7 дугаар сарын 4-ны баяраар АНУ болон Монголын ардчилалыг онцоллоо

1776 оны 7 дугаар сарын 4-ыг АНУ-ын төрсөн өдөр гэж үздэг. 239 жилийн өмнө тэр өдрөөс хойш дэлхий даяар 7 дугаар сарын 4-нд хүн бүр тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал нь тэдэнд юу илэрхийлдэг вэ гэдгийг тунгаан бодож байна. Яагаад вэ гэвэл энэ жил Монгол Улсын ардчиллын шийдвэрийн 25 жилийн ой тохиож байгаа ба Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам нь жил бүрийн 7 дугаар сарын 4-ны баяраараа Монголын болон АНУ-ын ардчилсан үнэт зүйлсийг онцлон тэмдэглэсэн. Тус арга хэмжээгээр АНУ-ын уран бүтээлч Норман Роквелл, Монголын уран бүтээлч Л. Хадбаатарын бүтээлүүдийг дэлгэн тавихын хажуугаар АНУ болон Монгол Улсын харилцаа, хоёр орны түүх болон тус тусын ардчиллын зам мөрийн талаарх үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Роквел өөрийн Дөрвөн Эрх Чөлөө цуврал зургаа Ерөнхийлөгч Рузвельтийн 1941 оны 1 дүгээр сард Конгрессод хэлсэн үгнээс үлгэрлэн бүтээсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт хэлсэн үгэндээ дайны дараах дэлхийг бүтээх үндсэн дөрвөн эрх чөлөөг нэрлэсэн: үг хэлэх эрх чөлөө, шүтэн бишрэх эрх чөлөө, хүслээс ангид байх эрх чөлөө болон айдсаас ангид байх эрх чөлөө. Түүний нэгэн адил Л.Хадбаатар өөрийн “Түүчээ цаг” цувралаа Монголын ардчилал, эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэн хүмүүсийг дүрсэлэн бүтээсэн байна. Өөрийн уран бүтээлээрээ дамжуулан тэрээр ” Түүхийг бид бүтээхгүй юм бол өөр хэн бүтээх билээ?” гэж биднийг өөрсдөөсөө асуухыг сануулж байна.

7 дугаар сарын 4-ны баярын хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам залуусын дунд “Ардчилал таны хувьд?” онлайн эссэ уралдаан зохион байгуулсан ба уралдаанд шалгарсан шилдэг таван эссэний эзэд баярын арга хэмжээнд урилгаар оролцлоо. Элчин сайд асан Жозеф Е. Лэйк, Туслах төрийн нарийн бичгийн дарга Викториа Нуланд нарын 1990-ээд оны Монголын ардчилсан хувьсгалын үед АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан хүмүүсийн дурсамжаасаа хуваалцсан эссэг мөн нийтэлсэн.

Ямар ч 7 дугаар сарын 4-ны баярыг хөгжимгүйгээр тэмдэглэх боломжгүй тул АНУ-ын армийн 8-р хамтлагийн “Алианс брасс” хамтлаг Монгол Улсад зочлон ирж, энэ жилийн баярт оролцлоо. Мөн “Хонх” хамтлагийн гишүүн Н.Энхбаяр уригдан оролцож Монголын ардчилсан хувьсгалын уриа дуу болсон “Хонхны дуу”-гаа дуулж, үзэгчдийн хүртээл болголоо. Эрх чөлөө мандтугай!