Доктор Ганбат, ССХ-ийн судлаачид та бүхэн намайг урьж, АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын талаар ярилцах боломж олгосонд их баярлалаа.
Мэргэжил нэгт зарим элчин сайд нар мөн танай урилгыг хүлээн авч энд ирснийг би сонссон, тэр эрхмүүдийн халааг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.
Монголд ирээд удаагүй байхдаа Доктор Ганбат болон ССХ-ийн зарим судлаач нартай уулзаж танилцахад таатай байлаа.
Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үүрэг хүлээдэг та бүхний ажлыг би өндрөөр үнэлдэг бөгөөд АНУ-Монгол Улсын хооронд аль хэдийн тогтсон бат бэх харилцаа улам бүр цэцэглэн хөгжих болно гэдгийг элчин сайдын хувиар батлан хэлмээр байна.
Өнөөдөр энд хэлэх үгээ би АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн Монголд хамаатай хэсэгт голчлон хандуулахыг хүсч байна.
Асуулт хариултын хэсэгт энэ талаар илүү гүнзгийрүүлэн ярилцах, эсвэл та бүхний сонирхсон өөр асуудлуудаар ярилцаж болно.
2010 онд эхэлж, өнөөдөр 2016 онд ч эрч хүчтэй хэвээр байгаа АНУ-ын Ази руу чиглэсэн дахин тэнцвэржүүлэх бодлогын талаар би яриагаа эхэлвэл та бүхэн гайхахгүй байх.
Ази, Номхон далайн бүс рүү чиглэсэн Ерөнхийлөгч Обамагийн бодлого нь уг бүс нутаг АНУ-ын хувьд нэн чухал ач холбогдолтой, тийм учраас бидний нөөц бололцоо бидний ашиг сонирхолтой нийцэх ёстой гэсэн санаан дээр тулгуурласан.
Ази, Номхон далайн бүс рүү чиглэсэн АНУ-ын дахин тэнцвэржүүлэх бодлого бол тухайн бүс нутагт хүлээх үүргээ АНУ эргэн харж, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал нь энэхүү бүс нутгийнхтай салшгүй холбоотой байдаг, Номхон далайн улс үндэстний хувьд урт хугацааны турш явуулж ирсэн идэвхтэй үйл ажиллагаан дээрээ тулгуурлаж байгаа юм.
Эдийн засаг, дипломат, цэргийн бодлогын хувьд ч бид Номхон далайд суурьшмал хүчин байсаар ирсэн, байсаар байгаа, байх ч болно.
Дэлхийн хүн амын бараг тал, дотоодын нийт бүтээгдхүүний гуравны нэг, дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армиудын зарим хэсэг нь энд байгаа болохоор Ази, Номхон далайн бүс улам бүр дэлхийн улс төр, эдийн засгийн татах хүчний төв болж байна.
Тус бүсийн эрчтэй хөдөлгөөн АНУ-д онцгой боломжууд төдийгүй сорилтуудыг бий болгож байдаг учраас Ерөнхийлөгч Обама энэхүү бүс нутагтай харилцах бодлогоо эхнээс нь чухалчлан тавьсан билээ.
Бид дипломат ажиллагаа, түүний дотор олон нийтийн дипломат ажил үйл, цэргийн болон гадаад тусламжийнхаа ихээхэн хэсгийг Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлж, эдийн засгийн өсөлт хөгжил, эрчим хүчний хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа, залуучууд, боловсролыг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Дахин тэнцвэржүүлэх бодлогын гол бүрэлдхүүн хэсгүүд бол холбоотнуудтайгаа харилцаа хэлхээгээ улам бэхжүүлж, зөрчилдөөнийг намжаах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, хөгжиж буй улс орон, түншүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлэх, илүү үр дүнтэй бүс нутгийн бүтцийг дэмжих, хүний эрх, ардчиллыг хөхиүлэн дэмжих зэрэг асуудал юм.
