
Аляск муж дахь Элмендорф-Ричардсон хамтарсан цэргийн бааз — 4-р сарын эхээр Аляскийн Үндэсний хамгаалалтын армийн (АҮХА) хоёр албан хаагч Монгол Улсын Экспедицийн тусгай хүчнийг (МЭТХ) дэмжих АНУ-ын харилцаа холбооны үүрэг гүйцэтгэхээр Афганистанд байрлалаа.
1-297-р Тагнуул, хяналтын дивизийн ахмад Коллин Уэлч болон 143-р Агаарын цэргийн ангийн 1-р баттальоны 1-р зэргийн түрүүч Тимоти Ринг нар 2009 онд энэхүү арга хэмжээ эхэлснээс хойш МЭТХ-тэй хамтарч буй АҮХА-ийн 12 дахь баг бүрэлдэхүүн юм. Тэд Эрх чөлөөний харуул хамгаалалт цэргийн үйл ажиллагааг дэмжин тактикийн зөвлөгчөөр ажиллахын хажуугаар харилцаа холбооны мэргэжилтний үүрэг гүйцэтгэх болно.
Харилцаа холбооны хувьд тус баг нь МЭТХ-г Афганистаны Кабул хот дахь АНУ-ын Зэвсэг хүчин болон Цэргийн баазын дэмжих бүлэг болон тус улсад байгаа бусад байршил газруудтай шууд холбох үүрэгтэй.
Уэлч, Ринг нар 3-р сарын сүүлээр Аляскаас Техас мужийн Форт Блисст ирсэн бөгөөд тэндээ хоёр долоо хоногийн дайчилгааны өмнөх сургалтад хамрагдаж улмаар 6-9 сарын хугацаагаар байрлахаар Кабул хотноо ирээд байна.
2010 онд Канзасын Үндэсний хамгаалалтын армийн гишүүн байхдаа Африкт үүнтэй ижил төстэй ажиллагаанд оролцож байсан Уэлч “Бид АНУ-ын Төв команд, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хооронд шууд холбох үүрэгтэй” гэлээ.
Уэлчийн анги Африкт АНУ болон эвслийн эрх ашгийг хамгаалах, хамтрагч улсын үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэхэд туслахаар тогтворжуулах ажиллагаа явуулсан байна.
“Тогтвортой байдлыг хангах ажиллагааны даалгаврын хүрээнд бид гадаадын цэргийн хүчинтэй цэргүүд хоорондын сургалт хийж ажилласан,” гээд тэрээр нэмж хэлэхдээ “тийм ч учраас үүний дараа өөр улс оронд үндэстэн бэхжүүлэх чиг үүрэгтэй ажиллах нь цаанаасаа урсгалаараа явж байгаа үүрэг даалгавар шиг санагдсан” гэсэн.
Уэлч “би Монголд очиж байгаагүй ч өөр улс орнуудын соёлын талаар мэдэх хүсэлтэй” гээд Монгол цэргүүдтэй хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа өгүүлсэн.
Аляск мужийн Түншлэлийн хөтөлбөр нь Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй (МУЗХ) 2003 оноос харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр ирсэн. Иракт цэргүүдээ байрлуулснаас хойш АҮХА нь МЭТХ-тэй түншлэн харилцаа холбооны албан хаагчаар хангахаас аваад хамтарсан цэргийн дасгал сургуулилт, боловсон хүчний харилцан солилцоо зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан Аляскийн хамгаалагч арми нь нэн чухал сургалт, зөвлөгөө явуулсаар иржээ.
Улаанбаатар хотын ойролцоо жил бүр зохион байгуулагддаг Хааны Эрэлд олон улсын энхийг сахиулах дасгал сургуулилтад 2013 болон 2014 онд МУЗХ-тэй хамтран ажилласан байсан Ринг “ийм боломж олдсонд их баяртай байна” гэлээ.
Ринг “би Монголчуудтай командлал болон хээрийн дасгал сургуулилт дээр хамтран ажиллаж байсан. Монголд дасгал сургуулилтаар сурсан зүйлсээ Афганистанд бодит үүрэг даалгавар болгон хэрэгжүүлнэ гэдэг сайхан хэрэг” гэлээ.
Монгол болон АҮХА хоорондын нягт харилцаа, хамтын ажиллагаа нь МУЗХ сайн дурын үндсэн дээр Афганистанд цэргээ байрлуулахаар болоход МУЗХ-ыг АҮХА-аас АНУ болон Афганистан дахь НАТО-гийн элементийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг чиглүүлэн дэмжихэд туслах харилцаа холбооны мэргэжилтэн хүсэх үндэс байсан.
Эрх чөлөөний харуул хамгаалалт цэргийн ажиллагаа нь Афганистаны аюулгүй байдлын хүчинд зөвлөгөө өгч туслах, сургалтад төвлөрсөн Афганистан дахь АНУ-ын шинэ ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь 2001 оны 9-р сарын 11-ний дайралтын дараа эхлүүлэн 13 жил үргэлжилсэн байлдааны ажиллагаа болох Тогтвортой эрх чөлөө цэргийн ажиллагааны удаах ажиллагаа юм.