ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өглөөний мэнд.
Шинээр сонгогдсон дарга Жэй Лиотта, ажлаа өгч буй дарга Жэксон Кокс болон AmCham-ын гишүүд та бүхэнд өнөөдөр дахин хандаж үг хэлж байгаадаа баяртай байна.
Миний бие дэлхий даяар хэд хэдэн оронд АНУ-ын Элчин сайдын яам болон консулын газруудад томилогдон ажиллах хугацаанд АНУ-ын худалдааны танхимын тухайн орон дахь салбаруудтай хамтран ажилллах завшаан надад тохиож байлаа.
Харин Жэксон Коксоос илүү авьяслаг, эрч хүчтэй, ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан AmCham-ын удирдагчтай тааралдаж байгаагүй гэдгээ баттай хэлж чадах байна.
Энэ байгууллагыг төлөөлөн ярьж болно гэж ойлговол миний хувьд AmCham-ын “хүндэт” гишүүний статусаа хэтэрхий дөвийлгөсөн болж магадгүй.
Гэхдээ би AmCham-ын гишүүн болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар Жэксоны гайхалтай сайн ажилласныг хүлээн зөвшөөрөхийг хүсч байна.
Их баярлалаа, Жэксон.
Таны удирдлага, зохион байгуулалт, хүчин чармайлтын ачаар Монголын бизнесийн бүхий л салбарт маш нухацтай оролцогч болж чадсан AmCham-ыг та Монголд үлдээж байна.
Монгол дахь AmCham өөр газруудад байгаа өөрөөс нь хэд дахин том AmCham-ууд ч хийж барахааргүй хувь нэмрийг энэ орны бизнесийн хүрээнд оруулж байна.
Би хэдхэн жишээ дурьдая. Монгол дахь AmCham нь:
Өөрийн дээд байгууллага болох АНУ-ын Худалдааны танхимтай хамтран Монголын бизнес, улс төрийн удирдагчдыг АНУ-ын компаниуд, хөрөнгө оруулагчидтай байнгын холбоо тогтооход нь тусалж, аливаа бизнес өсөн бойжиж цэцэглэхэд нь зохих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Парламентаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа бизнесийн холбогдолтой хууль тогтоомжийн төслүүдийг гол төлөв өөрийн хүчээр орчуулан, эдгээр төслүүдийн талаар маш сайн боловсруулсан, дэлгэрэнгүй тайлбарыг гишүүддээ өгдөг.
Өөрийн хамтрагчид, түүний дотор АНУ-ын Засгийн газартай хамтран Монголын бизнесийн хүрээнийхнийг олон улсын зах зээлд давамгайлж байгаа шилдэг туршлагуудтай танилцуулах, арбитраж болон бизнесийн бусад чиглэлүүдээр дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийг Улаанбаатарт авчирч симуляц, семинар зохион байгуулах зэргээр ажиллаж байна.
Эцэст нь, Монголын засаг захиргааны байгууллагууд төдийгүй хууль хяналтын үйл ажиллагаанд заримдаа гайхширч будилсан АНУ-ын компаниуд, тэдний америк, монгол, бусад гуравдагч орны харьяалалтай удирдах албан тушаалтнууд, ажилтнуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.
Монгол дахь AmCham-ын ер бусын үр ашигтай ажиллагааны хамгийн тод баримт бол эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед AmCham улам цэцэглэсээр байгаа явдал юм.
Бизнесийн олон байгууллагууд энэ хүнд үед гишүүдээ хадгалж үлдэх нь нилээд хэцүү байдаг.
Харин Монгол дахь AmCham-ын хувьд тийм биш.
Монголд чөлөөт аж ахуй эрхлэлтийг дэмжих талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээр зорьж буй AmCham хэрхэн өсч өндийж, ямар ололт амжилт олж, ирэх онд юунд хүрэхээр зорьж байгааг сонсоход маш таатай байна.
