Урьдчилан бэлдсэн байдлаар
ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өдрийн мэнд. Өнөөдөр намайг энд урьсан явдалд баярлалаа.
Өдрийн хоолны чинь өмнө үг хэлж байгаа болохоор товчхон ярих болно.
Юуны өмнө, сайн дурын бүх ажилтнууддаа Энхтайвны корпусыг сонгож, Монголд ажиллахаар ирсэнд нь баяр хүргэе.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд Энхтайвны корпусын оруулж байгаа эерэг хувь нэмрээр бахархаж байна.
Мөн Энхтайвны корпус нь АНУ-Монголын түншлэлийн нэг хэлбэр хэмээн бахархдаг.
Та бүхний Монгол хамтрагч нар өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэн Энхтайвны корпуст ямар их ач холбогдол өгч байдгийн нотолгоо болж байна.
Та бүхэн Монгол дахь Энхтайвны корпусын уламжлал, түүхийг үргэлжлүүлэн, маш чухал цаг үед энд байна.
2016 онд бид Монголд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд анх ирсний 25 жилийн ойг тэмдэглэнэ.
Товчхон хэлэхэд, та бүхэн түүх бичилцэж байна.
Би Монголд ирээд хэдхэн сар болж байгаа боловч Монгол Улсад Энхтайвны корпусын үзүүлж байгаа эерэг үр нөлөө надад маш тодорхой харагдаж байна.
Саяхан надтай уулзсан нэг ТББ-ын тэргүүн, англиар их сайн ярьдаг залуу надад хэлэхдээ англи хэлийг анх Энхтайвны корпусын сайн дурын ажилтнаар заалгасан гэж байлаа.
Багшийгаа маш сайхнаар дурсч, нэрийг нь төдийгүй, АНУ-д хаана амьдардгийг нь хүртэл санаж байв.
Өчигдөрхөн Монгол Улсын Гадаад хэргийн сад надад хэлэхдээ өөрийнх нь төрөлх суманд Энхтайвны корпусын сайн дурынажилтан ажилладагт баяртай байна гэсэн.
Та бүхэн тухайн газар орондоо, Монгол орны өргөн уудам нутагт, аймаг бүрт АНУ-ыг төлөөлөхөд надад тусалж байгаа миний элч төлөөлөгчид юм.
Та бүхний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүхэн АНУ-ыг төлөөлнө. Өмсч байгаа хувцас, идэж байгаа хоол, гэр орныхоо тухай ярих түүх чинь хүртэл.
Энэ бүх зүйл монгол хамтрагч нарт тань АНУ-ыг ойлгоход тусалж, манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүл болно.
2016 он бол ойн жилээс гадна Монгол Улс, АНУ-ын аль алиных нь хувьд сонгуулийн жил байх болно.
Энэ нь ардчиллын үйл явц, саналаа өгөх иргэний хариуцлагын тухай монгол нөхөдтэйгөө ярилцах сайхан боломжийг олгож байна.
Монгол орноор аялах явцдаа та бүхний олонхтой уулзаж, ярилцах завшаан тохионо гэж итгэж байна.
Үгээ дуусгахаас өмнө Монгол дахь Энхтайвны корпусын шинэ захирал Жийн Смитийн тухай цөөн үг хэлье.
Жийн өөрөө Энхтайвны корпуст сайд дурын ажилтан байсан хүн. Тэрээр Монголд ажиллахаар ирэхдээ хөтөлбөрийг улам бэхжүүлж, сайн дурын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах зорилт тавьж байгаа юм.
Үнэндээ, сайн дурын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал бол Энхтайвны корпусын нэн тэргүүний зорилт юм.
Энд ирснийхээ дараахан би Улаанбаатар дахь Энхтайвны корпусын оффисоор зочилсон юм.
Чадварлаг баг хамт олон, ялангуяа эрүүл мэнд, аюулгүй байдлын бүтэц нь маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн.
Элчин сайдын яаманд ч бас эрүүл мэнд, аюулгүй байдал,хамгаалалтын багууд байдаг бөгөөд тэд Энхтайвны корпустай байнгын харилцаатай байж, мэдээлэл солилцон, хэрэгтэй үед тусламж үзүүлж байдагт би сэтгэл хангалуун байна.
Мэдээж хэрэг Монголд ажиллахад тийм ч амархан газар биш нь ойлгомжтой.
Өвөлдөө “жаахан” хүйтэрдэг гэдгийг та нар сонссон болов уу.
Та бүхэн амаргүй үүрэг өөртөө авчээ. Ажиллаж байгаа нутаг орондоо буцаж очихдоо энэ өвлийг төдийгүй цаашдаа бэрхшээлийг даван туулах хувь хүний чадвараа яаж хөгжүүлж, хадгалах вэ гэдэг талаар бодоорой гэж зөвлөмөөр байна.
30 гаруй жил гадаад улс оронд ажиллаж, амьдарч байхдаа сурсан зарим нэг зүйлээс та нартай хуваалцахыг хүсч байна.
Холбоотой бай. Хамт ирсэн сайн дурын ажилтнуудтайгаа, Монгол найз нөхөд, орон нутгийнхантайгаа, бас ард үлдсэн гэр бүл, найз нөхөдтэйгөө.
Орчин үед технологийн ачаар үүнийг хийхэд амархан болсон. Тийм болохоор бусадтай холбоотой байгаарай.
Хүсэл сонирхолтой бай. Чамд эрч хүч өгдөг, чамайг цэнэглэдэг зүйлтэй бай. Youtube-ээр инээдтэй бичлэг үздэг ч юмуу, хоол хийх, дасгал хийх, юу ч байж болно. Гагцхүү өдөр бүр түүндээ цаг гарга.
Өөрийгөө таньж мэд. Юу хийж чадах, юуг чадахгүй талаараа өөртөө болон бусдад шударгаар хэл. Бүх зүйлийг хийж чаддаг хүн байдаггүй. Тийм болохоор тусламж дэмжлэг хэрэгтэй үед бусдад ханд.
Эцэст нь, инээж хөгжилд. Найз нөхөд, гэр бүлтэйгээ хөгжилдөж, хийж байгаа бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэр.
За одоо сайхан хооллоорой. Хоолны үеэр та бүхэнтэй ярилцах боломж гарах байх гэж итгэж байна.
Баярлалаа.