Оройн мэнд.
Өнөөдөр энэ хүлээн авалтыг надад зориулан хийж байгаа Магнай дарга болон AmCham-ын гишүүдэд их баярлалаа.
Намайг танилцуулах үг хэлж, энэ оройны арга хэмжээг зохион байгуулж байгаа Стивд баярлалаа.
Би AmCham-тай их эртний танилууд.
Ажил амьдралынхаа замналын туршид би энд тэндхийн AmCham-уудтай хамтран ажиллаж байлаа.
Улаанбаатарт ирэхээсээ өмнө би АНУ дахь танхимтай сайхан уулзалт хийсэн.
АНУ-ын худалдааны сонирхол болон үнэт зүйлсийг Монголд хөхиүлэн дэмжих зорилготой байгууллагыг үүсгэн байгуулах талаар та бүхний хийсэн ажлыг тэд маш өндрөөр үнэлж байсан.
Жэксон Кокс даргыг Монголоос буцахын өмнөх өдөр түүнтэй уулзахдаа эдгээр сонирхол, үнэт зүйлсийн талаар ярилцахад таатай байлаа.
Бидний ярианаас би олон зүйлийг мэдэж авсан төдийгүй дулаан цаг ууртай Бангкок руу явахаас нь өмнө Жэксоны тэр дундаршгүй эрч хүчээс нь өөртөө шингээж үлдэхийг хичээсэн билээ.
Жэксоны хийсэн дүгнэлтүүдийн ихэнхтэй, түүний дотор Монгол Улс болон AmCham хоёулаа шилжилтийн үед байна гэдэгтэй би санал нийлж байсан.
Монгол Улс чөлөөт зах зээлийн үр дагавартай учраа ололцсоор байгаа бол AmCham шинэ тутам байгууллагаас өсөж төлөвших шатандаа явж байна.
AmCham өсөж хөгжихийн хэрээр өөрчлөгдөж байна.
Монгол дахь AmCham 2015 оны хувьд өсөн нэмэгдэж буй хүчин чадалтайгаа дүйцэхүйц хариуцлага буюу гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг илүү сайн дэмжих үүрэг хүлээж байна.
Чөлөөт аж ахуй эрхлэлтийг Монголд дэмжин дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх AmCham-тай миний баг болон би өөрөө хамтран ажиллахад бэлэн байна.
Монголд АНУ-ын Элчин сайдаар ажиллах нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг юм.
Энэ бол ажиллахыг хүссэн газар минь юм.
Монгол Улс бол АНУ-ын хувьд стратегийн асар их үнэ цэнэтэй бөгөөд бидний харилцаа Ази, Номхон далайн бүс рүү явуулж байгаа АНУ-ын дахин тэнцвэржүүлэлтийн бодлогын чухал бүрэлдхүүн хэсэг юм. Ерөнхийлөгч Обамагийн энэ бүс нутагт хийж буй айлчлал энэхүү бодлогын тод илэрхийлэл болж байна. Тэрээр Филиппинд АПЕК-ын дээд хэмжээний уулзалтанд оролцоод одоо Малайзад айлчилж байна.
Улаанбаатарт ирээд 2 сар болох хугацаанд бодит байдал миний хүлээж байснаас хамаагүй илүү болохыг олж харлаа.
Монголын талаар өөдрөг бодол, эрч хүч байнга мэдрэгддэг бөгөөд өнөө оройны уур амьсгал ч мөн тийм урам зориг өгөхүйц санагдаж байна.
Манай ЭСЯ-ны хамт олон болон миний бие олон зорилго өмнөө тавьж байгаа.
Худалдаа, эдийн засгийн харилцаагаа урагшлуулахын тулд, нэн ялангуяа Монгол дахь АНУ-ын худалдааны эрх ашгийг хөхиүлэн дэмжихийн тулд бид юу хийж байгаа талаар өнөө орой би онцлон ярихыг хүсч байна.
Бид дараахь зорилтуудад нэн тэргүүнд анхаарлаа хандуулна. Үүнд:
- Юуны өмнө бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж бидний итгэж байгаа Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах.
- Оюу Толгойн 2-р шатны төслийг дахин эхлүүлэх эрчмийг дэмжих.
