэх, хамгаалалтад авах ажлыг удирдан зохицуулсан. ГБХЗХГ-ын шууд утас 9,294 дуудлага хүлээн авсанаас зургаа нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхэд худалдсан, 251 дуудлага нь хүүхдээр аюултай хөдөлмөр эрхлүүлсэн хэрэгтэй холбоотой байж болзошгүй байсан. ГБХЗХГ-ын мэдээлснээр 57 хувийг нь зохих үйлчилгээнд хамруулахаар хүүхэд хамгаалах хамтарсан багт шилжүүлэн зуучилсан бөгөөд эдгээр тохиолдлуудын зарим нэг нь хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн шинж тэмдгүүд агуулсан байж болзошгүй байна. Эдгээр дуудлагуудын аливаа нэгийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар холбогдох эрх бүхий байгууллагаас мэдээлээгүй байна.
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монголд гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчид болон Монгол улстай хоёр талын гэрээтэй улс оронд ажиллаж буй монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй юм. Монгол Улс нь Өмнөд Солонгос ба Япон Улстай хоёр талт гэрээтэй. Ажиглагчид эдгээр гэрээг хөдөлмөрийн мөлжлөг зэрэг хүн худалдаалах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хэмжээнд тэр болгон хэрэгжүүлдэггүй хэмээн тэмдэглэсэн.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт шалгалт хийж, хууль тогтоомжтой нийцсэн эсэхэд хяналт тавьж, Монгол Улс дахь албан ёсны салбар аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийх чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг (МХЕГ) Засгийн газраас 10 дугаар сард татан буулгасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр МХЕГ-ын бүх байцаагчдыг холбогдох салбар яамдад нь хувиарлан өгч 2004 оны өмнө байсан ижил төстэй тогтолцоонд шилжүүлсэн. Хяналт шалгалт явуулахдаа тодорхой нэгэн яаманд харъяалагддаггүй байсан ТББ болон хувийн секторын байцаагчид шинээр байгуулагдсан Дотоод хяналт шалгалтын агентлагын удирдлага дор ажиллахаар болсон. Ажиглагчдын үзэж байгаагаар хяналт шалгалтын шинэ процесс нь жижиг нэгжүүдийн хяналтыг илүү хүндрүүлж болзошгүй ба энэхүү өөрчлөлт хийснээр 2022 онд хөдөлмөрийн харилцаанд цөөхөн тооны албан ёсны хяналт шалгалтын ажил гүйцэтгэсэн байна. ТББ-уудын төлөөлөл онцлон тэмдэглэснээр өргөн цар хүрээтэй хяналт шалгалт явуулахад байцаагч нарын санхүүжилт болон нөөц бололцоо хэтэрхий хомс байжээ. Эрх бүхий байгууллагаас 2022 онд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой 39 албан ёсны хяналт шалгалт, 1,835 урьдчилан сэргийлэх үнэлгээ дүгнэлт гаргасан тухай мэдээлсэн боловч хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн гэх ямарваа нэгэн хэргийг мөрдөн шалгуулахаар шилжүүлсэн тухай албан ёсоор мэдээлээгүй байна.
Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарт “хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх” эрх олгосон байна. Гэхдээ уг хуулиар зарим тохиолдолд МХЕГ хяналт шалгалт хийхээс хоёр хоногийн өмнө ажил олгогчид мэдэгдэх ёстой зохицуулалт хэвээр байгаа нь ажил олгогч зөрчлөө нуун дарагдуулахад хугацаа олгож буй гэх болгоомжлол үүсгэж байна. Хөдөлмөрийн тухай шинэ хуульд урьдчилан мэдэгдэхгүйгээр хяналт шалгалт хийж болно гэсэн заалт орсон боловч үүнийг 2022 онд хэрэгжүүлсэн тухай мэдээлэл Засгийн газраас ирүүлээгүй байна. Хөдөлмөр зуучлагчид ажилчдаар сургалтын зардал төлүүлэх, ажил олгогч иргэний болон гадаадад зорчих баримт бичгийг нь хураан авах, харилцан зөвшилцөхгүйгээр гэрээг өөрчлөх, цалин хөлсийг барьцааны хэрэгсэл болгон саатуулах буюу төлбөрт суутган авахыг ил тодоор хориглосон. Эдгээр заалтуудын хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагуудаас мэдээлэл ирүүлээгүй.
ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанадад монголчуудыг мөлжлөгт оруулж байна. Гэмт этгээдүүд албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон гадаад иргэдийг Ковид-19 цар тахлын өмнө Монгол Улсаар дамжуулан Орос, БНХАУ зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл цар тахлын хор хөнөөлийг бууруулах бодлогын хүрээнд Монгол-Хятадын хилээр зорчигч тээвэр болон явган зорчигчдын хөдөлгөөнийг хаасан. Ажиглагчдын мэдэгдэж байгаагаар дээрх хугацаанд улс дамнасан хүний наймаа буурч, дотоод дахь хүний наймааны хэрэг өссөн. 2023 оны гуравдугаар сарын байдлаар хилээр зорчиход тавигдсан хязгаарлалтуудыг хүчингүй болгосон боловч зорчигчдын цар хүрээ хязгаармагдмал байсаар байна.
Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал нь төрийн зүгээс цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа хаагдсантай холбоотойгоор хувийн орон байранд нууцаар бэлгийн мөлжлөг үйлдэгдэх явдал өсөж, ингэхдээ мөн нийгмийн сүлжээгээр худал цуурхал, мэдээ цацаж айлган сүрдүүлэх арга хэрэглэх болсон тухай мэдээлэл байна.
Охид, эмэгтэйчүүд зочид буудал, массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд хөдөө орон нутагт орон нутгийн цагдаагийн ажилтнуудын хүлцэнгүй хандлагын дор бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Монгол хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо ашиглахын тулд хүний наймаачид тэднийг урхидах, халамжлан эргүүлэх, нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл цацан айлган сүрдүүлэхийн тулд онлайн платформыг ашиглаж байна. ЛГБТИ болон бусад бэлгийн чиг баримжаатай хүмүүс хүний наймаанд өртөх эрсдэл өндөртэй байдаг ба өргөн тархсан ялгаварлан гадуурхалт ажил олох, хууль эрх зүйн туслалцаа авахад хүндрэл үүсгэдэг. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхгүйн тулд гадуурхах, нийгмийн жигшил өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Цар тахлын улмаас монголын нийгэмд бүхэлдээ онцгойлон эмэгтэйчүүд болон албан бус салбарт ажиллаж буй хүмүүсийн дунд ажилгүйдэл их болсон тул бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлэлтэд өртөх магадлал өндөр байна. Япон, Өмнөд Солонгосын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал үргэлжилсээр байна. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор нислэгүүдийг зогсоосон болон нийтийн эрүүл мэндэд тавьж буй шаардлагуудын улмаас хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монгол Улсад ирдэг жуулчдын тоо 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд хязгаарлагдсан байх магадлалтай.
Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цар тахлаас өмнө энэ нь онцгойлон Монгол-Хятадын хилийн дагуу байсан бол хил орчмын бүс нутагт тавигдах хорио цээрийг чангатгасны улмаас хил орчмын хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд онцгойлон хязгаарласан. Өмнөговь аймагт Хятадын хилээр өөрийн бус эзэмшлийн машинаар нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тохирсон ёсоор тээврийн хэрэгслийн барьцаа болгон хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт илүүтэй өртөх хүчин зүйл болж байна. Цар тахалтай холбоотойгоор Монгол-Хятадын хил 2020 оны нэгдүгээр сард хаагдахаас өмнө эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын турш нойргүй шахам ачааны машины цуваанд даарч хөрөн, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байнгын хүлээлтэд зогсдог байсан. Хүргэлт хоцроход хятад ажил олгогч, үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир орлогын ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд дахин оруулдаг байна. Хил дээр саатсан, ажлын нөхцөл муугаас болж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан нүүрс тээвэрлэгчдийн ар гэрийнхэн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж мөн бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай. Хүний наймаачид охид, эмэгтэйчүүдийг уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хот болон өмнөх жилүүдэд Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеийг нь үнэлүүлдэг. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд мөн бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бичил уурхайтай холбоотойгоор бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдүүд албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.
Монгол Улсын баруун бүсийн нутагт олноороо амьдардаг казах үндэстний зарим эрэгтэйчүүд Ала качү буюу “шүүрээд зугт” гэх үйлдлийг өөрсдийн соёл заншлын нэгэн хэсэг хэмээн охид эмэгтэйчүүдийг хулгайлж, албадан гэр бүл болгодог байна. Эдгээр хүчээр гэрлэлтийн зарим нэгийн уршгаар бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах эсвэл албадан хөдөлмөр эрхлэлтийн элементүүд илэрч байх магадлалтай. Хүний наймаачид зарим хүүхдүүдээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байна.
Хүний наймаачид Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Хятад, Өмнөд Солонгос, Турк болон Ази, Ойрхи Дорнодын бусад орнууд болон АНУ руу худалдаж байна. Албан ёсны хүмүүсийн үзэж байгаагаар Монгол Улсын иргэд Турк Улсад визгүй зорчдог, шууд нислэгтэй, цар тахлын улмаас хятадын хил хааснаар хүмүүсийн аялал, хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөн шилжсэнтэй холбогдуулан БНТУ яваандаа хүлээн авагч орон болох магадлал байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар гадаад дахь бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хүний наймаачид эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонгконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байсан.
Цар тахлын улмаас Монгол-Хятадын хил хаагдахаас өмнө Монгол хөвгүүд Хятад улсын хилийн дагуу хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхой бус хугацаагаар ажиллаж, визний журамд нийцүүлэн сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд хүргэж байсан. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж зорчих нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүний наймаачид монгол эмэгтэйчүүдийг хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл албадан биеийг нь үнэлүүлж байна. БНХАУ-д байрлах компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог БНХАУ дахь байгууллагууд монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.
Цар тахлын улмаас улсын хил хаагдсанаар Монгол Улс дахь гадаад ажилчдын тоо мэдэгдэхүйц багассан боловч Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Өмнөх жилүүдэд тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж, цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр эрхшээлдээ албадан оруулах эрсдэлд оруулж байсан. Улсын хил нээлттэй байхад БНХАУ-аас Монгол Улсад богино хугацаагаар визгүй зорчих журмаар ирсэн орос, украйн эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогчид байж болзошгүй. Монгол Улсын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хүний наймааг таслан зогсоох Засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.