ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өдрийн мэнд. МАSА-ийн 2015 оны бага хурлыг нээж, үг хэлэх боломж олгосонд их баярлалаа.
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрүүдийн оролцогч, төгсөгч та бүхэнтэй өнөөдөр хамт байгаадаа маш их баяртай байна. Жил бүр АНУ-ын татвар төлөгчид дэлхий дахины улс орнуудын иргэдэд АНУ-д суралцах, судалгаа хийх, мөн зочлох боломжуудыг олгож, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байдагт би их бахархалтай байдаг. Миний бодлоор, энэ солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн үнэ цэнэтэй тал нь юу вэ гэвэл хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс өөрийн нүдээр Америк орныг нээж, Америкийн нийгмийг өөрийнхөөрөө таньж, соёлд нь нэвтэрч суралцдаг нь маш чухал юм.
Фулбрайт, Хамфри, SUSI, U-Grad гээд бүх төрлийн хөтөлбөрүүдийн алинд нь ч оролцсон гэсэн АНУ-д олж авсан туршлага та бүхний ертөнцийг үзэх үзэл, мэдлэгийг тэлж, англи хэлний чадварыг тань дээшлүүлж, мэргэжил нэгтэн, анд нөхдийн тань холбоо хэлхээг өргөжүүлсэн байх . Эдгээр бүх солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан бид нар хамтдаа Монгол Улсын ирээдүйд хөрөнгө оруулсан юм.
МАSА-ийн ерөнхийлөгч хатагтай Ундраа шиг цөмийн физикч, эсвэл бидний анд нөхөр Жаргалсайхан шиг сэтгүүлч, эсвэл хэд хоногийн өмнө миний уулзаж, танилцсан хуульч залуу шиг ийм янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байдаг ч гэсэн та бүхэн бүгдээрээ Монгол орны ирээдүйн манлайлагчид юм.
Америкт суралцах хугацаандаа олж авсан туршлага мэдлэг, АНУ болон Америкийн нийгэм, соёлын талаарх ойлголт тань та бүхнийг мэдээлэлтэй манлайлагч, Монгол Улс ихээхэн чухал хэсэг нь болж байдаг дэлхий нийтийн оюун санааны далайд сэлүүрдэх чадвартай болгоно.
Элчин сайдаар ажиллах хугацаандаа миний тавьж байгаа нэг зорилт бол Монгол Улсын ардчиллын шинэ үеийн удирдагчдыг бойжуулах асуудал байх болно. Өнөөдөр энд цугласан та бүхнийг харахад Монгол Улсын ирээдүй маш гэрэлтэй байх итгэлийг надад төрүүлж байна.
МАSА бол АНУ-ын ЭСЯ-ны сайн түнш, анд нөхөр байсаар ирсэн. Тиймээс намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд энэхүү хамтын ажиллагаа, түншлэлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо ажлаа өгч байгаа удирдах зөвлөлд нийгмээ мэдэрсэн, үүргээ ухамсарласан, ёс зүйн эрхэм чанаруудыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байсанд нь баяр хүргэмээр байна.
Анагаах ухаан, байгаль орчны хамгаалал, хүйсийн тэгш байдал гэх зэрэг маш олон чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Ерөнхийлөгч Ундраа бүх гишүүдээ манлайлан оролцож байсан.
Энэ удаагийн бага хурлын сэдвээр сайн дурын ажлыг сонгож авсанд би маш их баяртай байна. Миний уулзаж танилцсан, АНУ-д зочилсон хүн бүр буцаж ирэхдээ АНУ-ын нийгэмд сайн дурын ажил ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар тодорхой ойлголттой буцаж ирдэг. Жил бүр сая сая Америкчууд өөрсдийн цаг зав, авьяас чадвараа янз бүрийн үйл хэрэгт зориулж байдаг. Тэр бүх хүмүүсийг юу нэгтгэж байдаг вэ гэвэл нийгэмдээ буцаагаад өөрийн хувь нэмрийг оруулах, тусламж хэрэгтэй хүмүүст туслах эрмэлзэл байдаг.
