ЭЛЧИН САЙД ГАЛТ: Халуун дотноор угтаж авч, танилцуулсанд баярлалаа.
Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахын төлөө маш шаргуу ажилласан Гантуяад баярлалаа.
Мөн дэлхийн хэмжээний энэ асуудал дээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа БОНХАЖЯ болон ТББ-уудын анд нөхөддөө талархал илэрхийлье.
Энэхүү үзэсгэлэн Улаанбаатарын агаарын бохирдол цаг уур төдийгүй бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж байна.
Энэ долоо хоногийн эхээр Парис хотноо дэлхийн 196 улс үндэстэн хуран цуглаж, цаг уурын өөрчлөлттэй хамтдаа тэмцэхээр санал нэгдлээ.
Өнөөдөр Ганаа болон урлагийг дэмжих холбоо, мөн мэдээж эдгээр гайхалтай бүтээлүүдийг туурвисан уран бүтээлчдийн хамтын хүчин чармайлтын үр дүнд нээгдэж буй энэхүү үзэсгэлэн энд Монголд бас дээрхийн ижил хамтын ажиллагааны үзэл санаа байгааг харуулж байна.
Тулгамдаад байгаа агаарын бохирдлын асуудлыг бид бүхний анхаарлын төвд авчирч байгаа энэ үзэсгэлэнг АНУ-ын ЭСЯ ивээн тэтгэж байгаад би бахархалтай байна.
Агаарын бохирдол нь газар зүйн хил хязгааргүй асуудал. Урлаг, уран сайхны илэрхийлэл ч мөн хил хязгааргүй.
“Диваажингаас төөрсөн хүүхдүүд” хэмээх энэхүү үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож байгаа авьяаслаг уран бүтээлчид агаарын бохирдлын асуудлыг яаж үггүйгээр, хүн бүрт ойлгомжтой байдлаар илэрхийлснийг харахад гайхалтай.
Дэлхий хэмээх гарагийн оршин суугч бид бүхэн, хүн бүр агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хүчин зүтгэх ёстой гэдэг нь өдрөөс өдөрт улам тодорхой болж байна.
АНУ-ын Элчин сайдын яам “Агаарын чанарыг хянах хөтөлбөр”-өө саяхан нээснийг та бүхэн сонссон байж магадгүй.
Бид одоо ЭСЯ орчмын агаарын чанарын мэдээг өдөр бүр 24 цагаар олон нийтэд мэдээлэх боломжтой болсон.
Манай мэдээлэл Улаанбаатар хотын өөр өөр цэгүүдээс иргэдэд зориулан гаргаж байгаа мэдээллийн нэг нь болох байх хэмээн итгэж буйгаа би дөнгөж сая яамны нөхдүүддээ хэлж байлаа.
Агаарын чанарыг хянах технологи бол шинжлэх ухааны зүгээс оруулж буй хувь нэмэр бөгөөд энд бүтээлээ толилуулж байгаа уран бүтээлчидтэй нийлэн нэгдмэл хүч болж байгаа юм.
Эрдэмтэд аливаа асуудлыг анализ дүгнэлт хийх замаар тодорхойлдог бол уран бүтээлчид түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг юм.
Аль аль нь олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд нэмэр болж байдаг гэж би итгэдэг.