Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Анима Арт сургуультай хамтран зохион байгуулсан арга хэмжээн дээр Элчин

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Оройн мэнд. Нээлтийн үг хэлж танилцуулсан Крист баярлалаа. Гайхалтай сайхан дуу, хөгжмөөр бэлэг барьсан уран бүтээлчиддээ баярлалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг 23 дахь удаагаа тэмдэглэж буй энэ өдөр энд хамт байгаа та бүхэнд баярлалаа.

Жил бүр АНУ дэлхий нийттэй нэгдэн хүн бүрийн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр төр, эрх чөлөө, сайн сайхан амьдрах эрхийг хүлээн зөвшөөрдгөө илэрхийлэхээр энэ өдрийг тэмдэглэдэг.

Өнгөрсөн зун АНУ Хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудын тухай хуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, хүртээмжийг баталгаажуулсан дэлхийд анхдагч иж бүрэн хууль болсон билээ.

Ардчилсан улс бол иргэн бүрийнхээ бүрэн оролцоог хангасан тэгш байдал, хүртээмжийг бий болгохоор эрмэлзэж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудын тухай хууль бол АНУ-д урт удаан хугацааны хүчин чармайлтын үр дүн байсан. Монгол Улс ардчиллын замыг сонгосныхоо дараа богино хугацаанд энэ асуудлыг шийдэх арга замыг хайж байгааг харахад сэтгэл өндөр байна.

Монголд суух элчин сайдаар томилогдохдоо би АНУ-Монгол Улс хамтдаа ХБИ-ийн эрхийг нэмэгдүүлэх талаар ажиллаж буйг олж мэдэхэд таатай байлаа.

2015 оны хувьд “Оролцоог хангах нь чухал: өөр өөр боломжтой хүмүүсийн хүртээмж ба чадваржуулалт” гэсэн сэдэвтэйгээр энэ өдрийг тэмдэглэж байна.

Иргэний идэвхийг дэмжиж, нийгмийн амьдралд оролцох хүн бүрийн эрхийг хангаснаар улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг Монгол Улс иргэддээ олгож чадна.

Энэ сэдвийн хүрээнд НҮБ гурван гол санааг дэвшүүлсэн нь ХБИ-ийн эрхийг хангахын төлөө та бүхний хийж байгаа ажлыг үндсэнд нь хөтөлж байгаа.

Нэгдүгээрт, “амьдарч байгаа хотоо хүн бүхэнд хүртээмжтэй болгох”.

Төрийн Департаментаас санхүүжүүлсэн Урлагийн Инкубатор төслийн дагуу Монголын “Бид чадна” ТББ ХБИ-ийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх болон нийтийн дэд бүтэц, тээврийн хүртээмжтэй байдлын талаарх хүмүүсийн мэдлэг, мэдээллийг сайжрууах зорилгоор фото зургийн төсөл хэрэгжүүлжээ.

150 зургийг онлайнаар түгээж, нийтэд үзүүлсэн байна.

Хоёдугаарт, “ХБИ-ийн талаарх мэдээлэл, статистик тоо баримтыг сайжруулах”.

Мэдээлэлтэй байж шийдвэр гаргана.

Америкт төгсөгчдийн Монголын холбоо (MASA)-ны хэсэг нөхөд Төрийн Департаментаас тэтгэлэг авч, хэрэглэгчдэд ээлтэй газрын зураг бүтээж, Улаанбаатар хотод тэргэнцэртэй нэвтэрч болох барилгуудын талаар мэдээллийг тэргэнцэртэй хүмүүст хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл энэ сард нээлтээ хийж, цаашид олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт семинар зохион байгуулна.

Гуравдугаарт, “нүдэнд харагдахгүй бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хөгжлийн асуудалд оролцуулах”.

АНУ-ын ЭСЯ өнгөрсөн зун Тусгай олимп 2015 зуны тоглолтонд Монголын 14 тамирчинтай бүрэлдхүүн оролцоход хамтран ивээн тэтгэсэн.

Тэдний нэг Даваажаргал хөнгөн атлетикаар мөнгөн медаль хүртсэн.

ХБИ-ийн эрхийг хамгаалах чиглэлээр өөр олон санал санаачилгууд байна.

Өнөөдөр бидэнд Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн уран бүтээлчид сайхан дуу, хөгжмөөр ая барилаа.

Тэдний тоглосон хөгжмийн ноотыг брайлаар бичдэг машиныг өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа доктор Энн Алтман хандивлажээ.

ЭСЯ-наас тэр машины программыг хандивласан нь тэдэнд хөгжмөө давтах боломжийг нь улам нэмэгдүүлж байгаа гэж итгэж байна.

Өнөө орой энд дэлгэн тавьсан гайхалтай уран зургууд бол Анима Арт сургуулийн оюутнуудын бүтээлүүд бөгөөд бид ирэх 3 долоо хоногт ЭСЯ-ны Facebook, Twitter хуудсуудаар энэ бүтээлүүдийг сурталчлах болно.

Анима Арт сургууль нь оюутнууддаа, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад урлагийн чанартай боловсрол олгодог сургууль юм.

Өнөөдөр бид ХБИ-ийн эрхийг хамгаалах асуудлаар Монголчуудын олсон зарим ололт амжилтыг тэмдэглэхээр энд цугласан юм.

Төслүүд олон янз, үр нөлөө нь нааштай байгаа нь надад урам өгч байна.

Мөн энэ чиглэлээр дахиад хийх юм зөндөө байгааг бид бүгд хүлээн зөвшөөрч байна.

Хийж бүтээх итгэл найдвар байгаа учир би өөдрөг байна.

Өнөө орой та бүхэн үйл хэрэг нэгт нөхдүүдтэйгээ уулзаж, туршлага, санал бодлоо солилцоосой гэж би хүсч байна.

Өнөөдөр энд хэлсэн үг, хийсэн танилцуулга, урлагийн бүтээлүүд бидний хамтын зорилго болох хүн бүрийн оролцоог хангасан Монголын нийгэм, улмаар тийм дэлхий ертөнцийг цогцлоох гэсэн эрэл хайгуулдаа улам идэвхтэй үйл ажиллагаа явуулахад та бүхнийг зоригжуулна гэдэгт би итгэж байна.

Их баярлалаа.