Эдгээр салбар тус бүрээр сүүлийн үед гарч байгаа ахиц дэвшлийн талаар жишээ татаж, энэ нь Монгол Улстай харилцах бидний харилцаатай яаж уялдаж байгаа талаар бодож байгаагаа хэлье.
Нэгдүгээрт, Монгол Улс бол АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг хамтын үнэт зүйлс дээр тулгуурлсан түншлэлийн харилцаагаа өндрөөр үнэлдэг.
Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар аюулгүй байдлыг, бусад хөгжиж буй ардчилсан орнуудад зөвлөх замаар ардчиллыг түгээн дэлгэрүүлэх чадвараа батлан харуулсан бөгөөд уг бүс нутгийн дотор төдийгүй гадна ч Монгол Улсын эерэг оролцоог дэмжсээр байх нь АНУ-ын урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ.
Дахин тэнцвэржүүлэх бодлогын хүрээнд бид Япон, БНСУ, Австрали, Филиппин, Тайландтай холбоотны харилцаагаа улам бэхжүүлж ирсэн.
Саяхан болж өнгөрсөн АНУ-Австрали-Японы 3 талт яриа хэлэлцээр бидний аюулгүй байдал, цэрэг, улс төрийн холбоо Номхон далайг дамнасан шинж чанартай байгааг онцлон тэмдэглэсэн.
Энэхүү уулзалтаар тохиролцсон зүйлүүдийн дотор шинэ чадавхийг бий болгож буй Монголын зэвсэгт хүчнийг хамтран дэмжих асуудал байна.
Бид мөн тус бүс нутаг даяар худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна.
Үүний хамгийн тод жишээ бол энэ сард Номхон далай дамнасан түншлэл (НДДТ)-ийн гэрээнд гарын үсэг зурсан нь Америкийн бизнесүүд болон ажилчдад тоглоомын адил тэгш дүрэм үйлчлэхээр байлгаж, манай ашиг сонирхолд нэн чухал бүс нутагт АНУ-ын манлайллыг дахин баталсан явдал боллоо.
НДДТ-ийн гэрээ бол стратегийн хэлэлцээр бөгөөд Ерөнхийлөгч Обамагийн дахин тэнцвэржүүлэх бодлогын эдийн засгийн тулгуур, “титэм дээрх эрдэнийн чулуу” нь юм.
НДДТ нь Номхон далайн бүсийн орны хувиар АНУ-ын тогтвортой оролцоо нь нээлттэй, цэцэглэн хөгжиж буй, хууль журамд тулгуурласан бүсийг бүтээн байгуулж байгааг ихээхэн үнэмшилтэй батлан харуулж байна.
Элчин сайдын хувиар би АНУ-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудлыг нэн тэргүүний зорилтуудынхаа нэг болгон тавьж байгаа.
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг энэ онд эцэслэн хэрэгжүүлж, Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчдийн бүрэлдхүүнийг Монголд авчрахыг зорьж байна.
Хөгжиж буй томоохон орнууд, түншүүдтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд бид Хятад, Индонези, Энэтхэгтэй урьд өмнө байгаагүйгээр ойр нягт хамтран, хууль журамд суурилсан бүсийн болон дэлхийн дэг жаягийг бий болгохоор ажиллаж байна.
Хамтын асуудлуудаа шийдвэрлэхэд Вьетнам, Номхон далайн арлууд болон бүсийн бусад орнуудтай түншлэлээ бэхжүүлэхийн зэрэгцээ АНУ-Хятадын нарийн төвөгтэй бөгөөд нэн чухал харилцааг үр дүнтэй зохицуулах нь манай стратегийн гол тулгуур байсаар ирсэн.
Ази, Номхон далайн бүсийн энх тайван, аюулгүй байдалд учирч байгаа гол бэрхшээл бол Хойд Солонгос, тэдний өдөөн хатгалгын шинжтэй туршилт, пуужин харвалт юм.
Зохистой арга хэмжээг авахын тулд АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон 6 талт хэлэлцээрийн хүрээнд түншүүдтэйгээ хамтран ажиллах болно.
Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх хурцадмал байдлыг намжааж, зөрчилдөөнт асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд шаардагдах орон зайг хадгалах нь тус бүс нутаг дахь АНУ-ын нэн тэргүүний зорилтуудын нэг юм.
Навигаци болон нислэгийн эрх чөлөөг тууштай байлгаж, цэрэг зэвсгээ багасган, цэрэг зэвсэггүй бүс болох нь бүх талуудад ашигтай гэдэгт бид итгэдэг.
Монгол Улс бол миний дээр хэлсэнчлэн эдийн засгийн хувьд ч, ардчиллын замаар тууштай замнахад нь Монголыг дэмжих утгаараа улс төрийн хувьд ч, мөн Монголын зэвсэгт хүчний энхийг дэмжих чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар цэрэг зэвсгийн хувьд ч бид харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байгаа тухайн бүс нутаг дахь түншүүдийн маань нэг билээ.
Бүс нутгийн илүү үр дүнтэй бүтэц загварыг бид дэмжиж байгаагийн тод жишээ бол Ерөнхийлөгч Обама өнгөрсөн сард Калифорниад АНУ-АSEAN-ы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан явдал юм.
Мөн энэ оны 5-р сард Ерөнхийлөгч Обама Японд Их долоогийн уулзалт, 9-р сард Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцохоор Лаост очих гэж байгаа нь АНУ энэ бүс нутгийн идэвхтэй оролцогч байгаагийн бас нэг нотолгоо болж байна. Тэрээр Лаост айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болох юм.
ASEAN зөвхөн дэлхийн арилжааны ачаа тээвэрлэлтийн талаас илүү хувийг эзэлдэг чухал замуудыг эзэмшдгээрээ ч биш, ер нь Зүүн өмнөд Ази эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчин болж байгаагаараа АНУ-ын хувьд ач холбогдолтой юм.
Том, жижгээс үл хамааран бүх орнуудын эрх ашгийг хамгаалдаг, тогтвортой, эв түнжинтэй тийм олон улсын дүрэм журмын тогтолцоог бий болгохоор бид чармайж байгаа учраас ASEAN бидэнд ихээхэн хамаатай юм.
Монгол Улс дэлхий даяар энхийг дэмжих хүчин чармайлт гаргаж, шинэ тутам ардчилсан орнуудад зөвлөж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг болон олон улсын бусад тавцанд манлайлан оролцсоноор Ази, Номхон далайн бүс нутаг даяар энх тайван, хөгжил цэцэглэлтийг түгээх, бидний хамтын үнэт зүйлсийг дэмжих, хамгаалахад нэн чухал үүрэг гүйцэтгэж байна.
Олон талт бүтцүүдийг дэмжих бидний бодлого бүс нутгийн түншүүд болон олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоогоо нэмэгдүүлэхийг эрмэлздэг Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой тохирдог.
Энэ нь манай дахин тэнцвэржүүлэх бодлогын эцсийн зорилго буюу сайн засаглал, хүний эрх, ардчилсан эрх чөлөөг урагш нь ахиулахад бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах явдал юм.
Ардчилсан орны хувьд Монгол Улс бол Азид баримтлах АНУ-ын стратегийн чухал түнш юм.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2017 оны сонгуульд бид Монгол Улсыг дэмжсэн бөгөөд хүний эрх, ардчилсан эрх чөлөөг баталгаажуулах хамтын зорилгодоо хүрэхээр энэхүү чухал бүтцийн хүрээнд нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Энэ зун Монгол Улс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулснаар олон улсын хамтын нийгэмлэгт тууштай ханддагаа дахин батлан харуулах юм.
АНУ хэдийгээр энэ арга хэмжээнд оролцохгүй ч АСЕМ-ын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах хүмүүсийг Ази, Номхон далайн Аюулгүй байдлын судалгааны төв дээр сургалтанд оролцуулах замаар хувь нэмрээ оруулахдаа таатай байх болно.