- АНУ-Монголын бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх.
Энэ бүхнийг хийхдээ AmCham болон Монголд АНУ-ын худалдаа, эдийн засгийн сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилготой бусад байгууллагуудтай хамтран ажиллана гэдэгт би ихээхэн найдвар тавьж байна.
AmCham бол АНУ-Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулахад бидний хамгийн ойр түнш юм.
Энэ утгаараа та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсч байгаа зарим асуудлуудыг би өнөө орой энд хэлэхийг хүсч байна.
Эхнийх нь, хоёр орны хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийн дагуу АНУ болон Монгол Улс нь худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны талаархи бодлого, хууль тогтоомж, дүрэм журмаа боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг ил тод байлгах үүрэг хүлээж байгаа юм.
Энэ санаачлага анх та бүхнээс, бизнес эрхлэгчдээс гарсан. Ил тод хууль, журам дутагдалтай байгаа нь Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэтэрхий эрсдэлтэй болгож байна гэж та нар хэлсэн.
Стивийн хэлсэнчлэн олон нийтийн саналыг авч, хуулийн төслийг дахин хянаж үзэх үйл явцыг баталгаажуулах нь хууль тогтоомжинд талуудын ашиг сонирхлыг тусгаж, тоглоомын дүрмийг ижил тогтооход ихээхэн ахиц дэвшил авчрах юм.
2014 онд соёрхон баталсан Ил тод байдлын хэлэлцээр нь Монгол Улс хууль тогтоомжоо нийцүүлэн өөрчлөх хүртэл хүчинтэй болж чадахгүй. Бид бараг л хүрчих гээд байгаа юм шиг газраа хараахан хүрч чадаагүй л байсаар байна.
Үйл явц үргэлжилсээр байгаа. Тэгэхээр Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхийн ач холбогдол, хойшлуулшгүй чухал асуудал болохыг Монголын засгийн газар болон бусад харилцдаг хүмүүстээ хэлж ярьж байхыг би AmCham-ын гишүүдээс хүсч байна.
Хоёдугаарт, 2011 оноос 2015 оны 1-р улирлын эцэс гэхэд Монголд оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт 85 хувиар буурсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Сүүлийн улирлын байдлаар бүр хасах руу орсон ч байж магадгүй.
Монголд хөрөнгө оруулах эсэх талаар эргэлзэж байгаа нь зөвхөн Америкийн хөрөнгө оруулагчид ч биш.
2014 оны 12-р сард Ерөнхий сайд Сайханбилэг түүний засгийн газар нь Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх замаар Монголын туйлдсан эдийн засгийг эрүүлжүүлэхэд бүх анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар босох мега төслүүд болох Оюу Толгой, Тавантолгойг дахин эхлүүлэх асуудлыг Ерөнхий сайд төлөвлөгөөнийхөө гол цөм болгосон.
Өнөөдрийн хувьд Оюу Толгой урагшаа хөдөлж байна.
Энэ оны 5-р сард Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто төслийн 2-р шат буюу Гүний уурхайн төслийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Хэдийгээр олборлолтоос олох томоохон ашиг орлого хэдэн жилдээ хараахан орж ирэхгүй ч Оюу Толгойн 2-р шат Монголд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг авчрах болно.
Энэ долоо хоногийн эхээр Тришиа болон өнөөдөр энд байгаа зарим ажилтныхаа хамтаар Оюу Толгойд очих завшаан надад тохиолоо.
Бид гүний уурхай руу орж, Монгол Улс, Рио Тинто 2 хамтдаа ямар зүйл бүтээснийг өөрийн нүдээр харсан.
Энэ бол гайхалтай төсөл. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, бүх талаараа. Гэхдээ миний бодлоор Оюу Толгойн талбайгаас гарах бодит баялаг бол тэнд ажиллаж байгаа хэдэн зуун мэргэжилтэй Монгол ажилчид байх юм.
Түншлэл ямар үр дүнд хүрдэг, Монгол дахь бусад хөрөнгө оруулалтын төслүүдэд яаж үлгэр жишээ болж болохыг тэд харуулж байна.
ХэдийгээрОюу Толгой ахицтай байгаа ч Монголын хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой бөгөөд тодорхой байдал дутмаг байгаа учир хөрөнгө оруулагчид эргэлзсэн хэвээр байна.
