Элчин сайд Галтын Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын нэрэмжит сангийн тэтгэлэгт төслийн хаалтын ажиллагаан дээр хэлсэн үг

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Баярлалаа.  Өнөөдөр энд та бүхэнтэй байгаадаа баяртай байна.

Өнөөдөр бидний тэмдэглэж байгаа энэ амжилтыг бүтээсэн Соёлын өвийн төв болон Орчин үеийн уран зургийн галерейн хамт олонд тусгайлан талархал илэрхийлье.

АНУ-ын Элчин сайдын яам Монголын энэ 2 байгууллагатай хамтран ажиллах завшаан тохиосонд маш баяртай байна.

Даруухан гэж хэлж болох энэхүү дэмжлэгийг дэлхий даяар суугаа АНУ-ын элчин сайд нарын ихээхэн дуртай нэг сангаас гаргасан юм. Энэ бол АНУ-ын Төрийн Департаментын “Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын нэрэмжит сан” билээ.

Яагаад элчин сайд нар энэ санд их дуртай байдаг вэ гэхээр тухайн элчин сайд суугаа улс орныхоо ямар байгууллага, үйл хэргийг АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх нь зүйтэй гэдэг саналаа Вашингтонд илгээдэг.

Энэ тохиолдолд Монголын үндэсний урлагийн үнэт өв болох галд өртсөн уран зургуудыг сэргээн засварлах ажлыг санхүүжүүлэх саналыг тавьсан нь зөв сонголт байсан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байхаа.

Арван жилийн өмнө АНУ-ын Конгрессын дэмжлэгтэй байгуулагдсанаасаа хойш Элчин сайдын нэрэмжит энэхүү сан 120 гаруй орны 800 гаруй төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

АНУ-ын Элчин сайдын яамдаас ирүүлсэн бүх саналыг Вашингтонд маш нарийн хянаж үзээд санхүүжүүлэх төслийг сонгох үйл явц ихээхэн өрсөлдөөнтэй болдог.

Сүүлийн 7 жилд Монголын байгууллагууд, ТББ-ууд 14 удаа Элчин сайдын сангаас тэтгэлэг хүртэж, төслөө амжилттай хэрэгжүүлсэн.

Эдгээр тэтгэлэг нь эртний буган чулуун хөшөөнүүдийг хамгаалах, 1930-аад онд устгагдсан сүм хийдийн байршлыг тогтоон баримтжуулах, хоёр зуун жилийн өмнө цагийг үл элээх шүлэг найраглалаа тэрлэж, театрын жүжиг найруулан тавьж байсан Их говийн хутагт Данзанравжаагийн өв соёлыг хадгалан хамгаалахад чиглэсэн төслүүдийг дэмжихэд зарцуулагджээ.

Хамгийн сүүлд томоохон хэмжээний тэтгэлэг буюу 1.17 тэрбум төгрөг (586,000 ам.доллар)-өөр Монгол уран барилгын хосгүй өв болох Сэлэнгэ аймаг дахь Амарбаясгалант хийдийг хадгалж, хамгаалах төслийг санхүүжүүлсэн байна.

Монголд соёлын өвийг хадгалах, хамгаалахад Элчин сайдын нэрэмжит сангаас нийтдээ 2 тэрбум төгрөг буюу 1 сая ам.долларыг зарцуулжээ.

Монголын орчин үеийн уран зургийн галерей хэмээх энэ сайхан байгууллага монгол зураач, уран бүтээлчдийн хосгүй, өвөрмөц уран зураг, уран баримал, гар урлалын бүтээлүүдийг зуун дамжин толилуулсаар ирсэн.

2008 онд олон тооны үнэт бүтээлүүд нь галд өртөж, гэмтэхэд монголчуудын харамслыг бид мөн хуваалцаж байсан.

Тэдгээр гэмтсэн зургуудаас нилээд хэд нь бүрэн засварлагдаж, байх ёстой байрандаа буюу энэхүү сайхан галерейдаа буцан тавигдаж, бүх монголчуудын төдийгүй Монголыг зорин ирсэн зочид гийчдийн мэлмийг дахин баясгах болсныг харахад надад маш таатай байна.

Төслийн хүрээнд нийт 170 уран бүтээл Монголын ард түмэнд буцаж ирсэн байна.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад Соёлын өвийн төв голлох үүрэг гүйцэтгэжээ.

Уг төвийнхөн өргөн хэмжээний туршлага, мэргэжлийн ур чадвар болон мэргэшсэн сэргээн засварлагч нарынхаа хүчээр энэхүү ажлыг нугалсан бөгөөд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит сангаас санхүүжсэн өмнөх төслийн хүрээнд олж авсан туршлага ч мөн энд нэмэр болсон байх.

Өнөөдөр энэхүү гайхалтай үзэсгэлэнгийн нээлт болоод энэ уран зургуудыг дахин дэлгэн тавих боломжийг олгосон төслийн хаалтыг та бүхэнтэй тэмдэглэж байгаадаа би баяртай байна.

Энд ажиллах хугацаандаа Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах үйл хэрэгт үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэж байна.

Баярлалаа.