Ази, Номхон далайн бүс даяар олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилтоо хангахын тулд өнгөрсөн жил хамгийн том хэмжээнд буюу 24 орон оролцсон Хаан Куэст энхийг дэмжих ажиллагааны сургуулилт энэ хавар ч мөн үр дүнтэй болно гэдэгт итгэж байна.
Саяхан миний бие Тавантолгой дахь сургалтын төвд очиж, Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны санаачлага болон Монголын зэвсэгт хүчний хамтын хүчин чармайлтын үр дүнд тус төв НАТО-гийн энхийг дэмжих ажиллагааны сургалт явуулах бүрэн хүчин чадалтай болсныг тэмдэглэх ёслолд оролцсондоо таатай байна.
Аюулгүй байдалтай холбоотой АНУ-ын Монгол дахь цаашдын хүчин чармайлт нь жил бүр монголчуудыг АНУ-д явуулж, эсвэл Америкаас багууд авчрах замаар ложистик, хүйтний нөхцөлд явуулах ажиллагаа, бэлтгэл офицерын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр мэргэжилтэн солилцох зэргээр батлан хамгаалах салбарыг мэргэшүүлэхэд чиглэнэ.
Бүс нутгийн хэмжээнд иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх нь дахин тэнцвэржүүлэх бодлогын бүх зорилтыг дэмжиж байгаа юм.
Бид энэ жил Монголд Энхтайвны корпус ажиллаж эхэлсний 25 жилийн ойг тэмдэглэж байгаадаа бахархалтай байна.
Улс даяар аймаг бүрт нийт 150 сайн дурын ажилтнууд англи хэл зааж, залуучууд, нийгмийн эрүүл мэндийн нэн чухал зангилаа асуудлуудаар олон нийттэй ажиллаж байна.
Танай зарим залуу судлаач нар мэдэж байгаа байх, би Монголын шинэ үеийн залуу лидерүүдэд хандсан хөтөлбөрийг санаачилж, тэднийг юу хөтөлж хөдөлгөж байгааг ойлгож, Монгол Улсын эрх чөлөөт, ардчилсан ирээдүйн төлөө байнга тууштай байх үзлийг тэдэнд төлөвшүүлэхийг зорьж байгаа юм.
Тийм болохоор манай дахин тэнцвэржүүлэх бодлого эрч хүчтэй хэвээр байгаа бөгөөд Монгол Улс ардчилал, эрх чөлөөний хамтын үнэт зүйлс дээр тулгуурлан дүрэм журамд суурилсан дэлхийн дэг жаягийг хөхиүлэн дэмжих тал дээр бидэнтэй хамтран ажиллласнаар чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь ойлгомжтой байгаа байх гэж би найдаж байна.
Сүүлийн үед гадаад бодлогын талаарх мэдээнд Сири болон Исламын улс бүлэглэлтэй хийж буй тэмцэл давамгайлж байгааг би мэднэ.
Бат бэх холбоотнууд болон түншүүдээрээ дамжуулан бид дахин тэнцвэржүүлэх бодлогыг дэлхийн хэмжээнд тавьж, Ази, Номхон далайн бүсийн голлох тоглогчдыг бүсийн гаднах асуудлууд, тухайлбал, Исламын улс бүлэглэл, хүчирхийлэлт экстремизм, Иран, кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин зэрэг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн асуудлуудад татан оролцуулахаар ажиллаж байна.
Ойрхи Дорнод ба Европт болж байгаа шинэ, хуучин зөрчилдөөнөөс үл хамааран Ази, Номхон далайн ач холбогдол огтхон ч буураагүй байна.
Монгол Улстай харилцах бидний харилцаа стратегийн түншлэл хэвээр үлдэж, Ази, Номхон далай бүсэд баримтлах стратегид маань чухал байр суурь эзэлсээр байна.
За ингээд өнөөдөр та бүхэнтэй уулзаж, ярилцах боломж олгосонд дахин талархал илэрхийлье.
Одоо та бүхэнд асуух зүйл байвал хариулахад таатай байна. Баярлалаа.