Ил тод байдал тийм ч сайнгүйн дээр хууль журмын хэрэгжилт нэг мөр байдаггүйг хөрөнгө оруулагчид хэлдэг.
Дээр нь нэмээд Монголын засгийн газар, эсвэл иргэдтэй бизнесийн холбогдолтой маргаанд орооцолдсон компаниудын удирдлагад байх гадаадын иргэдэд “гарах хориг” тавих сонирхол албаны хүмүүст байна.
2015 онд уул уурхайн компаний удирдах ажилтан 3 хүнийг (нэг нь АНУ-ын иргэн) яллаж хорьсон явдал хөрөнгө оруулагчдын санааг зовоосоор байна.
Монголын шүүх, прокурорынхон зайлшгүй процессын зарчмуудыг бүрэн гүйцэд мөрдөхгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ашиггүй, таагүй нөхцлөөр хуулийн маргааныг шийдвэрлэх вий хэмээн гадныхан санаа зовнидог.
Монголын Засгийн газрын зарим удирдах албан тушаалтнууд хөрөнгө оруулагчдын эдгээр сэтгэл зовнисон асуудлуудад хариулт өгнө хэмээн өнгөрсөн жил амласан. Тэгэхээр “гарах хориг”-ийн асуудлыг нэгмөсөн нэг тийш нь шийдвэрлэх талаар Монголын засгийн газарт хандахад ЭСЯ-тай нэгдэхийг бид AmCham-аас хүсмээр байна.
Миний гуравдах чухал зорилт бол олон талт эдийн засаг.
Монгол Улс эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэдэг дээр маргах зүйл байхгүй. Энэ зорилгод хүрэхэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.
Гэхдээ ямар нэгэн тодорхой зүйлд төвлөрөөгүй солонгоруулалт бол зөвхөн уул уурхай дээр төвлөрсөнтэй адилхан л эдийн засагт аюултай.
Эдийн засгаа солонгоруулах арга зам хайхын зэрэгцээ уул уурхайгаа мөн хөгжүүлэх нь Монголын хувьд сорилт болж байна.
Уул уурхай бол өөр бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтанд ашиглаж болохуйц ашиг орлого, мэргэжилтэй ажилчид, технологийн ноу-хауг бий болгож чадах үндсэн үйл ажиллагаа билээ.
Уул уурхай хөгжин төлөвшиж байх хооронд Монгол Улсын хувьд өрсөлдөх чадвартай бизнесийн ямар үйл ажиллагаа явуулж болох, ямар шинэ зах зээл байна, импортын ямар шинэ сувгууд байна гэх зэрэг асуудлуудыг бодож байх хэрэгтэй байх.
Гэхдээ хязгаарлагдмал нөөцтэй үед хэдийгээр уул уурхай итгэмээргүй ноогдол ашиг өгч болохоор байлаа ч хөрөнгө оруулалт бүр үр ашигтай байх боломжгүй.
Миний бодлоор засгийн газар бүгдэд нээлттэй тогтвортой бөгөөд урьдчилан таамаглаж болохуйц орчныг бүрдүүлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлж байх хоорондоо хувийн компаниуд болон хөрөнгө оруулагчдад өөрсдөө тодорхойлоод өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох нь Монголын амжилтын жор болно.
AmCham энэ үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Монгол Улсын иргэд чөлөөт зах зээлийн үр дагавар болон зах зээлийн эдийн засгийг хурдасган, тогтвортой байлгахад засгийн газрын гүйцэтгэх үүргийн талаар тийм ч итгэлтэй бус хэвээр байна.
AmCham-ын хувьд Монголд чөлөөт зах зээлд шилжих шилжилтийг аядуу зөөлөн боловч бүрэн гүйцэд болгоход хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийн
талаар шулуун шударга бөгөөд нээлттэй харилцан яриаг хөтлөн явуулбал ихээхэн үр дүнтэй байхсан.
Хувийн хөрөнгө оруулалтын хувьд ямар салбарууд аятайхан харагдах вэ гэдэг дээр миний бодлоор Монгол Улс хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарт өөрийн давуу талуудтай.
