АНУ-ын ЭСЯ ба 2019 оны American Music Abroad хөтөлбөр танилцуулж байна: Абердин хамтлаг

Хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал

АНУ-ын ЭСЯ ба 2019 оны American Music Abroad хөтөлбөр танилцуулж байна: Абердин хамтлаг

Та Америкийн рок хөгжмийн хамтлагтай тайзнаа мөр зэрэгцэн хамтран тоглохыг хүсч буй хөгжимчин, хамтлаг, уран бүтээлч мөн үү? Хэрвээ тийм бол танд боломж байна! АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын Товчоо, олон улсад суугаа АНУ-ын Дипломат төлөлөгчийн газруудтай хамтран Америк хөгжмийг гадаадад (American Music Abroad буюу АМА) хөгжмийн хөтөлбөрийг жил бүр хэргэжүүлдэг билээ.  Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд гурав дахь удаагаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажил явагдаж байна. Энэ жил АМА хөтөлбөр нь Абердин хэмээх таван гишүүн бүхий үлээвэр хөгжмийн рок хамтлагийг 5 дугаар сарын 21-нээс 28-ны өдрүүдэд Монгол улсад авчрах юм. Аялан тоглолт хийх үеэрээ уг хамтлаг Монголын уламжлалт болон орчин үеийн хөгжимчид, уран бүтээлчидтэй тайзнаа хамтран тоглохыг хүсч байна.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ нь энэхүү боломжийг сонирхож буй бүх төрлийн хөгжмийн стиль, хэв маягаар тоглодог дотоодын хөгжимчин, хамтлаг, уран бүтээлчдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Хөгжмийн хамтарсан уран бүтээл, хөгжмийн шинэ соргог аранжировк дээр хамтран ажиллах, шинэлэг бүтээлийг толилуулах зорилго бүхий саналыг бид дэмжих болно.

Амжилттай саналын эзэд Абердин хамтлагтай 2019 оны 5 дугаар сарын 24-26-ны аль нэг өдөр концертонд хамтран тоглох боломжтой болно. Саналаа ирүүлэх уран бүтээлч, хөгжимчдийг соёлын солилцоогоор дамжуулан хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, тогтвортой харилцааг хөгжүүлэх нийтлэг зорилготойгоор тус хамтлагтай ижил төстэй, эсвэл тэс ондоо хөгжмийн урсгал, жанраар уран бүтээл туурвих чадамж дээр нь үндэслэн сонгон шалгаруулах болно.

Хамтран ажиллах саналд дараах баримт бичгийг хавсаргасан байна:

  • Дотоодын уран бүтээлч, хамтлагийн үндсэн мэдээлэл, намтар болон холбоо барих хаяг зэрэг мэдээллүүд
  • Абердин хамтлагтай хамтран тоглох нэг Монгол хөгжмийн жишээ
  • Абердин хамтлагтай хамтран тоглохыг хүсч буй нэг Америк хөгжмийн жишээ
  • Хамтарч тоглохыг хүсч буй зорилго болон энэхүү туршлагын үр дүнд юуг хүсэн хүлээж буй тухай хүсэл зорилгоо тайлбарлан бичнэ

Хамтран ажиллах саналыг 2019 оны 4 дүгээр сарын 19-нийг дуустал pao@usembassy.mn цахим шуудангаар хүлээж авна.

AMA хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолойн Нийгэмлэг ашгийн бус байгууллага үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.

