ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өглөөний мэнд.
Хурандаа Ганзориг, Жон Уэнт болон Монгол Улсын өнцөг булан бүрээс, өөр өөр байгууллагуудаас ирсэн нөхөдтэйгөө энэхүү чухал сургалтын нээлт дээр хамт байж, ийм сургалт ямар өөрчлөлтийг авчирч болох тухай товчхон ярилцахад таатай байна.
Хүмүүст инстинкт байдаггүй гэж эрдэмтэд хэлдэг. Би эрдэмтэн биш болохоор үүнтэй санал нийлмээргүй байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлтэй хүн төрөлхтний хувьд гамшиг осол болсон үед нэг нэгэндээ туслах хүсэл эрмэлзэл бид бүхэнд, энэ зааланд байгаа бүх хүмүүст төрдөг гэж би итгэдэг.
Аврах ажиллагаа явуулдгийн хувьд та бүхэн ийм сэтгэлийг ойлгож, бас хуваалцдаг хүмүүс. Гэхдээ хамтын хүчин чармайлтаа яг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүргэхийн тулд аврах ажиллагааны үеэр нэгдмэл байж, зохион байгуулалттай, өндөр үр дүнтэй ажиллах хэрэгтэйг та бүхэн бас ойлгож байгаа.
Ийм ч учраас Хурандаа Ганзоригийн танилцуулснаар энэ долоо хоногт та бүхэн Ослын үеийн удирдлагын систем (ICS)-ийн сургалтанд оролцох гэж байна. ICS бол гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон зохицуулалтад нэгдмэл байдлаар хандах хандлага бөгөөд хүний амь насыг аврах практикт батлагдсан зүйл юм.
АНУ-ын Засгийн газрын голлох 2 бүрэлдхүүн хэсэг болох АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гадаад улс орнуудад гамшгийн тусламж үзүүлэх газар болон АНУ-ын Ойн алба хамтран 15 орны онцлог нөхцөл байдалд нь тохирсон ICS-ийг хэрэгжүүлэн, хямралын үед үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх чадавхийг нь бэхжүүлэхэд тусалсан байна.
ICS бол мөн чанартаа удирдлагын систем юм. ICS-ийн үндсэн зарчмууд нь нийтлэг бөгөөд тухайн гамшиг ослын онцлог байдлаас үл шалтгаалан аврах ажиллагаанд нэгэн ижил, бүгдэд танил, хүлээн зөвшөөрөгдсөн схемийг хэрэглэн орон нутгийн, бүсийн болон улсын хэмжээний аврах чадавхийг маш хурдан хугацаанд дайчлан зохицуулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг.
Эдгээр зарчмууд нь:
Ган, зудын үр дагаварыг арилгах
Хот доторхи болон ой хээрийн түймэртэй тэмцэх
Үйлдвэрийн ослын үед аврах ажиллагаа явуулах
Хүчтэй салхи шуурганы дараа тусламж үзүүлэх
зэрэгт ICS-ийг хэрэглэх боломжийг олгоно.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын зүүн хойд нутгийг хамарсан хүчтэй цасан шуурга болох үеэр энэхүү системийг хэрэглэсэн байх боломжтойш та бүхэн мэдээгээр харсан байу магадгүй.
Нэгэнт хэрэгжээд эхэлсэн тохиолдолд ICS нь удирдлага зохицуулалт, харилцаа холбоог улам бэхжүүлж, стратегийн нөөцийн хуваарилалтыг нэмэгдүүлж, аврах ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулж, улмаар хүний амь аврах чадавхийг өсгөдөг.
Гэхдээ ICS-ийг амжилттай болгохын тулд засгийн газрын бүхий л түвшинд хэрэгжүүлж, оролцогч бүх талууд маш сайн ойлголттой болсон байх хэрэгтэй. Гамшиг осол бол юуны түрүүнд мөн чанар, үр нөлөөгөөрөө орон нутгийн чанартай байдаг болохоор тухайн орон нутгийнхны оролцоо нэн чухал байдгийг та бүхэн мэднэ. Тийм учраас өнөөдөр энд Монгол Улсын бүх аймгуудаас төлөөлөл байгааг харахад сайхан байна.
ICS-ийг хэрэгжүүлж, мэргэшсэн аврагч нартай болоход цаг хугацаа орно гэдгийг бид мэдэж байгаа. Үр ашигтай байхын тулд Монголын онцлог хэрэгцээ, нөөц бололцоонд тохируулан ICS-ийг өөрчилж, Монгол ICS-ийг бий болгохоор бид хамтран ажиллах ёстой.
ICS-ийн амжилттай хэрэгжилт нь тууштай хандлагыг шаардах бөгөөд Монгол Улс холбогдох хууль тогтоомжиндоо гамшгийн менежментийн талаар ICS-ийн нэр томъёо, үг хэллэгийг оруулан хэрэглэснээр үүнд тууштай хандаж буйгаа харуулсан.
Өнөөдөр энд цугласан та бүхний оролцоо ч гамшиг ослын үед тусламж үзүүлэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд хувь хүнийхээ зүгээс тууштай хандаж байгааг тань харуулж байна.
Өнөөдөр би та бүхэнтэй энд хамт байж, АНУ-ын Засгийн газар гамшиг ослын үед тусламж үзүүлэх системийг нь илүү бат бэх болгохын төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгааг батлан хэлэхэд таатай байна.
Сургалтанд оролцож байгаа та бүхэнд баярлалаа, үг хэлэх боломж олгосонд баярлалаа.