Элчин сайд Женнифер Зимдал Галтын Таван толгой дахь сургалтын төв дээр хэлсэн үг

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Эрхэм сайд Цолмон, Хошууч генерал Даваа, Таван толгой дахь сургалтын төвийн офицер, цэрэг дайчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөөний мэндийг хүргэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Таван толгой дахь энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв дээр та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна.

Би энд хоёр дахь удаагаа ирж байна, эргэн ирэхэд таатай байна.

Өнөөдөр АНУ-Монголын батлан хамгаалахын харилцаанд нэгэн чухал үйл явдлыг тэмдэглэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг болж байна.

Өнөөдөр бид Монгол Улс бие даасан энхийг дэмжих хүчинтэй болоод зогсохгүй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн тэргүүлэгч болсон томоохон амжилтуудыг тэмдэглэж байна.

Монголын энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар өндөр гэдэг нь нууц биш. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон НАТО-гийн эвслийн ажиллагаануудад Монголын энхийг сахиулагчдыг оролцуулах гэсэн эрэлт ихээхэн өндөр байдаг.

Энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр Монгол Улсын олсон ололт амжилтанд гүйцэтгэсэн үүргээрээ АНУ маш их бахархдаг билээ.

15 гаруй жилийн турш манай хоёр улсын батлан хамгаалах салбарууд тусламж, солилцоо, сургалт, сургуулилтыг хослуулан Монголын энхийг дэмжих чадавхийг хөгжүүлэхээр  ойр нягт хамтран ажиллаж ирсэн.

Монголын энхийг сахиулагчид хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгтээ алдар нэрийг олсон, мэргэшсэн хүчин болсон.

Өнөөдөр бид Таван толгойд АНУ-ын 11.5 сая ам.долларын санхүүжилтээр хийгдсэн бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Олон зориулалтын сургалтын байранд орж ирээд байна.

Энэ сайхан барилга болон АНУ-Монгол Улсын хамтран барьж байгуулсан бусад байгууламжууд нь Монголын энхийг сахиулагчдын дараагийн үеийг төдийгүй Олон улсын энхийн ажиллагаа (GPOI), Хаан Куэст Энхийг дэмжих олон талт сургуулилтаар дамжуулан олон улсын цэргийн албан хаагчдыг сургах, бэлтгэх зориулалтаар ашиглагдах юм.

АНУ Монгол Улсыг энх тайван, аюулгүй байдал, ардчиллын тууштай бөгөөд найдвартай түншээ гэж хардаг.

Монголын энхийг сахиулагчдын чадавхийг улам нэмэгдүүлэхээр цаашид ч хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна.

Маш их баярлалаа.