ЭЛЧИН САЙД ГАЛТ: Их баярлалаа. Өнөөдөр намайг энд урьсанд баярлалаа. Миний хувьд Монголд ирснээсээ хойш анхны их сургуульдаа зочилж байна, тэгээд бас их зөв сонголт хийжээ гэж би түрүүн танай Ерөнхийлөгч болон захирал нартай ярьж байлаа. Маш сонирхолтой танилцуулга хийсэн Startup Mongolia-д баярлалаа.
Монголд ирээд удаагүй байгаа хэдий ч энд нэг л урам зориг өгөхүйц эрч хүч байна гэдгийг би баттай хэлж чадахаар байна. Тэр эрч хүч бол өнөөдөр энэ танхимд цугласан та бүхэн шиг авьяас чадвартай залуусаас ундран гарч байна гэж би бодож байна.
Хоёр долоо хоногийн өмнө Өмнөговьд, Оюу Толгойд очиж үзэх завшаан надад тохиолоо. Говийн хөрсөн дороос олон баялаг гарч байнаа. Гэхдээ тэнд байгаа хамгийн бодитой баялаг бол тэр уурхайд ажиллаж байгаа хэдэн зуун Монгол залуус гэж би бодож байна. Инженер, жолооч, аюулгүй ажиллагааны техникч гээд олон залуустай би уулзаж ярилцсан. Тэдний англи хэл, мэдлэг чадвар, ертөнцийг үзэх үзэл гээд олон зүйл намайг бишрүүлж, өндөр сэтгэгдэл үлдээсэн. Өнөөдөр ч бас адилхан. Тэдний олонх нь энэ сургуулийн төгсөгч гэдэгт би итгэлтэй байна. Та бүхнээс олон олон шинэ зүйл өнөөдөр сонсоно гэж итгэж байна.
Илүү нарийн асуудлууд руу орохоос өмнө би энтерпренёршип буюу хувиараа бизнес эрхлэх тухай хэдхэн зүйл хэлье. АНУ-д хувиараа бизнес эрхлэхийг ихээхэн өндөр үнэлдэг тухай та нар бүгд мэдэх байх. Өөрөө бие даан ямар нэгэн зүйл эхэлж, өөрийгөө өөд нь татаж, хувь заяагаа өөрөө цогцлоох чадвар гэж үүнийг хардаг. Эдгээр нь АНУ, Монгол Улс хоёр шиг ардчилсан улсуудын хувьд адилхан үнэт зүйлс нь болж байдаг.
Үнэндээ АНУ-д бид Дэлхийн энтерпренёршип долоо хоногийг зөвхөн тэмдэглээд зогсохгүй Ерөнхийлөгч Обама 11-р сарыг бүхэлд нь Үндэсний энтерпренёршип сар болгон зарласан билээ. Тийм болохоор АНУ-д хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, энтерпренёршипийг хөхиүлэн дэмжихэд ихээхэн цаг хугацаа, нөөц бололцоог зориулж байна.
Ерөнхийлөгч Обама олон удаа хэлсэн, бас дөнгөж сая энд хийгдсэн танилцуулгаас харсанчлан “Энтерпренёршип нь шинэ ажлын байр, шинэ бизнесүүдийг бий болгодог. Шинэ бизнес иргэдэд үйлчилгээг хүргэх шинэ арга зам төдийгүй хорвоо ертөнцийг шинээр харах үүд хаалгыг нээдэг бөгөөд хөгжил цэцэглэлтийн оч нь юм”. Энэ нь Монголын хувьд ч асар их итгэл найдвар, боломжийг бий болгоно гэж би бодож байна.
Хөрөнгийн зах зээлд нэвтрэх, тохирох сургалт авах зэрэг боломжууд заримдаа тийм ч хялбар олдохгүй байж болно. Тийм болохоор хувиараа бизнес эрхлэгчдийн өмнөөс нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад оролцох нь АНУ-ын Засгийн газрын хувьд нэн чухал гэж үздэг зүйл юм.
Энтерпренёршипийг дэмжих талаар бид юу хийсэн, хийх гэж оролдож байгаа талаар хоёр зүйл хэлье. Эхлээд бид шинэ залуу бизнес эрхлэгчдийг дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай холбож өгөхийг засгийн газар, компани, байгууллагуудад уриалсан.
Дараа нь бид бизнесийн удирдагчдыг дэлхий даяарх инновацийн байгууллагууд, хүмүүстэй холбож өгөх талаар зохион байгуулалттай хүчин чармайлт гаргаж байна. Сая хийгдсэн танилцуулганд орсон зарим жишээнүүд тэдгээр хэлхээ холбоо амжилттай болсны тод томруун жишээ нь гэж би бодож байна.
Гуравдугаарт, бид дэмжлэгийнхээ ихэнх хувийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт чиглүүлж байна. Ер нь улс орон бүрт эмэгтэйчүүд бизнест амжилт олохоороо ашиг орлогынхоо харьцангуй дийлэнх хувийг гэр бүл, орон нутагтаа хөрөнгө оруулалт болгож үлдээдэг. Тийм болохоор өнөөдөр энэ танхимд олон залуу эмэгтэйчүүдийг харж байгаадаа би их баяртай байна.
Startup Mongolia-гийн тухай, мөн Монгол дахь энтерпренёршипийн эхлэлийн талаар олон зүйл мэдэж авсандаа их баяртай байна. Үүгээр би яриагаа өндөрлөөд өнөөдөр та бүхний хэлэлцэх бодлого, зорилт, төлөвлөгөөг сонсохыг хүсч байна.
Их баярлалаа.