Өдрийн мэнд.
Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг, эрхэм зочид төлөөлөгчид, мэргэжил нэгтнүүд ээ,
Өнөөдөр энд та бүхэнтэй хамт байж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон хууль сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийн талаар сонсоход их таатай байна.
Энэ хурал Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөс хэдхэн хоногийн өмнө болж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Энэ жил 105 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэж байна. Эхэн үедээ энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөж, эмэгтэйчүүд сонгуульд оролцох, төрийн албанд ажиллах эрхээ олж авах, ажлын байран дахь ялгаварлан гадуурхах үзлийг устгахыг зорьж байв. Өнөөдөр энэхүү өдрийг ололт амжилтаа эрэгцүүлэн, өөрчлөлтөд уриалж, өөрсдийн орон нутаг, улс орондоо өөрчлөлт хийж чадсан эмэгтэйчүүдээр бахархах өдөр болгон тэмдэглэж байна.
Өнөөдөр энд цугласан бид бүхэн аливаа нийгэм иргэдийнхээ тал хувийн оролцоог хангахгүйгээр боломжоо бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. АНУ нь нийгмийн амьдралын бүхий л салбарт, түүний дотор аюулгүй байдал, зөрчилдөөнөөс сэргийлэх, шийдвэрлэх, энхийг дэмжихэд эмэгтэйчүүдийн тэгш ба бүрэн оролцоог хангахын төлөө байсаар ирсэн, цаашид ч байх болно.Бид эдгээр салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог ихээхэн үнэлдгийн баталгаа бол “Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г баталсан явдал юм. 2011 оны 12-р сараас эхлэн энэ төлөвлөгөө нь дэлхий дахины эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын талаарх НҮБ-ын хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ биелүүлэхэд биднийг хөтлөх стратеги болж байна. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь их энгийн боловч гүн гүнзгий бөгөөд энхийг тогтоох, зөрчилдөөнөөс сэргийлэх бүхий л чиглэлээр эмэгтэйчүүдийг эрх тэгш хамтрагч байлгаж, тэднийг хүчирхийлэл, түүний дотор жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахад оршино.
2015 оны 10-р сард АНУ эмэгтэйчүүдийг энх тайван, аюулгүй байдлын үйл хэрэгт эрх тэгш хамтрагчдын хувиар дэмжихээ дахин баталгаажуулж, хэд хэдэн удаагийн үүрэг амлалтаар 31.3 сая ам.долларын сан бүрдүүлсэн. Энэхүү сангаас дэлхий даяар энх тайвны үйлс, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тэднийг хэрцгий балмад үйлдлээс хамгаалах санал санаачлагуудыг санхүүжүүлэх юм.
Монголд бид хууль сахиулах байгуулагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд эдгээр байгууллагад эмэгтэйчүүдийн олж буй ололт дэвшлийг талархан харж байгаа. Өнөөдөр эдгээр байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин улам нэмэгдэж, удирдах албан тушаалд томилогдох нь улам бүр ихэсч байна. Манай Элчин сайдын яамны нэг монгол эмэгтэй ажилтан өмнө нь Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байхдаа анхны эмэгтэй хурандаа болтлоо дэвшсэн бөгөөд бидний азаар тэтгэвэрт гарсныхаа дараа манайд ажиллаж байгаа. Тахарын албаны нэг ажилтан өнгөрсөн жил манай ЭСЯ болон Тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр Виржиниа мужийн Куонтико хот дахь ТТГ-ын нэр хүндтэй үндэсний академид суралцсан анхны монгол эмэгтэй хууль сахиулагч болсон билээ. Мөн өнгөрсөн жил манай ЭСЯ анх удаа монгол эмэгтэй мөрдөн байцаагч ажилд авсныг харахад надад таатай байлаа.
Энэ оны сүүлээр Ази, Номхон далайн стратеги судалгааны хүрээлэн болон Монголын Стратеги судалгааны хүрээлэнгийн хамтран зохион байгуулах олон талт семинарын хүрээнд эмэгтэйчүүдийг аюулгүй байдлын салбарт оролцуулах боломжуудыг судалж илрүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ арга хэмжээ 9 орны мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулах учраас тэд энх тайван, аюулгүй байдлын үйл хэрэгт эмэгтэйчүүд оролцоход бэрхшээл учруулж байгаа бүтцийн саад тээгийг олж тогтоон, тэдгээрийг арилгах арга замуудыг олж чадах байх хэмээн найдаж байна.
Манай “Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэсний төлөвлөгөө” болон дэлхий даяар эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр АНУ-ын гаргаж буй хүчин чармайлтын дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд туслахаар Монголд хэд хэдэн газартай хамтран ажиллаж байна. Бид Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагад 400,000 ам.доллар өгч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаарх дотоодын болон олон улсын шилдэг туршлагаас хуваалцахаар цагдаа, прокурор, шүүх, хамгаалах байрны ажилтнуудыг сургалтанд хамруулсан. Мөн энэ чиглэлээр асар их ажил хийж байгаа Монголын ТББ болох Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 235,000 ам.долларыг хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байраа бэхжүүлэхэд нь зориулж өгсөн. Эдгээр хөтөлбөрүүд нь гэр бүлийн хүчирхийлэл хэмээх энэ хэцүү асуудлын талаар нийгэм илүү сайн ойлголттой болж, хүчирхийллийн хохирогч болдог эмэгтэйчүүд, хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлтийг авчирна хэмээн найдаж байна.
Харамсалтай нь, оролцоог сайжруулна гэсэн амлалт бүхэн бодит ахиц дэвшилд хүрэхгүй байна. Цагдаа, цэргийн албанд ч, энх тайвны үйл хэрэгт ч, улс төр, төр засагт ч ялгаагүй. Эмэгтэйчүүд, охидыг ганцхан хэмжээсээр ойлгож хүлээн авах үзэгдэл амь бөхтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, охидыг нөлөөлөх чадвар бүхий лидерүүд гэж харахаасаа илүүтэй хохирогч, золиос мэтээр харах хандлага байсаар байна.
Өнөөдөр Монголд ийм олон эмэгтэйчүүд энэ ойлголт буруу болохыг батлан харуулж, ахиц дэвшил гаргах арга замыг эрэлхийлж байгааг харахад маш таатай байна. Ирэх жил эмэгтэйчүүдийн баяраа илүү олон амжилт ололттой тэмдэглэнэ гэсэн үг юм.
Цаашид ч энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулах саад бэрхшээл байсаар л байна. Өнөөдөр энд байгаа бид бүхэн эдгээр бэрхшээлийг даван туулахад эмэгтэйчүүд голлох үүрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Тийм болохоор энэхүү хурлыг зохион байгуулж байгаа Хууль зүйн яаманд болон хуралд оролцогч та бүхэнд өдөр тутам хийж байгаа үйл хэрэгт чинь талархал илэрхийлье.
Баярлалаа.