Тэмдэглэлт ойн баяр гэдэг нь онцгой үйл явдал билээ. Мэдээжийн хэрэг, эдгээр нь өнгөрсөн үеэ эргэн харж амжилт ололтоо онцлон тэмдэглэх мөч юм. Үүгээр зогсохгүй тэмдэлэлт ой нь бидэнд эрхэмлэх үзэл баримтлал, үндсэн санаандаа үнэнч байж, урагшаа давшин тэмүүлэх боломжийг олгодог билээ.
Энэ жилийн долдугаар сарын 26-ны өдөр бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Херберт Уолкер Буш Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хууль (Эй Ди Эй)-д гарын үсэг зурж баталгаажуулсаны 25 жилийн ой тохиож байна. Энэхүү хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхах явдлыг арилгах зорилготойгоор баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш эрхийг баталгаажуулсан дэлхийн хамгийн анхны цогц хууль гэдэг утгаараа дэлхийн нийтэд хөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг тэгш байдал, боломж болгон харах эхлэлийг тавьсан билээ. Тус хуулийг батлагдсаны дараахан дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх, эрх чөлөө, боломжийг баталгаажуулсан өөрсдийн хууль тогтоомжийг боловсруулан баталж эхэлсэн юм. Уг хуулийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хуулийг батлах саналаа өгсөн тэр өдөр нь АНУ-ын сенатчийн хувьд миний бахархлыг хамгийн их төрүүлсэн өдрүүдийн нэг байлаа. Энэ хууль АНУ-д асар их өөрчлөлт авч ирэх эхлэлийг тавих болно гэдгийг бид мэдэж байсан. Эй Ди Эй нь олон улсад чухал ач холбогдолтой хууль болохыг цаг хугацааны явцад бид ойлгож мэдсэн билээ” гэж хэлсэн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хуулийн үндсэн тодорхойлолт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, тээврийн хэрэгслээр зорчих, нийгмийн амьдралд оролцох эрх зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан дэлхийн хамгийн анхны гэрээ болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үндэс болсон бөгөөд Монгол улс тус конвенцид 2009 онд нэгдэн орсон аж.
Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хуулийн 25 жилийн ой Монгол улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн тэмдэглэлт өдрүүдээс хэдхэн хоногийн өмнө тохиож байгаа нь нэн эгшиглэнтэй сонсогдож байна. Ингээд бодохоор 25 жилийн өмнө яг энэ долоо хоногт Монголчууд, Америкчуудын хэн хэн нь тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэллээ илэрхийлсэн байна. Үүгээрээ манай хоёр улс чухал ач холбогдол бүхий “ардчиллын төлөөх шийдвэрүүд”-ийг гаргаж байжээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол улсын хийж бүтээснээс нь үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний манлайлагч байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан боломжийг өргөжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад гайхах зүйл байхгүй юм. Энэ чиглэлээр манай элчин сайдын яам Монгол улсын Засгийн газартай хамтран солилцооны хөтөлбөр, сургалтын тэтгэлэг, буцалтгүй тусламж, урлаг уран сайхны хөтөлбөр, Засгийн газрын түвшний ажлын айлчлал болон төгсөгчдийн төслүүдээр дамжуулан чухал ач холбогдолтой ажлуудыг хийсээр ирсэн. Яг одоо Монголын баг тамирчид Лос-Анжелес хотноо Тусгай Олимпын наадамд оролцож, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч АНУ-ын мэргэжил нэгт нөхдүүдтэй Вашингтон хотноо болох хуралд хамтран оролцох гэж байна.
АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Тусгай зөвлөх Жүди Хьюман 2014 оны есдүгээр сард Монгол улсад айлчлахдаа АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хөдөлгөөний түүхийг эргэн сөхсөн “Үнэ цэнэтэй амьдрал” баримтат киноны хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ. Хэрвээ бид хангалттай удаан хугацаанд амьдарвал бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй болно гэдгийг тус киноны найруулагч Эрик Ньюдел онцолсон байдаг. Нас өтлөх тусам хөдөлгөөн буурч, мэдрэхүйгээ алдаж, оюун ухааны хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч эхэлдэг. Ийм байдал өөр өөр хүмүүсийн хувьд өөр өөрөөр тохиолдож болох боловч хүн бүрд ийм зүйл тохиолдох нь гарцаагүй юм.
Тээврийн хэрэгсэл, сургууль, амралт сувиллын газар, эмч нарын өрөө тасалгаа, үйлдвэрийн барилга байшин, албан тасалгаа зэрэгт иргэдийн нэвтрэх хэрэгцээ шаардлагыг хангаснаар одоогийн болон ирээдүйн тохиож болох бэрхшээлээс үл хамааран бүх хүмүүст амьдралынхаа туршид нийгмийн үйл ажиллагаанд бүрэн дүүрэн оролцох ирээдүйг баталгаажуулах болно. Хүн болгоны бүрэн оролцоог хангасан эрх тэгш, хүртээмжтэй нийгмийн төлөө ажиллах нь ардчилсан зарчмын хамгийн дээдийн зорилго юм. Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хууль (Эй Ди Эй) болон Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн давхардаж буй ойн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх илүү сайхан боломж гэж үүнээс өөр байхгүй билээ!