Зах зээл хүндрэлтэй үед AmCham ингэж сайн ажиллаж чадаж байгаа юм чинь эдийн засгийн өсөлтийн мөчлөг дахин ирэх үед юу хийж чадахыг бүр таашгүй.
Монгол дахь AmCham-ын шинээр сонгогдож буй дарга Жэй Лиотта бид бүхний сайн танил. Олоо нэгэнт сонгуулийн дүн гарчихсан хойно би саналын эрхгүй гишүүний хувиар хэлж болох байх гэж бодож байна. Та бүхэн Жэксоныг залгамжлуулахаар Жэйг сонгосноороо маш сайн сонголт хийлээ.
Энэ ажлыг хийхийг зөвшөөрсөн Жэйд баярлалаа.
———-
Бизнестэй холбоотой нэн тэргүүнд тавих 3 зорилтынхоо талаар дэлгэрэнгүй ярих боломж өнгөрсөн сард надад тохиосон. Эдгээр нь:
АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх (удаан хүлээсний эцэст).
Бодит хэлцэлд ч, бэлэгдлийн утгаараа ч энэхүү хэлэлцээр бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад даацтай хувь нэмэр оруулна гэж бид итгэж байна.
Оюу Толгойн 2-р шатны төслийг дахин эхлүүлэх эрчмийг дэмжих.
АНУ-Монголын бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх.
АНУ-ын ЭСЯ-ны хамт олон бид эдгээр болон бусад зорилтуудаа ажил хэрэг болгохдоо AmCham-тай хамтран ажиллана гэж итгэж байна.
Ил тод байдлын хэлэлцээр дээр бид бараг л тохиролцоонд хүрчих гээд л байна. Гэхдээ л Монголын парламент соёрхон баталснаас хойш жил гаруй болоход бид бараг л хүрчих гээд байгаа юм шиг газраа хараахан хүрч чадаагүй л байсаар байна.
Эцсийн саад бэрхшээлийг арилган, энэхүү хэлэлцээрийг хоёр оронд хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэхийн төлөө AmCham-ыг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Мөн түүнчлэн Монгол Улс эдийн засгаа цаашид хөгжүүлж, солонгоруулахад AmCham чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Үр ашигтай зохицуулалт, хууль эрх зүйн орчин хувийн хөрөнгө оруулалтад яаж түлхэц өгч болдог талаарх олон нийтийн шударга, нээлттэй хэлэлцүүлгийг AmCham манлайлснаар бид эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах зорилгодоо хүрч чадах магадлалтай.
Ирэх жил манй ЭСЯ-ны баг хамт олон AmCham-тай ойр нягт хамтран ажиллана гэж итгэж байна.
Ирэх оны 4-р сард Бээжинд болох Ази, Номхон далайн орнууд дахь Америкийн худалдааны танхимуудын хуралд би оролцоно.
Би АНУ-ын Худалдааны болон Хөдөө аж ахуйн яамдтай голчлон Агробизнес, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд худалдааны төлөөлөгчдийн бүрэлдхүүнийг авчрах талаар ярилцаж байна. Мөн ирэх 9-р сард AmCham-тай хамтран “Америкийн өдрүүд” үзэсгэлэнг дахин амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Бидний зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар жил бүр гаргадаг дэлгэрэнгүй тайлангаа хийх болно.
Монголын зах зээлд орж ирэхээр сонирхож байгаа болон орж ирсэн хойноо эрх зүйн болоод хүнд суртлын саад тотгортой нүүр тулсан АНУ-ын компаниудыг дэмжихийн төлөө ажиллах болно.
Шинэ ондоо хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Оюу Толгойн төслийн 2-р шатыг дэмжин ажиллана гэсэн зорилтынхоо дагуу би та бүхнээс уучлалт хүсээд одоо гарах хэрэгтэй болох нь. Учир нь уг төслийн санхжүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд байлцахаар би одоо Шангри-Ла зочид буудал руу яарахгүй бол болохгүйг та бүхэн ойлгож уучилна гэдэгт итгэж байна.
Баярлалаа!