ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өглөөний мэнд. АНУ-ын нэг хүндтэй брэнд болох Бургер Кингийг Монголд нээж байгаа энэ ёслолын ажиллагаанд урьсан Макс Группын Ерөнхий захирал Цэрэгжигмэд танд баярлалаа.
Америкийн брэндүүд шинэ зах зээл рүү орж, чанарын өндөр стандарт, дээд зэргийн бүтээгдхүүнүүд авчирч байгааг харахад сайхан байдаг.
Элчин сайдаар суух хугацаандаа дахиад олон олон АНУ-ын компани, брэндүүдийг Монголд угтан авах боломж гарах байх хэмээн би найдаж байна.
Америкийн Бургер Кинг, Монголын Макс Групп хоёрын түншлэл амжилт олно гэдэгт би итгэж байна. Гэхдээ зөвхөн аль аль талдаа ашигтай байх гэдэг утгаараа биш.
Яагаад энэ түншлэл цэцэглэх магадлалтай вэ гэдэг талаар хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, хоёр компани хоёулаа бизнесийн арвин түүхтэй.
Ерөнхий захирал Цэрэнжигмэдийн дөнгөж сая хэлсэнчлэн, мөн Ерөнхийлөгч Обамагийн үргэлж хэлдэгчлэн аж ахуй эрхлэлт бол юуны өмнө шинэ ажлын байр бий болгодог. “Шинэ бизнес, иргэдэд үйлчилгээг хүргэх шинэ арга зам төдийгүй хорвоо ертөнцийг шинээр харах үүд хаалгыг нээдэг бөгөөд хөгжил цэцэглэлтийн оч нь юм.”
Бургер Кинг 1954 онд ганц ресторантай эхэлж байсан бол өдгөө 100 гаруй оронд 14,000 салбартай, 242,000 ажиллагсадтай болж өргөжжээ.
Макс Группыг 1992 онд ах дүү 2 үүсгэн байгуулж байсан бол одоо 2,000 гаруй ажиллагсадтай болжээ.
Ийм хоёр том аж ахуйн нэгж нийлээд шинэ бизнес эхэлж байхад амжилт олно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Хоёрдугаарт, энэхүү түншлэл яагаад ололт амжилтанд хүрэх нь тодорхой вэ гэхээр компанийн нийгмийн хариуцлагын асуудал юм.
Бургер Кинг нь хүмүүстээ хөрөнгө оруулж, байгаль орчныг хамгаалж, нийгмийн халамжид хувь нэмрээ оруулдаг.
Макс Групп ч Монгол Улсын шилдэг татвар төлөгчийн хувиар, мөн залуу тамирчдыг ивээн тэтгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдгээрээ компанийн нийгмийн хариуцлагын тод жишээ болдог.
Гэхдээ аливаа бизнесийн байгууллагын хувьд ашиг орлого мэдээж чухал.
Монгол Улсад өнөөдрийн бидний харж байгаа шиг гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн хэрэгтэй байгаа, авчрахыг хүсч байгаа нь ч нууц биш.
Дэлхийн хөрөнгө оруулагчид Монголд амжилт олж болдог юм байна гэдгийг харах хэрэгтэй.
Бургер Кинг, Макс Групп хоёрын өнөөдрийн түншлэлээс Монгол бол үнэхээр бизнест нээлттэй орон юм гэдгийг харуулж байна.
Их баярлалаа.