Сайн дурын ажил яаж бусдад нөлөөлж чаддагийг тод томруун харуулахын тулд АНУ-д 3 өөр солилцооны хөтөлбөрт оролцсон МАSА-ийн удирдах зөвлөлийн 3 гишүүний туршлагыг ярья гэж бодож байна.U-Grad хөтөлбөрт оролцсон Амар АНУ-д байх хугацаанд нь хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжийнхаа талаар ярихдаа тухайн орон нутгийн ахмад хүмүүстэй хамтран цэцэрлэгт нь мод бут, ургамал тарих ажил хийсэн өдрийг онцлон хэлсэн байна. Фулбрайт хөтөлбөрийн оролцогч Нинж Зүүн өмнөд Азийн орнуудаас эдийн засгийн боломж хайж ирсэн, эсвэл хүчирхийлэл хавчлагаас зугатаж ирсэн дүрвэгсдэд Англи хэл заасан байна. Хамфри хөтөлбөрийн оролцогч Гандолгор аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн форум дээр сургалт явуулж, Төүстмастерийн арга хэмжээ зохион байгуулж, Гүүдвилл дэлгүүрийн агуулахыг цэвэрлэж, орон гэргүй хүмүүсийг хооллох зэрэг ажил хийсэн байна. Амар, Нинж, Гандолгор нарын хувь хүмүүсийн туршлага нь тус бүртээ сайн дурын ажил нийгмийг яаж баяжуулдгийг харуулж байна.
Энэхүү сайн дурын ажлын үзэл санаа Монголд нэвтрэн орж ирж байгаа, мөн тодорхой хэмжээгээр МАSА-ийн төгсөгчдийн хувь нэмрээр орж ирж байгаад би маш талархалтай байна. Монголд анх удаа мэргэжил сонгох чиглэлээр онлайн видео хичээлүүдийг боловсруулж тавьснаар залуу үед мэргэжлийн чиг баримжаагаа сонгоход нь туслах ажил хийсэн. Мөн амьдралын боломж муутай эмэгтэйчүүдэд санхүүгийн менежмент болон жижиг бизнес эрхлэх чиглэлээр сургалт явуулсан. Улаанбаатарт тэргэнцэртэй орж болох газруудын байрлалыг тогтоож, цахим газрын зураг олон нийтийн оролцоотойгоор хийж, Монголын нийгмийг илүү хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулсан байна.
Та бүхнийг, ялангуяа залуу төгсөгчдийг өөрчлөлт шинэчлэлтийг хийхээ үргэлжлүүлж, сурсан мэдсэн зүйлсээрээ буцааж нийгэмдээ туслах энэ үйл хэргээ үргэлжлүүлсээр байгаасай гэж хүсч байна. Хилийн чанадад сурсан зүйлсээ бусадтай хуваалцаж, мөн тэдгээр хүмүүсийг өөрсдийн хувь нэмрээ оруулахад нь уриалаасай гэж хүсч байна.
Та бүхний олж авсан дэлхийн хэмжээний ойлголт төсөөлөл бол Монголын нийгмийг цогцлоон бүтээх чухал шийдвэрүүдийг гаргахад үнэтэй хувь нэмэр болж чадна.
“Хөгжлийн элч” гэдэг нэр бол МАSА-ийн хувьд их тохирсон нэр гэж бодож байна.
Өнөөдөр та бүхэн сүүлийн 2 жилийн хугацаанд МАSА-ийн хийсэн бүтээсэн ололт амжилтуудыг тэмдэглэхээр хуран цугласан байна. Мөн ирэх он жилүүдэд МАSА-ийн өмнө тавигдах зорилтуудаа тодорхойлно.
Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Ирж буй он жилүүдэд та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Баярлалаа.