Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Элчин сайд Клеческигийн хэлсэн үг

Эрхэм сайд Энх-Амгалан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Фулбрайтын оюутан, судлаачийн хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч, ноён Эдвард Монкс, Олон улсын боловсролын хүрээлэн, Гадаад харилцааны яамыг төлөөлөн оролцож буй эрхэм нөхөр Ананд болон Фулбрайтын хамтарсан оюутны хөтөлбөрийн хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зурах ёслолд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа.

Өнөөдөр бидний хувьд маш чухал өдөр тохиож байна. Учир нь өнөөдрөөс 35 жилийн өмнө 1 дүгээр сарын 27-нд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон билээ. Энэхүү ойн баярыг бид бүтэн жилийн туршид олон төрлөөр тэмдэглэн өнгөрүүлэх болно. Өнөөдрийн арга хэмжээ нь энэ өдрийг онцлон тэмдэглэхэд төгс зохицсон гурван шалтгааныг дурдвал: нэгдүгээрт, өнгөрсөн 35 жилийн дипломат харилцааны маань гол хүчин зүйл нь боловсролын хамтын ажиллагаа байсаар ирсэн учир; хоёрдугаарт, энэ хугацаанд Фулбрайтчууд маань АНУ болон Монгол Улсад үнэмлэхүй хувь нэмэр оруулсан учир; гуравдугаарт, бид тус хөтөлбөрийг зөвхөн үргэлжлүүлээд зогсохгүй, улам өргөжүүлж, боломж бололцоог нь дараагийн 35 жилд илүү нэмэгдүүлэх зорилготойгоор гэрээнд гарын үсэг зурж байгаа учир юм.

Энэхүү шинэчилсэн хэлэлцээр нь монгол оюутнуудад чанартай боловсрол олж авах боломжийг олгож, АНУ-Монголын боловсролын байгууллагууд хооронд урт хугацааны хэлхээ холбоог байгуулах талаар АНУ, Монгол Улсын хамтын үүрэг хүлээж буйг дахин нотолж байна.

Түүнээс гадна, хөтөлбөрт оролцогсдод өмнө нь тавигддаг байсан барьцаа хөрөнгийн шаардлагыг уг шинэчилсэн хэлэлцээрээс албан ёсоор хасч байгаа нь гэр бүлийн эдийн засгийн байдлаас үл хамааран бүх монгол оюутнуудад уг тэтгэлгийг авах боломж нээгдэж байгаа юм.

Фулбрайтын хөтөлбөр Монголд 28 жилийн өмнө эхэлсэн бөгөөд Фулбрайтын тэтгэлэгт анхны монгол зочин-судлаач 1994 онд, анхны тэтгэлэгт оюутан 1995 онд АНУ руу явж байжээ. Түүнээс хойш АНУ хоёр орны 400 гаруй Фулбрайтын солилцооны хөтөлбөрт оролцогсдыг санхүүжүүлсэн байна.

2009 онд АНУ болон Монгол Улс Фулбрайтын хамтарсан оюутны хөтөлбөр бий болгох тухай яриа хэлэлцээг эхлүүлж, 2010 оны 12-р сарын 15-нд хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Түүнээс хойш уг хөтөлбөрөөр 100 гаруй монгол оюутан АНУ-д боловсрол, байгаль орчин, нийтийн эрүүл мэнд, геологи, инженерийн боловсрол болон бусад олон чиглэлээр магистр, докторын шатанд суралцаж төгссөн байна.

Боловсрол, солилцоог АНУ тууштай дэмжиж байгаагийн илэрхийлэл бол жил бүр 120 орчим тэтгэлэг, солилцоонд монгол оюутнуудыг хамруулдаг нь жилдээ 2 сая гаруй ам. долларыг бидний хамтын ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.

Фулбрайтын хөтөлбөрт оролцогч судлаач, төгсөгч, хамтрагч түншүүдийн олон талт, эрч хүчтэй сүлжээ нь АНУ, Монгол болоод бусад 160 түншлэгч улсын харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжиж, улс орнууд, бүс нутгууд дамжин мэдлэгийг түгээж, дэлхий даяар ард иргэдийн амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна.

АНУ болон Монгол Улс дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихийн төлөө, агуу хоёр ард түмнийхээ харилцааг улам бэхжүүлэхийн төлөө тууштай байна.