Мэдээж эдгээр салбарт одоогоор тогтвортой хөрөнгө оруулалт хийхэд биет дэд бүтэц, хууль эрх зүйн тогтолцоо дутагдалтай байгаа.
Зөвхөн засгийн газар л хэрэгцээт дэд бүтцийг санхүүжүүлж, хууль эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлж чадна.
Тэгэхээр бат бэх, тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг бий болгоход төр, хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийн талаар засгийн газартай харилцан яриаг өрнүүлэх нь AmCham-ын бас нэг боломж байж болох юм.
Монголын хөдөө аж ахуйн салбарыг АНУ-ын экспортлогчид, хөрөнгө оруулагчдад сурталчлах асуудлыг манай баг болон миний бие AmCham-тай хамтран ажиллах бас нэг салбар гэж үзэж байна.
Өрсөлдөх чадвар бүхий энэхүү салбарт АНУ-ын туршлага, экспорт, шууд хөрөнгө оруулалт орж ирэхийг дэмжихийн тулд АНУ-ын худалдааны төлөөлөгчдийг Монголд авчирч, мөн АНУ-д явагддаг үзэсгэлэн яармагт Монголын хөрөнгө оруулагчдыг оролцуулах талаар хэдэн жилийн төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.
Би болон манай баг Монголыг дэмжихийн төлөө байна, гэхдээ зүгээр л гэнэн сэтгэлээр биш гэдэг нь миний үгнээс тодорхой байгаа байх.
Бид бэрхшээлүүдийг мэдэж байгаа, бас нүдээ нээгээд харсан хүнд боломж байна гэдгийг ч харж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Мөрчант Бродерз хэмээх компани хамгаалалтын албаны хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг АНУ-ын 5.11 Tactical компанитай хамтран Улаанбаатарт дэлгүүрээ нээлээ.
Тэд бизнесийн болон төрийн байгууллагуудтай гэрээ хийж, зарим бүтээгдхүүнээ Монголд үйлдвэрлэж ч магадгүй. Түншүүд ямар ч байсан гэрийн даалгавраа хийчихсэн.
Тэд өөрсдөө ч ашигтай ажиллаж, эдийн засагт ч хувь нэмрээ оруулахын тулд Монголын богино хугацааны хүндрэл бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, түүнийг давах урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан байна.
Түргэн хоолны газар ч бай, эрчим хүчний хэмнэлттэй АНУ-ын тоног төхөөрөмж зардаг компани ч бай, АНУ-Монголын бизнесүүд урт хугацааны туршид түншилж чаддаг.
Монгол дахь AmCham болон АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс бизнесийн боломжит түншүүдэд бодит нөхцөл байдлын талаар өөр өөрсдийн өнцгөөс мэдээлийг өгч, жил бүр явагддаг “Америкийн өдрүүд” үзэсгэлэн зэрэг зар сурталчилгааны боломжуудыг олгож, хууль тогтоомж үйл ажиллагаанд нь нөлөөлөх асуудал гарвал нийтлэг өмгөөллийн туслалцаа үзүүлж, хамгийн гол нь, Монголд хөрөнгө орууллаа гэхэд тэдэнд өмөг түшиг болох хэн нэгэн энд байгаа гэдгийг итгүүлснээр эдгээр түншлэлийг дэмжихэд нэн чухал үүрэг гүйцэтгэж чадна
Манай эдийн засаг, худалдааны хэлтсийн баг энд байна. Жон МакДэниел, Майкл Ричмонд, Алтанцэцэг, Дарьсүрэн, Жаргалан. Манай баг одоо байгаа болон цаашид бий болох бизнесийн түншлэлийг дэмжин AMCham-тай хамтран ажиллахад бэлэн байна.
Өнөө орой би АНУ-Монголын худалдаа, бизнесийн харилцааг нэмэгдүүлэх асуудлаар нэн тэргүүнд тавих зорилтуудаа тодорхойлж, нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд AmCham-тай хамтран ажиллаж чадна гэж харж байгаа хэд хэдэн салбарыг энд дурьдлаа.
Намайг Монголд халуун дотноор угтан авч, энэхүү хүлээн авалтыг надад зориулан зохион байгуулсанд баярлалаа.
Та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Их баярлалаа.