Элчин сайд Женифер Зимдал Галт Агаарын чанарын мониторингийн станцыг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үг

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өдрийн мэнд.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

АНУ-ын Элчин сайдын яаманд тавтай морилно уу.

Манай агаарын чанарын мониторингийн шинэ станцыг танилцуулах энэхүү ажиллагааг нээхэд миний хувьд тааламжтай байна.

Элчин сайдын яаманд ирээд та бүхэн нарны эрчим хүчээр халдаг америк гэрт маань эхлээд зочилж байгаа нь ихээхэн утга учиртай юм. Энэхүү байгууламж нь агаарын чанар болон байгал орчны хамгааллын асуудалд АНУ-ын Засгийн газар урт хугацааны туршид тууштай хандаж ирсний илэрхийлэл болж байгаа юм.

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам бид бүхэнд адилхан нөлөөлж байгаа агаарын чанарын асуудлыг шийдвэрлэхэд тус болохуйц шинжлэх ухааны мэдээллийг хүргэхээр санаа зорилго нэгт нөхөдтэйгөө хамтран ажиллах болсонд би бахархалтай байна.

Агаарын чанарыг хянах төхөөрөмжийн маань цаг тутам цуглуулж, гаргаж байгаа мэдээлэл нь эрүүл мэндэд агаарын бохирдлын учруулах эрсдлийг багасгахын тулд мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргах боломжийг олон нийтэд олгох, мөн бидний эрүүл мэнд, байгал орчинд түүний үзүүлэх сөрөг нөлөөг арилгах ажлыг цааш нь эрчимжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах талаар бидний хийж буй хамтын тэмцэлд нэмэр болох байх гэж би найдаж байна.

Мэдээлэл бол шийдвэр гаргалтыг чиглүүлдэг.

Элчин сайдын яаман дээрээ бид агаарын чанарын хэмжилтийг ажиглан, агаарын бохирдол эрүүл мэндэд халтай түвшинд байх үед ажилтнууддаа гадаа ажиллахыг аль болохоор хязгаарлах, хамгаалалтын амны хаалт зүүх зөвлөмжийг өгдөг.

Мэдээллээ бид цаг тутамд нийтэд мэдээлж байгаа болохоор иргэд, олон нийт ч мөн өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө иймэрхүү шийдвэрийг гаргах боломжтой юм.

Агаарын чанарын мэдээний архивт нэвтрэх боломжтой байгаа нь агаарын чанар ба нийгмийн эрүүл мэндийн хоорондын холбоог судлахад нь эрдэмтдийг мэдээллээр хангаж, шинжлэх ухааныг урагшлуулж байдаг юм.

Өнөөдөр та бүхэнд танилцуулах манай Элчин сайдын яамны агаарын чанарыг хянах төхөөрөмж нь Улаанбаатар хот даяар агаарын чанарын мониторинг хийж байгаа станцуудын томоохон сүлжээнд чухал мэдээлэл нэмэрлэж байгаа.

Хүний эрүүл мэндэд нэн хортой нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5-ыг хэмжих төхөөрөмж өнөөг хүртэл Элчин сайдын яамны ойролцоо байхгүй байлаа.

Аж үйлдвэрийн бүс болон гэр хорооллоор хүрээлэгдсэн хонхор газар байрладаг манай Элчин сайдын яамны ойр орчмын агаарын чанар ихээхэн муу байдаг. Тийм болохоор агаарын бохирдлын хэмжээ нилээд өндөр гарч байгаа.

Агаарын бохирдол бол хил хязгааргүй асуудал учраас манай гаргаж буй мэдээлэл агаарын чанарын асуудалд төр засаг болон олон нийтийн зүгээс хандуулах анхаарлыг дээшлүүлж, бүтээлч шийдлийг олохоор харилцан ярилцаж, хамтын ажиллахад нь хүч нэмэх байх хэмээн итгэж байна.

Өнөөдөр энэ төхөөрөмжтэй танилцах анхны зочдын хувиар та бүхэн нягт нямбай үзэж сонирхон, манай хөтөлбөрийн талаар асуулт тавьж хариулт авах боломжтой. Сонирхсон асуултаа тавиарай гэж би зөвлөмөөр байна. Манай ажилтнууд хариулах болно.

Өнөөдөр эндээс олж авсан мэдээллээ мэргэжил нэгтэн, найз нөхөд, гэр бүл, уншигчидтайгаа хуваалцаарай.

Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлснээр л бид хамтдаа Улаанбаатар хотыг нөмрөөд байгаа агаарын бохирдлын асуудалд шийдэл олж чадна. Бид хамтдаа цэлмэг тэнгэрийг энэ хотод буцаан авчрахад тусалж чадна.

Баярлалаа.