Хэвлэл мэдээллийг хэрэгслүүд Абердин хамтлагаас ярилцлага авах боломжтой бөгөөд холбогдох мэдээллийг эндээс авна уу: https://mn.usembassy.gov/mn/media-note-aberdeen-mn/

Ирж буй хамтлагийн тухайд:

Абердин (Нью-Йорк хот) хамтлаг нь саксфонч, ая зохиогч Брайн Плаутц-аар ахлуулсан таван гишүүн бүхий үлээвэр хөгжмийн рок хамтлаг юм.  Тус хамтлаг нь хоёр саксфонч, нэг гитарчин, нэг басс гитарчин ба нэг бөмбөрчинтэй ба очсон газар бүртээ эрч хүчийг түгээж ирсэн билээ. Хамтлагийн ахлагч Брайн Плаутц нь нэр хүнтэй Берклигийн хөгжмийн коллежоос мэргэжлийн зэрэгтэй бөгөөд нийгмийн сүлжээгээр олон нийтэд их хэмжээгээр түгсэн хөгжмийн видео продакшн болох Апартмент Сешинс, мөн Бродвейн жүжигчидийг цуврал концерт хэлбэрээр толилуулдаг Бродвей Сингс продакшнд тус тус оролцож байв. Абердин хамтлагийн динамик содон тоглолтууд нь хамтлагийн басс гитарчин Адам Нилигийн Юүтюб дэх олны хүндэтгэлийг хүлээсэн хөгжмийн онол ба сургалтын сувагт орсон байдаг. Тэрээр өөрийн сувгаараа дамжуулан цахим орчин дах хөгжмийн соёл, орчин үеийн хөгжмийн боловсрол ба түүний хөгжил зэрэг сэдвүүдээр гүнзгийрүүлсэн мэдээлэл өгдөг. Ийнхүү тус хамтлаг нь Юүтюб болон орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дэлхийн хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ хүргэдэг болсон.  Дээр дурьдсан Берклигийн хөгжмийн коллежоос мөн хамтлагийн бөмбөрчин Себастьян Си-бассЧерибога эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Вили Нелсон, Франк Фостер, Хилари Жейн гэх мэт алдартнуудтай Карнеги-холл, Кеннеди-центр, Жордан-холл гэх мэт нэр хүнд бүхий томоохон тайзнаа тоглолт хийж байсан туршлагатай. Аарон Коплендийн нэрэмжит хөгжмийн сургуулиас Жазз судлал чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан чөлөөт уран бүтээлч, цахилгаан гитарчин, продюсер Ви Жей Браун бол рок, жазз хөгжмийн домог болсон бүтээлүүд, мөн өнөө үеийн Нью-Йорк дахь залуу уран бүтээлчдийн өнгө аясыг агуулсан хөгжимчин юм.  Харин тенор болон баритон саксфонч Жаред Ий нь АНУ-ын том хэмжээний амьд хөгжмийн Хардли Стриктли Блюграсс, Саут бай Саутуэст зэрэг фестифалуудад оролцож байсан уран бүтээлч юм. Жаредийн хувьд Кенни Логгинс, Боб Минтцер, Луйс Конте зэрэг уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн тайзнаа тоглолт хийж байсан нэгэн билээ.

Тэдний уран бүтээлийг дараах холбоосоор хүлээн авна уу: https://www.youtube.com/watch?v=8XpU2JNL7Ls

Америк Хөгжмийг Гадаадад (American Music Abroad буюу AMA) хөтөлбөрийн тухай:

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо нь Америк Дуу Хоолойн Нийгэмлэгтэй хамтран “Америк Хөгжмийг Гадаадад” (AMA) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог билээ. AMA хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолойн Нийгэмлэг ашгийн бус байгууллага үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.  Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд, энэ жил гурав дахь удаагаа ирэх тав дугаар сард зохион байгуулагдахаар бэлтгэл ажил явагдаж байна.  Уг солилцооны хөтөлбөр нь урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. AMA хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хангагдаад байдаггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулдаг.  Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нь нийтэд зориулсан үнэ төлбөргүй концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг.

Нэмэлт мэдээлэлийг эндээс: https://exchanges.state.gov/us/program/american-music-abroad

Facebook: @ExchangeProgramsAtState; @AmericanMusicAbroad; Facebook.com/usembmongolia;

Instagram: @ExchangeOurWorld; @AmericanMusicAbroad

Twitter: @ECA@State; Twitter.com/usembmongolia;

Website: Amvoices.org/ama; ECA.State.Gov; https://mn.usembassy.gov/embassy/;