АНУ-ЫН ОУХА-ЫН “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” ТӨСЛИЙН
НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД
ЭЛЧИН САЙД БУАНГАНЫ ХЭЛСЭН ҮГ
HOLIDAY INN
11-Р САРЫН 21
Эрхэм зочид та бүгдийн энэ өглөөний амгаланг айлтгая. Өнөөдөр энд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хаалт болон “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн нээлт болох “Non-Stop for DRR” арга хэмжээнд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Хоёулаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилттэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдөр энэхүү арга хэмжээнд танхимаар болон Монгол орны өнцөг булан бүрээс цахимаар оролцох боломжтой байгаад баяртай байна. Юуны өмнө өнөө өглөө энд бидэнтэй хамт байгаа хамтрагч, дэмжигч нартаа талархал илэрхийлье.
ХХААХҮ-ийн дэд сайд Ганхүлэг
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Болдбаатар
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Болорцэцэг
Улаанбаатар хот болон Дорнод, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Увс аймгийн Засаг дарга, албаны хүмүүс
Хэдийгээр би Монголд ирээд удаагүй байгаа ч Монгол орон газар хөдлөлт, ой, тал хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшигт өртөмтгий гэдгийг мэднэ. Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлтөөс болж эдгээр гамшгийн тоо давтамж, учруулах хохирлын хэмжээ аль аль нь ихсэж байна. Түүнээс гадна, өнгөрсөн жилийн хугацаанд малчдын хувьд ноцтой хор уршиг учруулж болохуйц малын халдварт өвчин ихэссэн байна.
Тийм учраас ОУХА-ийн нэг зорилго бол эдгээр гамшигт хариу арга хэмжээ авахаас гадна түүнийг даван туулах чадварыг бэхжүүлж, ингэснээр дараагийн гамшиг тохиолоо гэхэд илүү сайн бэлтгэлтэй байхад оршдог. Үүнд ОБЕГ-ыг техник хэрэгслээр хангах, аврагчдад сургалт зохион байгуулахаас эхлээд малын халдварт өвчнийг цаг алдалгүй оношлон, тархалтыг хязгаарлах талаар МЭЕГ, малчидтай хамтран ажиллах, ган гачиг, хортон шавжинд тэсвэртэй, ургац сайтай малын тэжээл тариалж байгаа тариаланчдад дэмжлэг үзүүлэх зэрэг багтана. Эдгээр бүхий л үйл ажиллагаа нь байгалийн гамшгийн сөрөг үр дагаврыг даван туулахад нь монгол иргэдэд туслах зорилготой бөгөөд ОУХА-ийн дэмжлэгээр өмнө нь хэрэгжсэн хөтөлбөрүүдийн ололт амжилт дээр суурилж байна.
Дэлхийн зөн болон Монгол Улсын засгийн газрын түншүүдтэйгээ хамтран энэхүү төсөл Монголын хөдөө орон нутаг, түүний дотор Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймгуудын ард иргэдтэй хамтран ажиллах юм. Түүнчлэн гамшгийн үр дагавар зөвхөн хөдөө орон нутагт биш улам өргөжин тэлж буй хот суурин газруудад ч мэдэгдэж байгаа тул энэ төсөл Улаанбаатар хот болон зарим аймгийн төвүүдийг хамарч байна. Нийтдээ энэ төсөл 80,000 гаруй хүнд сургалт, дэмжлэг үзүүлнэ гэж бид тооцоолж байна.
Америк-Монголын стратегийн түншлэлийн хүрээнд ОУХА-ийн Монгол дахь үйл ажиллагаа хэрхэн тэлж буйн нэг жишээ нь энэхүү шинэ төсөл гэж бахархалтай хэлэхээр байна. ОУХА 1991 оноос эхлэн Монголд ажилласан бөгөөд сүүлийн 2 жилд жижиг бизнесийг дэмжих, ардчиллын институцүүдийг бэхжүүлэх, эрчим хүчний засаглалыг сайжруулах, COVID-19-тэй тэмцэхэд туслах зэрэг төрөл бүрийн чиглэлээр шинэ санаачлагууд эхлүүлсэн байна. Дахиад ч олон ажил бий.
АНУ болон Монгол Улс нийтлэг эрх ашиг, хамтын ардчилсан үнэт зүйлст суурилсан урт хугацааны, бат бэх харилцаатай. Бидний стратегийн түншлэл цаасан дээрх үг төдий биш, харин бодит үр дүн гаргах учиртай. Ирэх он жилүүдэд энэ хөтөлбөр монгол иргэдийн хувьд бодитой үр дүнг үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бүх хамтрагч нартаа дахин талархал илэрхийлж, томоос том амжилт хүсье.